Төрийн түр шийдвэр ба хүүхдийн мөнгө тойрсон “жонхуу”
Өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн. Энэ нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн нэг төрөл гэж үзсэн учир өрхийн орлогод нь үндэслэн, тодорхой хэсэгт нь олгохоор болсонтой холбоотой. Гэвч энэ шийдвэр албажсан цагаасаа л олны бухимдлыг “өрдсөн”. Хүүхдийнхээ мөнгийг хасуулсан иргэд жагсаал, цуглаан хийж, зарим нь танил тал, таван төгрөг сарвайж, хүүхдийнхээ мөнгөтэй залгах болсон юм. Иргэд ийн эсэргүүцсээр байхад ч төрийнхөн төмөр нүүр гаргаж, “Бүх хүүхдэд мөнгө олгох боломжгүй. Төсөв, мөнгө нь суучихсан тул энэ шийдвэрийг эргүүлж, өөрчлөх боломжгүй” гэх байр суурь илэрхийлээд байсан юм.
Сангийн сайд Б.Жавхлан
2022.09.28
Ирэх оны төсөвт нийт хүүхдийн 91 хувьд нь 1.3 их наяд төгрөг төсөвлөж байна. Хүүхдийн мөнгөний хувьд цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих томоохон төсвийн бодлого байсан. Үүнийг цаашид огцом бууруулах боломж байхгүй. Энэ үед өрхийн орлогын түвшинд өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах боломжийг баталгаажуулж байгаа юм. Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь хадгалж барих боломж бүрдэж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь хадгална.
Харин өнгөрөгч мягмар гарагт МАН-ын бүлэг хуралдаж, хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгө олгох нь зүй гэж үзжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нь ч олгохоор болсон байна.
Сангийн сайд Б.Жавхлан
2023.05.30
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ. Өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох чиглэл гарлаа. 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан. Төсвийн алдагдал буурч, валютын нөөц нэмэгдсэн. Өсөлт бий болж байгаа бол өрхийн орлогын төвшинд жигд хуваарилах, экспорт талдаа худалдааны тэнцвэрийг нэмэгдүүлэх тал дээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, сүүлийн хагас жилд онцгой анхаарч ажиллах шаардлага гарна гэсэн үг.
Ердөө хагас сарын хугацаанд төрийн шийдвэр ийн хувирч, түмний цаг зав, тархи, сэтгэлээр хөнгөхөөн “наадав”. “Бүх хүүхдэд мөнгө олгоно. Хасагдсан хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” гэх чимээ чихэнд чимэгтэй ч голдирлоороо байсан процессыг алдуулж, төрийн алба хаагчдад хийгээд иргэдэд шаггүй чирэгдэл учруулсан нь мартах аргагүй үнэн.
Уг нь Монгол Улс олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэм шилжээд хэдийнэ 30 жилийг үджээ. Хүнээр бол төлөвшдөгөө төлөвшөөд, төвхнөдгөө төвхнөх хангалттай хугацаа. Гэвч төрийн жолоо атгаж, түмний өмнөөс бодлого зангидах учиртай түшээд нь өнөө хэр урт хугацааны, тооцоо судалгаатай шийдвэр ч гаргаж дөнгөхгүй байгааг дээрх жишээ бэлхнээ нотолно. Түүнчлэн гаргасан шийдвэрээ олон нийтийн санаа бодолд нийцүүлэн өөрчилдөг, цуцалдаг явдал ч бүр ужиг болсон.
Үүнийг гэрчлэх олон жишээг дурдаж болох ч ганц нэгийг нь сийрүүлье.
Болилоогийн балаг их
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас цөөн хүн азтан болж байна гэх олон нийтийн шүүмжлэлээс үүдэж энэ оны дөрөвдүгээр сарын 18-наас сугалааг зогсоосон. Гэвч тус шийдвэрийн улмаас төлбөрийн баримтын баталгаажуулалт эрс буурсан юм. 2015 онд НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн, урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш баримт баталгаажуулалт 64 хувьтай байдаг байсан бол сугалааг зогсоосон үе буюу энэ оны долоодугаар сард тус үзүүлэлт 50 хувьтай гарчээ. Тэр дундаа бага буюу 10 мянган төгрөг хүртэлх үнийн дүн бүхий НӨАТ-тай баримт баталгаажуулалт 32 хувьд хүрч, 50 орчим хувиар буурсан талаар ТЕГ-аас мэдээлж байв. Иймээс сугалаат урамшууллыг эргэн сэргээсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас системийн шинэчлэл хүртэл хийсэн. Мөн идэвхжүүлэлтийн ажил ч эрчимжиж, цахим сүлжээнд элдэв шторк байршуулах дээрээ тулсан юм.
Төрийн эргэж буцсан, туйлбаргүй шийдвэр эдгээрээр дуусахгүй. Цар тахлын үеэр УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн ширээ бүрийг тусгаарлан шилэн наалт байршуулаад, хоёр хоногийн дараа буцааж буулгасан нь болон ААН-үүдийн цагийн хязгаарлалт, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалт зэрэг олон жишээг энд дурдаж болно. Түүнчлэн 2017 онд Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажлаа эхлүүлсэн байдаг. Гэвч тус хөшөөг барьж эхэлсэн цагаас нь л олон нийт шүүмжилж эхэлсэн бөгөөд эцэстээ оюуны өмчийг “хулгайлсан” болж таарав. Улмаар 2021 онд хоёр тэмбум орчим төгрөгөөр боссон хөшөөг нурааж, шинээр барьсан юм. Уг нь “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэгчлэн аливаад гоомой хандаж, хийсгэлэн загнаж хэрхэвч болохгүй субъект нь төрийнхөн. Учир нь тэдэнд нийгмийг түүчээлэх үүрэг хийгээд эрх нь бий.
Зочин 2023/06/02
Эрх баригчид олигтойхон сэргэлэн чавганцаас ч дор эргэж буцсан шийдвэр гаргадаг болсоор удаж бна даа
2 0 Хариу бичих