“Том”-чуудын хөөрхнүүд
Монголын суу билигт хөгжмийн зохиолчдын хүүхдийн уран бүтээлүүдтэй уншигч таныг уулзуулъя.
Хөгжмийн ертөнцөд алдар гавьяагаа уран бүтээлээрээ сийлсэн эдгээр эрхмүүд багачууддаа ч гэсэн үнэт өв үлдээхээ мартсангүй. Монголын анхны зохиолчтой хүүхдийн дуу нь 1924 онд мэндэлсэн “Хойчийг залгамжлагч багачуудын дуу” буюу “Бүхий олон багачууд аа Бүрхсэн улаан цэцэрлэгтээ Бүрийн шинээр үүссэн Бүжиг наадмаар наадацгаая, бэлхэн ээ...” хэмээх Пионерын дуу юм. Үе үеийн пионерууд дуулсаар ирсэн энэхүү бүтээлийн шүлгийг Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж бичиж, аялгууг Н.Чимэдцэрэн хэмээх “Жанжин” клубийн эрхлэгчээр ажиллаж байсан хүн бүтээжээ.
С.Гончигсумлаагийн “Сүлд модны дуу”, “Есөн сарын нэгэн”
Монголын орчин цагийн хөгжмийн тулгын гурван чулууг тавьсан эрхмүүд бол Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж нар хэмээн үздэг бөгөөд түүхэн энэ үүргийг үе үеийн хөгжмийн зохиолчид мөнхөд дурсдаг. Монголын хамгийн анхны консерваторийн мэргэжил эзэмшсэн С.Гончигсумлаа гуайн анхны бүтээл нь Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Баастын шүлэг “Хургачин” хэмээх 1944 онд зохиогдсон дуу юм. Түүний хувьд хүүхдийн цөөнгүй бүтээлтэй. Хүүхэд багачуудын дуулдаг
“Ногоон зүлэг байна аа гээд
Наадмын ёстой бөх шиг
Хамаагүй чанга унагаавал
Харин би чинь уурлана шүү...” хэмээн шүлэглэдэг Н.Санжмятавын үг “Тэгвэл хоёулаа” бүтээл түүнийх.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн хамт нэгэн сүлд дуу мөнхөлсөн нь шинэ жил бүрээр хамгийн их дуулагддаг, Хөдөлмөрийн баатар Б.Зангадын дуулснаар олны хүртээл болсон “Сүлд модны дуу” юм. Ш.Шажинбатын шүлэг “Алтан навч хийсгэж, аяны шувуудыг нисгэдэг” алдарт “Есөн сарын нэгэн” дуу ч С.Гончигсумлаа гуайнх. Түүний урын санд Б.Содномын шүлэг “Өнчин ишиг”, Г.Дашпунцагийн үг “Ээждээ” хэмээх хүүхдийн уран бүтээлүүд ч бий. Тулгын гурван чулууг тавилцсан гурван эрхмийн нөгөөх нь болох Монгол Улсын ХХ зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж гуайн уран санд ч хүүхдийн дуу бий. Л.Цэнд-Очирын шүлэг “Жимсэн дээр”, Д.Касмаагийн шүлэг “Миний монгол”, “Эх орон магтуу” дөрвөн анги, Л.Давгадоржийн шүлэг “Гурван сайхан” хэмээх бүтээлүүд байдаг.
Эстрад урлагийн Т.Чимэддоржийн “Сайн байна уу”, “Эрх цагаан ишиг”
Монгол Улсад орчин цагийн хөгжим, тэр дундаа эстрад урлаг үүсэж хөгжихөд хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимэддоржийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их. Хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн анх санаачлан байгуулсан “Баянмонгол” чуулга, тус чуулгын үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн Монголын эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 онд Төрийн соёрхол хүртээсэн билээ. Түүний урын санд олны мэддэг, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Том болж дээ миний хүү”, “Энэрэлт сайхан харц”, “Сувилагч тандаа баярлалаа”, “Нас тогтох сайхан”, “Торгон хилийн зүг”, “Ургацын далай” хэмээх бүтээлүүд бий. Түүний хувьд “Улаан бүч” найрал дууны чуулгыг үүсгэн байгуулсан бөгөөд хүүхдийн найрал дууны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний урын санд олон хүүхдийн дуу бий. Жишээлбэл, Ж.Дашдондогийн шүлэг “Сайн байна уу”, Я.Энхээгийн шүлэг “Тоонот гэр найрамдал”, Ш.Шажинбатын шүлэг “Боовон торхтой зайрмаг”, М.Чойжилын шүлэг “Эрх цагаан ишиг”, Ө.Баасанжавын шүлэг “Залгамж үе тэмүүлэл” гурван анги магтуу байдаг.
