Агшиж буй тархи

Мэдээлэл хүлээн авч боловсруулах чадвараар орчин үеийн ямар ч супер компьютерыг дагуулахааргүй хүчирхэг гэгддэг хүний уураг тархи давжаарч буйг эрдэмтэд дуулгалаа.

АНУ-ын антропологич Жереми ДеСилвагаар ахлуулсан баг эртний болон орчин үеийн хүний гавлын 1000 ясыг харьцуулан судалсны үндсэн дээр хүний тархи 2.1-1.5 сая жилийн өмнө хоёр дахин том байсан бол харьцангуй саяхан 3000 жилийн өмнөөс агшиж эхэлсэнийг тогтоожээ. Алдагдсан хэмжээ нь дунджаар теннисний дөрвөн бөмбөгтэй тэнцэнэ.

Хэрвээ энэ хэвээр багассаар байх юм бол мөдхөн бид Home erectus буюу 500 мянган жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдэстэйгээ адилхан буюу ердөө л 1000 шоо см эзлэхүүнтэй тархитай болно гэсэн үг. Тэгвэл тархины хэмжээ оюун ухаан, танин мэдэхүйн чадварт нөлөөлөх үү гэсэн асуултад эрдэмтэд “толгойгоо маажсан” хэвээр. Технологийн ер бус хөгжлийн эрин үед хүний тархи яагаад жижигрэх болов?

Хувьслын явц

Орчлон ертөнц 4.5 тэрбум жилийн настай гэвэл хүний дээд өвгийн холын төрөл үүстэл 500 сая жил зарцуулсан. Эхэн үеийн төрөл зүйлсийн мэдрэлийн тогтолцоо маш энгийн бүтэцтэй буюу хоол хүнс эрэлхийлэх, үр удмаа үлдээх, өөрийгөө хамгаалах суурь хэрэгцээнүүдийг л зохицуулах чадвартай байлаа. Хүн дүрстэний хөдөлмөрийн чадвар нэмэгдэхийн хэрээр тархи оюун ухаан тэлэх шинэ давхаргаар бүрхэгдсэн. Хэрэв тархийг нээж үзвэл гүнд нь үлэг гүрвэл, шувуу, хэвлээр явагч амьтдад байдаг шиг хуучин тархи буй. Хүний өвөг үүсэхээс хоёр сая жилийн өмнө хүн дүрст сармагчин дөнгөж бие биенийхээ дохио зангаа, биеийн хөдөлгөөнүүдийг гадарлаж сурсан боловч ухамсарт нь богино хугацааны ой санамж л давамгайлах үүрэгтэй оролцдог байжээ. 1–1.3 сая жилийн өмнөх балар эртний хүн буюу хомохабилисын тархины   багтаамж 800–1200 шоо см болсноор хэл яриа үүсэн, гал хэрэглэж эхэлжээ. Харин 200–500 мянган жилийн өмнө эртний хүн дүрст сармагчин ба орчин цагийн хүний шинж хосолж, тархины багтаамж 1200–1400 шоо болон овог аймгийн харилцаа, хэл яриа боловсронгуй болсон гэж үздэг.

Амьд үлдэх, идэш тэжээл олж авахын тулд хүний өвөг төрөлд хурц хараа, холч мэдрэхүй хэрэгтэй байсан бол нийгэм бүрэлдэн тогтож соёл иргэншил дэвжихийн хэрээр бидний танин мэдэх анхдагч хэрэгцээ үгүй болж эхэлсэн. Хүний биед булчин хэр их байна, түүнийгээ удирдахын тулд тэр хэрээр том тархи шаардагддаг. Тэгэхээр хүний тархи багасаж эхэлсний үндсэн шалтгаан дотоод ажиллагаа нь сайжирсантай холбоотой байж болох юм. Нярай хүүхэд гэхэд л 100 тэрбум гаруй мэдрэлийн эстэй төрдөг бол нас нэмэгдэж ухаан тэлэхийн хэрээр эсийн тоо буурна. Учир нь тархи хувь хүний хөгжил, орчноос хамаарч өөрийгөө нарийн тохируулдаг гэдэг нь хэдийн тодорхой болсон зүйл. Харин энэ онолыг үгүйсгэгчид тархин дахь саарал бодис идэгдэж байгаатай холбоотой буюу хэмжээ нь багассанаар хүн илүү тэнэг болж байна гэж үздэг. 

Үнэндээ тархи жижгэрсэн байж болох ч мэдрэлийн эсүүдийнх нь нягтрал нэмэгдэж, илүү хурдан, бүтээлч байдлаар сэтгэдэг болсон тул хүн ирээдүйд хэрэгцээгүй мэдээллээ их хэмжээгээр гадагшлуулах нь улам бүр нэмэгдэнэ. Энэ нь тархины хэмжээ улам жижгэрэхэд хүргэж болзошгүй юм. Яг л компьютерийн санах ой улам авсаархан хэрнээ бүтээлч болоод буй шиг.

Сэтгэн бодох чадвар ба хэмжээ

Биологийн олон төрөл зүйл амьтдын тархи биеийн хэмжээтэй нь харьцуулахад хүнийхээс хамаагүй том ч оюун ухааны чадвар доогуур. Тэгэхээр тархины хэмжээ сэтгэн бодох чадварт нөлөөтэй гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай. Энгийн төрөл зүйлээс жишээ авахад шоргоолжны тархи биеийн хэмжээтэй нь харьцуулахад үлэмж том. Ойролцоогоор нэг шоо миллиметрийн аравны нэг буюу давсны ширхэгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй шавжийн тархинд 250 000 нейрон агуулагддаг. Харин хүний уураг тархи 100 тэрбум мэдрэлийн эстэй.

Жонс Хопкинсийн их сургуульд тархины хувьслыг судалдаг Эми Баланоффын ажиглалтаар эд эсийг нь ургуулж, хадгалахад маш их энерги шаардагддаг тул том тархи цаашид хөгжих боломжгүй. Зарим амьтад цаг хугацааны явцад биеийн хэмжээтэй харьцуулахад том толгойтой болсон мэт харагддаг ч үнэндээ тархины хэмжээ өөрчлөгдөөгүй, харин бие нь л давжаарсан хэрэг. Харин цахилгаан цэнэг ялгаруулдаг нэгэн зүйл цулбуурт загасны тархины бүтэц гэхэд тун өвөрмөц, зарим хэсэг нь үлэмж хэмжээтэй болохыг 2018 онд далайн биологчид олж нээсэн. Тэдний таамаглалаар загасны мэдрэхүйд цахилгаан цэнэгээр дамжин ирж буй мэдээллийг боловсруулахад мөнөөх том тархи тусалдаг байж болох юм. Тэгэхээр амьтны тархийг зүгээр л хэмжээд хэр ухаантай болох талаар хатуу дүгнэлт хийх утгагүй хэрэг болох нь.

Амстердам дахь Vrije Universiteit сургуулийн зан үйлийн генетикч Филипп Коэллингер 13600 хүний тархины хэмжээ болон сэтгэн бодох чадварт судалгаа хийснээр том тархитай байх нь IQ-ийн шалгалтанд илүү оноо авахад ямар  ч нөлөөгүй гэж дүгнэлээ. Хүйсийн харьцаагаар жишээлэхэд эрэгтэй хүн том биетэй учраас тархины хэмжээ нь эмэгтэйчүүдээс 11 хувиар илүү. Гэвч эмэгтэйчүүд зарим танин мэдэхүйн чадвараараа эсрэг хүйстнээ дагуулахгүй шалмаг болохыг тайлбарлахад бэрх аж. Тэгвэл Эдинбургийн их сургуулийн профессор Саймон Коксын дэвшүүлж буй онолоор эмэгтэйчүүдийн тархины бор гадар илүү зузаан байдаг нь жижиг хэмжээгээ нөхөхийн зэрэгцээ сэтгэн бодох чадвараар эсрэг хүйстнээс илүүрхэх давуу тал болдог. Энэ бүхнээс харахад хэмжээ бол тааврын зөвхөн нэг л хэсэг.

Ирээдүйн хүн

Хүний геномийн мэдээллээр сүүлийн 10 мянган жилийн хугацаанд ч хувьсал үргэлжилж буй. Мянган жилийн дараа хүний биеийн бүтэц нэлээд өөрчлөгдөж, гадаад төрхөөрөө одоогийн биднээс эрс ялгаатай болно гэдэгт анатоми судлаачид санал нэгддэг. Ирээдүйн хүний дундаж өндөр 1.83- 2.13 метр болж, хоол боловсруулах тогтолцоо өөрчлөгдсөнөөр илүү богино гэдэс, хэвлийн хэсгээр өөх багатай болох нь. Зажлахгүй шууд залгих хэмжээний хүнс хэрэглэдэг болсноор шүдний тоо цөөрч, амны хэмжээ ч багасна. Нүүрний харьцаанд амны хэмжээг нөхөхийн тулд нүд илүү томорч, нүүр болон нүдний хөдөлгөөн нь харилцааны үндэс болох ажээ. Технологийн дэвшлийн үрээр бодож бясалгах төдийлөн шаардлагагүй болох тул улам бүр агшсан тархи ирээдүйд биднийг хүлээж байж магадгүй л юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)