Д.Амарбаясгалан: Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихаар боллоо
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "2023 оны улсын төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 2020 онд эдийн засаг -4.6 хувь хүрч уналтад ороод байсан. Энэ нь 1992 оноос хойш анх удаа болсон үзэгдэл байлаа. Харин тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2022 онд 4.8 хувь болж, эдийн засаг өссөн. 2022 оны намар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж, гадаад өрийн дарамт тулгамдсан. Иймд валютын нөөц нэмэгдүүлэх, экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үр дүнд нь 2023 оны нэгдүгээр улирлын төсвийн орлого давж биелсэн.
Энэ оны эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт. Мөн үүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болсон. Иймд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамжийн хэсэгт багтаж буй иргэдэд өгөх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Энэ оны нэгдүгээр улиралд экспортолсон нүүрсний хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин өсөж экспортын орлого нэмэгдсэн нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж бүрдлээ" гэв.