Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, үр хүүхдүүдээ ялгаварлахгүйгээр тэтгэмж олгохоор болов
Тоглоомын дүрэм тодорхой боллоо
Монгол Улсын хувьд энэ долоо хоног түүхэнд үлдэх үйл явдалтай долоо хоног байлаа. Учир нь, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог сонгов.
УИХ 2019 оноос хойш Үндсэн хуульд гурав дахь удаагаа өөрчлөлт орууллаа. Энэ удаад ганцхан заалт өөрчилж байгаа боловч уг заалт нь өргөн агуулгатай юм.
Үндсэн хуулийн 21.1 дэх заалт дараах байдлаар өөрчлөгдөв.
Өмнөх хувилбар: 21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.
Өөрчлөгдсөн хувилбар: 21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.
Энэхүү өөрчлөлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 66 нь дэмжин баталлаа. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар дэмжихээс татгалзав.
Энэ удаагийн өөрчлөлт нь Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш анх удаа УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмж, мөн анх удаа сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа тусгаж байгаагаараа онцлогтой. Ингэснээр үе үеийн эрх баригчид сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө ашигтай шинэ дүрэм зохиодог шударга бус байдал арилж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай Үүнтэй холбоотойгоор УИХ зэнэ сарын 25-ны дотор сонгуулийн хуулиа батлах юм.
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож, цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхээр болов
Төр засгийн зүгээс энэ долоо хоногт гаргасан бас нэг чухал шийдвэр нь 2023 оны төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх болсон явдал байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төсвийн тодотголын талаар мэдээлэл хийхдээ "Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын цалингийн доод хэмжээг 590 мянган төгрөг байгааг нэг сая болгож, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгохоор төсвийн тодотголын саналд санал оруулсан. Түүнчлэн нийслэл, орон нутаг, яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэгдсэн сүлжээгээр зохицуулж, ижил зэрэглэлд хамаарах төрийн тусгай албан хаагчдын үндсэн цалинг адил болгоно. Төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга, төрийн захиргааны 23.0 мянга, төрийн тусгай 35.0 мянга, төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, төрийн улс төрийн 3.8 мянга, нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ.
Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог.
Ирэх долоодугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325.0 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275 мянган төгрөг болгохоор тооцооллоо.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэхэд 89.3 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой.
Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна. Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэнэ.
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд 496.2 мянган тэтгэвэр авагч хамрагдан 194.4 төгрөг зарцуулна” гэлээ.
Зарим бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа
МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал болж, улсын харцага Ш.Уламбаяр, Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасан нарын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Улсын харцага Ш.Уламбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байна.
Сумын заан М.Баасанг учраа бөхөө мөргөсөн гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг түдгэлзүүлэхээр болжээ.
Харин учраа бөхөө цохисон, дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилсон, өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн гэж үзэн дөрвөн бөхийн барилдах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасахаар болсныг МҮБХ-ноос мэдээллээ.
МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурлаас гаргасан шийдвэр бүрэн эхээрээ:
МҮБХ-ны дүрэмд заасны дагуу тэргүүлэгчдийн хуралдааны ирцийг Хяналтын зөвлөл хянан үзэж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байвал чөлөөлөх,
2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,
2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1.5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.
Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар холбоод даган мөрдөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бүх барилдаанд хариуцлага ногдуулсан хугацаанд бүртгэлд оруулахгүй байх, бүртгэж барилдаанд оруулсан тохиолдолд тухайн барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдийн амжилтыг МҮБХ-ны албан ёсны эрэмбэд оруулахгүй.
Өөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөх хөдөө орон нутагт зохиогдох аливаа барилдаанд оролцвол хариуцлагын хугацааг нэмэгдүүлж тооцох болно.
3.5 магнитудын хүчтгэй газар хөдөллөө
Завхан аймгийн Шилүүстэй сумын төвөөс баруун зүгт 20 километрийн зайд 3.5 магнитудын хүчтгэй газар хөдөллөө. Өнгөрсөн онд нийт 58 266 удаагийн газар хөдлөлт болсноос 3-3.9 магнитудын газар хөдлөлт 112, 4-4.9 магнитудын газар хөдлөлт 19, 5-5.9 магнитудын газар хөдлөлт гурван удаа бүртгэгджээ. 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, түүний давталт хөдлөлтүүд 137 849 удаа болсон нь өмнөх арван жилийн дунджаас долоо дахин их газар хөдлөлт болсон гэсэн үг юм.
Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12 589 удаагийн газар хөдлөлт болсноос 5-5.9 магнитудын газар хөдлөлт нэг удаа, 4-4.9 газар хөдлөлт магнитудын газар хөдлөлт зургаан удаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 61 удаа буюу 3-5.9 магнитудын газар хөдлөлт 68 удаа бүртгэгдсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Хүүхдийн эрхийг хамгаалсан бас зөрчсөн өдрүүд
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улсын 3.4 сая хүн амын 1.3 сая нь хүүхдүүд юм. Бяцхан үрсээ баярлуулах, эрхийг хамгаалах өдөртэй зэрэгцэн эрхийг нь зөрчсөн, амь насанд нь халдсан олон тохиолдол гарлаа. Энэхүү хамарсалтай тохиолдлууд нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг илүү сайжруулах шаардлагатайг анхааруулсаар байна.
Зочин 2023/06/03
"Хүүхдийг ялгаварлах" гэж буруу хэллэг хэрэглэж, популизмаа цайруулах гээд байх юмаа?! Татвар төлөгчдийг мөнгийг төр засаг дээд зэргээр арвилан хэмнэж, хямгадан зарцуулах үүрэгтэй атал эзэнгүй юм чинь гэсэн маягаар хандаж байна шүү!!!
1 0 Хариу бичихЗочин 2023/06/03
1992 оны үндсэн хуулиа өөрчилөөчдэ Энэ үндсэн хуулиар 30 жил явлаа Одоо энэ улс төр эдийн засгаа хар Авилгалаа хар хулгай луйвраа хар Ажилгүйдэлээ хар архидалтаа хар Хүмүүсийнхээ амьдралыг хар Дампуурсан улс болж сөнөх гэж байж хуучин хууль сайн хууль солихгүй гээд байгаа хүмүүс болиочдэ Танарын амьдрал сайхан байж болно Ардын амьдрал аймаар хүнд бна шүү дэЯагаад өөрчлөлтийг эсэргүүцээд бна аа Лав энэ дампуурлаар баян тарган болсон хүмүүс л бахь байдгаараа байх дуртай байдаг юм бишүү
0 0 Хариу бичих