Хүүхдүүд хийлдэг тоглоомд даруулж гэмтсэн хэрэгт хариуцлага хүлээсэн хүн одоогоор алга
Баян-Өлгий аймгийн төв талбайд байрлуулсан хийлдэг тоглоом салхинд хийсэж, хийлдэг тоглоом дээр тоглож байсан 15 хүүхэд хүнд, хөнгөн бэртэж, нэг нь эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тавдугаар сарын 27-нд болсон тус үйл явдлаас хойш нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй учир иргэдийн төлөөлөл тэднээс хариуцлага нэхэн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах жагсаал зохион байгуулжээ.
Жагсаал "Бид тогломоор байна. Тоглохыг хүссэн" сэдвийн хүрээнд болсон бөгөөд хэн нэгэн албан тушаалтныг харлуулах бус хүүхэд хамгаалах тогтолцоог сайжруулж, холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэж байгаа аж.
Энэ талаар жагсагчдын төлөөлөл "Энэ асуудлыг дуугүй хараад өнгөрөөж чадахгүй учир хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аймгийнхаа төв талбайд цуглаад, өөрийнхөө дуу хоолойг хүргэж байна. Ядаж л аймгийн удирдлагууд энэ асуудалд анхаарч, ард иргэдээсээ уучлал гуйхыг шаардаж байна. Аймгийн эмнэлэгт байгаа хүүхдүүд дээр эргэж очоосой. Тэр хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд анхаарч, өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна. Аймгийн төв талбайд тоглоом тоглуулахад аймгийн удирдлагууд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Хүүхдүүд унах, бэртэх нь бидэнд хамаагүй гэж хандаж байгаа нь дургүйцэл төрүүлж байгаа юм" гэлээ.
Баян-Өлгийн аймгийн Дербес телевиз энэ асуудлын талаар өмнө нь мэдээлсэн юм. Түүнээс хойш цагдаагийн байгууллага энэ хэргийн шалгалтын явцын талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Энэ талаар Дербес телевизийн сурвалжлагчаас тодруулахад "Тус тоглоомыг ямар ч зөвшөөрөл авахгүйгээр хоёр жил ажиллуулсан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байх хугацаанд шаардлага тавиагүй. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахгүй байгаа асуудал дээр холбогдох алба хаагчид хариуцлагагүй хандсан. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргахад прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө гэсэн хариу өгсөн" гэв.
Тус асуудалтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Д.Есболат ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаараа Дербес телевизээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Гэхдээ тус хэрэг нь хэн нэгэн албан тушаалтан ажлаа өгөөд шийдэгдэх асуудал биш юм. Стандарт, шаардлага хангахгүйгээр үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж ч, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүлэг этгээдэд хяналт шалгалт хийгээгүй төрийн байгууллагынхнаас ч хариуцлага нэхэх асуудал юм.
Зочин 2023/06/03
оросод хийсч үхээд л байсан.
0 0 Хариу бичих