Хөдөлмөрийн баатрын “Маамуу нааш ир”
Монголын үе үеийн багачуудын “хэлд ордог” сүлд бүтээл болох “Маамуу нааш ир”-ийг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав аялгууг зохиож, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн шүлгийг бүтээсэн юм. Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн “Маамуу нааш ир” шүлэг болон “Хүрэн морь” найраглалд 1963 онд Төрийн шагнал хүртээж байжээ. Өдгөө 67 настай энэхүү бүтээлийг анх дуулсан хүн нь гавьяат жүжигчин хүүхдийн дууны М.Долгор юм. Харин анхны сонсогч нь Д.Лувсаншарав агсны охин, СУИС-ийн хүндэт профессор Л.Халиунсүрэн байжээ. Мөн түүний урын санд Хөдөлмөрийн баатар Б.Баастын шүлэг “Тахианы дэгдээхэй” хэмээх бүтээл бий. “Зулай цагаан алтай”, “Монгол далай” хэмээх зуун дамжин дуулагдсан сор бүтээлүүдийн автор урлагийн гавьяат зүтгэлтэн Чойгивийн Сангидорж 50 гаруй хүүхдэд зориулсан бүтээл туурвиж ард олныхоо хүртээл болгосон юм. Хамгийн их олонд түгсэн нь Хүүхэд бүрийн ээжүүд Хүүхэд бүрдээ сайхан даа Гэлээ ч миний төрсөн ээж Ганцхан наддаа хайртай даа Миний ээж шиг сайхан ээж Манай дэлхийд байхгүй дээ хэмээх монгол хүүхэд бүрийн сайн мэдэх “Хамгийн сайхан ээж” дуу билээ. “Дууны шүлгийн хаан” хэмээгддэг Л.Дагвадоржийн хамт “Унаган хайр”, “Амьдралын анхны хонх” дууг урлан бүтээсэн урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуяг МҮОНРТ-ийн “Боролдойн цаг” нэвтрүүлгийн дуу хөгжмийг хийхээс гадна Д.Отгонсүрэнгийн шүлэг “Манай цэцэрлэг тоо заасан”, Г.Даваасүрэнгийн шүлэг “Бөмбөгөөр тоглох гоёхон доо” харилцаа дууг бүтээжээ. Үүнээс гадна “Эх дэлхий бидний гэр”, “Таван тивийн найзууд”, “Бор шувуу нисээд ирлээ”, “Хурга” хэмээх цөөнгүй хүүхдийн бүтээл түүний урын санд бий.
Б.Шарав, З.Хангал, Ц.Чинзориг ч хүүхдийн дуутай
Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав мөн л хүүхдийн дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүний энэхүү бүтээл нь соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын хамт бүтээсэн “Сургууль минь баяртай” хэмээх бүтээл юм. Б.Шарав, З.Түмэнжаргал нар Багшийн сургууль төгсөөд Нэгдүгээр сургуульд нэг нь хөгжмийн багшаар, нөгөө нь бага ангийн багшаар томилогдон хамт ажиллаж байх үедээ “Сургууль минь баяртай”, “Багш та”...гэх мэт алдарт дуунуудаа зохиосон түүхтэй. Мөн суут хөгжмийн зохиолч
“Сайн өдрөөр зугаалж
Саруулхан гудамжаар явлаа би
Айлын эмээтэй дайралдаж
Ахай ээжий боллоо би
Дүүрэн сүүтэй хувиндаа
Түүртэн ядан гэлдрээд
Хөөрхий эмээ ядран
Хөлс нь бурзайж харагдана...”хэмээх “Айлын эмээ” бүтээлийг Ч.Лхамсүрэнгийн хамт бүтээжээ.
Түүний дотнын анд нөхөд болж, нэгэн цагийг хамтдаа эзэгнэж явсан Төрийн шагналт хөгжмийн зохиолч “Тань руу нүүж явна” алдарт бүтээлийн автор, гоц авьяаст Зундуйн Хангал болон “Илдэн уулын цуурай”, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Ус мөрөн олон чиг”, “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл” бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртсэн Цэдэн-Ишийн Чинзориг ч хүүхдийн бүтээлтэй. Монголын сор болсон олон киноны хөгжмийг бичсэн З.Хангал нь Д.Батсүрэнгийн хамт
Таван тивийн хүүхдүүд
Зургийн хичээл хийж байна
Зургаан настай хүүхдүүдийн
Зургаар хийсэн дуу байна
Зэвсэг зүүсэн онгоцуудыг
Цэнхэр чагтаар дарсан байна
Цэцэг тээсэн хөлгүүдийг
Цэвэр нандин зурсан байна
Хүслийн цэнхэр тэнгэртээ
Хүний дэлхий инээж байна
Хүүхэд бүрийн ширээн дээр
Зураг бүхэн нартай байна хэмээх “Зургийн хичээл” болон “Нарны бүжиг” дууг хамтран бүтээжээ. Мөн Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооровын хамт “Цэцэг юм уу би” дууг бүтээсэн билээ. Монголын ард түмэндээ үргэлж дотноор хайрлагдаж, цэл залуугаараа хорвоогоос одсон урын сандаа 300 гаруй зохиолын дуу, найрал дуу, цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвисан Цэдэн-Ишийн Чинзориг нь Д.Мандахсангийн шүлэг “Хонхот хүүхэлдэй”, С.Оюуны шүлэг “Туулай хаана унтдаг вэ”, Д.Содномдоржийг шүлэг “Учран золгохын ерөөл”, Ж.Шагдарын шүлэг “Өглөөний дуудлага” дууг бүтээжээ. Төгсөгч бүрийн нулимстай дуулдаг, хонхны баярын сүлд дуу гэж болохуйц “Учран золгохын ерөөл” бүтээл нь түүний дууны урлагийн анхны бүтээл болохыг ч энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Энэ мэт дурсаад, дурдаад байвал дуусашгүй олон сайхан хүүхдийн бүтээлийг симфони найрал, удиртгал, дуурь, бүжгэн жүжиг, киноны хөгжим, дуугаараа өөрсдийнхөө нэрийг мөнхөд сийлсэн эрхмүүд урлан бүтээжээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл