Олон улсын театрын "Гэгээн муза" наадмыг есдүгээр сард зохион байгуулна
"Гэгээн муза 17" олон улсын театрын наадам 2023 оны есдүгээр сарын 7-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг "Гэгээн муза" наадмын зохион байгуулагч, Ардын жүжигчин С.Сарантуяа мэдээлэл өглөө.
Тэрээр "Гэгээн муза 17" наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадам хэд хэдэн онцлогтой байгаа. Энэ жил Монголд зочлох жил болж байгаа. Түүнчлэн Монголын Үндэсний театрын эх үүсвэрийг тавьсан Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой тохиож байгаа. Тиймээс энэ жилийн наадмаа тус ойн хүрээнд зохион байгуулахаар болсон. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээ хурал зохион байгуулна. Энэ хурлаас маш олон зүйлийг хүлээж байгаа. Гаднын судлаач, эрдэмтдэд монголд нүүдэлчний театрын эх үүсвэр байсан гэдгийг баталж, харуулах зорилготой юм.
Гэгээн муза наадмын хоёр үе шаттай явуулдаг. Уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдийн комисс биечлэн очиж үздэг. Энэ удаагийн нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 60 гаруй уран бүтээл ирсэн. Улмаар дөрвөн үндсэн төрөл дээр уран бүтээлчид өрсөлдөхөөр болсон. Тодруулбал,
- Драмын жүжгийн төрөл
- Хүүхдийн жүжгийн төрөл
- Нэг хүний жүжгийн төрөл
- Хоёр хүний жүжгийн төрөл гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөнө.
Хөгжимт жүжгийн төрөл шүүгчдийн шалгаруулалтын дотоод журмын шаардлага хангаагүй учир энэ удаагийн шалгаруулалтаас хасагдсан.
Энэ удаагийн наадамд гадаадын 22 орны 33 бүтээл ирсэн. Найман бүтээл шалгарсан. Энэ удаад шүүгчдийн бүрэлдэхүүнд гаднаас дөрвөн хүн ажиллахаар болсон" гэв.