Н.Сугар: Хүүхдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хэрхэн хяналт тавих талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
НЦУГ-ын Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа "Олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр хүүхэд төөрөх тохиолдол их гардаг. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ анхаарал тавьж байх нь зүйтэй. Хэрэв арга хэмжээний үеэр хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг зөвлөж байна" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар " Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хүүхэд хамгааллын баг ажиллуулна. Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллах бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10.000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө" гэв.