Б.Ариунаа: Ноолуурын салбарынхныг дэлхийн энтэй сэтгэхийг цаг үе шаардаж байна
Арван найман жилийнхээ түүхэн ойтой золгож буй хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгч үндэсний “Гоёл кашмер” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Ариунаатай ярилцлаа.
-Хөнгөн үйлдвэрийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, үндэсний томоохон аж ахуйн нэгж болсон “Гоёл кашмер” ХХК-ийн түүхэн ой тохиож байна. Чухам хаанаас яаж эхлээд одоо салбарынхаа хаана яваа талаар яриагаа эхэлье гэж бодож байна?
-Манай компани 2005 онд анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. Өдгөө компанийнхаа цоо шинэ түүхэн хуудсыг амжилт бүтээлээр дүүрэн нээж байгаадаа баяртай байна. Өнөөдөр манай компани 200 гаруй ажилтантай, дэлхийн зах зээлд буюу гадаадын 10 гаруй оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлохын зэрэгцээ дотооддоо орон даяар 9 салбар дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэдээ хүрч байна. Компанийн хувьд жилдээ улсын төсөвт нэг тэрбум гаруй төгрөгийн орлого оруулж буй үндэсний бүтээлч, бүтээмж өндөртэй компани.
Гоёл кашмер компани маань ноос, ноолуурын салбартаа анхдагч болж, олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 тогтолцоог нэвтрүүлсний зэрэгцээ олон улсын Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-ийн мөшгих тогтолцоогоор баталгаажсан ноолуураар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч анхдагч компаниудын нэг.
-Ноос, ноолуурын салбарт тэргүүлэгч үндэсний томоохон компанийн хувьд нөгөөтэйгүүр дэлхийд бараа бүтээгдэхүүнээ болон Монголынхоо нэрийг гаргаж, танигдсан компанийн хувьд ямар техник, технологи ашиглладаг вэ?
-Ер нь манай ноос, ноолуурын салбар бусад хөнгөн аж үйлдвэрийн салбаруудтай харьцуулахад сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж чадсан тэргүүлэгч салбар. Өөрөөр хэлбэл инноваци, технологийн шийдлүүдийг манай салбар бусдаасаа илүү ашиглаж яваа гэсэн үг. Манай компани Японы алдарт Shima Seiki, Германы Stoll брэндийн бүрэн автомат сүлжих машин, Италийн Complett брэндийн гар сүлжих машинуудыг ашигладаг. Эдгээр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, томоохон үйлдвэрүүд ашигладаг тоног төхөөрөмжүүд. Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэлт, үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ирсэн. Энэ ажлын хүрээнд жил бүр хөрөнгө оруулалт хийж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд анхаарсны хүчинд манай бүтээгдэхүүний чанар сайжирч, экспортын тоон үзүүлэлтүүд тогтмол өсөлттэй гарч эхэлсэн.
-Уул, уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байх шиг байна вэ?
-Төр засгийн зүгээс жил бүр “Ноолуур хөтөлбөр” буюу түүхий эд материал бэлтгэх санхүүжилтийг бидэнд хөнгөлөлттэй олгож ирсэн. Энэ бодлого бол манай ноолуурын салбар хөгжих том хөшүүрэг юм болов уу гэж ойлгодог. Нөгөөтэйгүүр ноолуурын компаниудын үйл ажиллагааг тогтвортой байлгах ач холбогдолтой. Тиймээс манай салбарын зүгээс энэхүү төр засгийн авч хэрэгжүүлж байгаа зөв бодлогыг үргэлж сайшаан талархдаг. Гэхдээ зарим тодорхой асуудлууд бий юу гэвэл байна. Тухайлбал, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх боломж нээлттэй байгаа ч хугацааны хувьд дэндүү богино байдаг нь бидэнд тодорхой хэмжээний хүндрэлийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөгдөх хугацаа дэндүү богино байна гэсэн үг. Угтаа салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч энэхүү зээлийн хугацааг уртасгах боломжтой гэж бид үздэг. Ноолуурын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаа нь өөрөө 24 сарын хугацаанд бүрэн эргэж, эргэлтийн хөрөнгө нь борлуулалтын орлого болж эхэлдэг. Товчхондоо зээлийн хугацаа нь хамгийн багадаа 24 сар байж, бид авсан зээлийнхээ эргэн төлөлтүүдийг хийх боломжтой эрх зүйн орчин нь бүрдэнэ гэж миний хувьд дүгнэдэг. Нөгөөтэйгүүр манай ноос, ноолуурын салбар улсдаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд манлайлал үзүүлэн яваа гэдгийг бардам хэлж чадна.
-Танай компанийн хувьд улсын төсөвт татвар хэлбэрээр нэг тэрбум төгрөг жилд төлөврүүлдэг гэлээ. Энэ бол улсын эдийн засагт үзүүлж байгаа чамгүй дэм шүү дээ. Тэр утгаараа компанийхаа үйл ажиллагааг энэ хэмжээнд хүргэж чадсан таны арга туршлага юу байна вэ?
-Миний хувьд ажлын гараагаа ноос, ноолуурын салбарын ууган компани болох “Говь” компаниас эхэлж байлаа. Би өөрөө хувцас урлах, бүтээх асар их сонирхолтой. Хувцас гэдгийг хэрэглээ, хэрэгцээ гэхээс илүү урлагийн бүтээл талаас нь илүүтэй ойлгож, энэ мэргэжилдээ дурласан хүн. Тиймээс энэхүү хүсэл сонирхол, мөрөөдлөө бодит болгохыг зорьсон л доо. Улмаар “Говь” компанид найман жилийн турш ажиллах хугацаандаа хуримтлуулсан туршлага, сурч мэдсэн мэдлэг дээрээ тулгуурлаад “Гоёл кашмер”-аа үүсгэн байгуулсан. Анх энэ компанийг байгуулж байхад нэг машинтай, хоёр ажилчинтайгаар үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байсан. Харин өдгөө манай компани хоёр зуу гаруй ажилчинтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөрийг нэвтрүүлж чадсан томоохон аж ахуйн нэгж болсон байна. Гэхдээ энэ хүртэлх бидний зам дардан байгаагүй. Тодорхой хэмжээний даван туулах бэрхшээл сорил янз бүрийн асуудлууд гарч ирж л байсан. Одоо эргээд харахад надтай гар нийлсэн хамт олны хүч хөдөлмөр, бидний шударга явсаны үр дүн юм болов уу гэж боддог. Мэдээж өөрийнхөө гараар урласан бүтээлээ улам чамбайруулж, чаддаг мэддэг бүх зүйлээ тухайн бүтээгдэхүүндээ шингээж чадсанаар амжилт гэдэг зүйл аяндаа хүрээд ирдэг юм билээ. Амжилт ирнэ гэдэг нь хэрэглэгчид маань бидний хийсэн бүтээл таалагдсан байна гэсэн үг. Хэрэглэгчдийн маань сэтгэл ханамж өндөр байх тусам бидний нэр хүнд өсч, бараа бүтээгдэхүүний чанар бренд болж чадсан гэж боддог.
-Таны хувьд “Говь” компаниас ажлынхаа гарааг эхэлж, тэр компаниас сурч мэдсэн зүйлээрээ энэхүү компаниа байгуулсан гэж байна. Харин өдгөө хорин жилийн түүхийн хуудас эргүүлж байгаа компанийн хувьд анхны ажлын гараагаа эхэлж байсан компанитайгаа нэг салбарт өрсөлдөгч нь болоод гараад ирлээ. Мэдээж өрсөлдөөн гэдэг бол зах зээлийг эрүүлжүүлдэг гол зүйл. Тэр утгаараа зах зээлийн эрүүл шударга өрсөлдөөний үр дүнд бүтээгдэхүүний чанар нэмэгдэнэ. Эцсийн үр дүндээ хэрэглэгч энэхүү өрсөлдөөнөөс хождог гэдэг шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Мэдээж таны хэлж байгаа зүйл маш зөв. Миний хувьд ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан “Говь” компанидаа хайртай. Энэ компани бол ноос, ноолуурын салбарын түүчээ болсон үлгэр жишээч, дэлхийд Монголын ноолуурыг таниулсан олон ажилуудыг бүтээж чадсан сайхан компани гэж хүндэлдэг. Өрсөлдөөн гэдэг бол бизнес эрхлэгчид төдийгүй эдийн засаг, зах зээлийг цогцоор нь эрүүлжүүлдэг. Өрсөлдөөн байгаа учраас би байна гэж ойлгодог. Тэгэхээр таны хэлдэгээр өрсөлдөөнөөс хэн хождог вэ гэхээр мэдээж хэрэглэгч л хожино. Тиймээс өрсөлдөөнтэй зах зээл бол хамгийн зөв зах зээл. Тэр утгаараа манай ноос, ноолуурын салбар дотооддоо маш их өрсөлдөөнтэй зах зээл. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа том, жижиг нийлсэн хоёр зуу гаруй аж ахуйн нэгжүүд байна. Яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гуч гаруй компани бий. Эдгээр компаниуд нэгдэн монгол ноолуурын үнэ цэнэ, чанарыг дэлхийн зах зээлд таниулан экспортыг нэмэгдүүлэн улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулан ажиллаж байна. Экспорт хийх боломжтой олон компани байгаа боловч эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дотоодод үйлдвэрлэсэн ээрмэл утасны хүрэлцээ маш хомсдолтой байдаг нь энэ салбарын хөгжлийг асар удаашруулж байна. Монгол улс нийт ноолуурынхаа арав орчим хувийг л ээрмэл утас болгох хүчин чадалтай. Ээрмэл утасны үйлдвэрлэлээ хөгжүүлснээр нэхмэл, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд улам хөгжиж, экспортыг орлох олон бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.
-Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ. Мэдээж малчидаа дэмжсэн тодорхой ажлуудыг хийдэг байх л даа...?
-Манай компанийн хувьд жилд зуун тонн орчим түүхий эдийг хоршоо болон малчдаас худалдаж авдаг. Мэдээж хэрэг малчид болон хоршоодтойгоо олон жил хамтарч ажиллаж байгаа. Мөн манай компани Лондон хотод төвтэй Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (SFA)-ийн гишүүн байгууллага. Энэхүү байгууллага нь ноолуурыг байгаль ээлтэй, мал амьтны тавлаг байдлыг хангасан, малчдад ээлтэй байдлаар бэлтгэн боловсруулах стандарт бүхий мөшгих тогтолцоог хэрэгжүүлдэг бөгөөд бид зөвхөн ТННЭ-ээр баталгаажсан малчид, хоршоодоос ноолуураа бэлтгэдэг. ТННЭ жил бүр орон нутгаар явж малчдад ноолуур бэлтгэх зохистой дадлын талаар сургалт орж, тогтвортой ноолуурын стандартыг мөрдүүлэн ажилладаг. Улмаар дээрх стандартаар бэлтгэгдсэн чанартай ноолуурыг бид илүү өндрөөр үнэлэн худалдан авч, энэ нь эргээд малчдын амжиргаанд эерэгээр нөлөөлж байдаг. Ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх хэрэглэгчид маань тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, ямар технологиор хийсэн, ямар компанийн ямар бренд вэ гэдэг мэдээллийг авахыг хүсдэг. Энэ тал дээр ТННЭ байгууллага зөвхөн манай компанитай гэлтгүй дэлхийн олон томоохон брендүүдтэй хамтран ажиллаж, түүхий эдийнх нь гарал үүслийг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээг авч ажилладаг болохыг онцолъё.
-Ноолууран бүтээгдэхүүн гэдэг өөрөө тансаг хэрэглээ. Тэр утгаараа авч буй хэрэглэгчдээсээ шалтгаалаад энэ нь өөрөө уран бүтээл шахуу болчихлоо л доо. Ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн цаашдын чиг хандлага ч үүнд чиглэгдэж байна. Тэгэхээр дэлхийн хэрэглэгчдийн зүгээс хүсэж байгаа тэрхүү шаардлагатай нийцүүлсэн бүтээгдэхүүн гаргах чиглэлд танай компани ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Манай ноолуурын салбарынхныг дэлхийн энтэй сэтгэхийг цаг үе шаардаж байна. Тэгэхээр манай ноос ноолуурын салбар өнөөдөр бүтээгдэхүүнээ дэлхийн хэрэглэгчдэд улам илүү хүргэхийн тулд тэдний трендийг мэдрэх, сэтгэл ханамжийг нь өндөр байлгах, шинээр үүсэн бий болж буй хэрэгцээг нь бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн ямар газрын хэн гэдэг малчны ямар зүсмийн малаас энэхүү түүхий эдээ авч, үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүн болгосон бэ гэдэг мөшгих тогтолцоог нэвтрүүлж байгаа гэсэн үг. Товчхондоо тухайн бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих тогтолцооны зарчмаар хэрэглэгчдэд хүргэх тэрхүү технологийг үйлдвэртээ нэвтрүүлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ чиглэлдээ бид анхдагчид нь гэдгээрээ үргэлж бахархаж явдаг.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
hi 2023/06/02
Baatarsaihanii esreg ba busad
0 0 Хариу бичих