Халаасны мөнгө ба санхүүгийн боловсрол

Хөгжингүй орнуудын туршлага болоод судалгаанаас харахад хүүхдэд бага наснаас нь эхлэн санхүүгийн боловсрол олгох хамгийн энгийн арга бол “халаасны мөнгө” өгч, мөнгөтэй шууд харьцуулах явдал. 

Нэг үгээр хэлбэл хүүхдийг хувийн өмч гэдэг зүйлийн талаарх ойлголттой болгоод зогсохгүй, түүнийгээ хэрхэн зөв зохистой захиран зарцуулах аргад суралцуулна гэсэн үг юм. “Экспериан” судалгааны байгууллагаас мэдээлснээр эцэг, эхчүүдийн 75 хувь нь хүүхдэдээ анх 5-7 насанд нь халаасны мөнгө  өгч эхэлдэг байна. Мэдээж өрхийн орлого, өөр бас бус хүчин зүйлээс хамаараад мөнгөний хэмжээ харилцан адилгүй байх боломжтой. Гэхдээ энэ нь заавал амьдралын боломжтой, санхүүгийн чадамжтай хэн нэгний хүүхдийнхээ төлөө хийх зүйл гэж ойлгож болохгүй. Учир нь эцэг, эхчүүд долоо хоногт ядаж л 1-2 удаа хүүхдэдээ амттан болоод өөр жижиг сажиг зүйл худалдаж авч өгдөг. Тэгвэл энгийнээр тайлбарлавал энэ авч өгч байгаа зүйлийнхээ мөнгийг хүүхдийнхээ мэдэлд шилжүүлж, тэднээр өөрөөр нь сонголт хийлгэхэд л хангалттай. Хувийн өмч гэдэг зүйлийн талаар ойлголттой болсон хүүхэд аливаад хариуцлагатай хандаж, сурдаг. 

Баянгол дүүргийн III хорооны оршин суугч Д.Баянжаргал

Манай гэр бүлийн тухайд хүүдээ сар бүр тогтмол халаасны мөнгө өгөх хэвшил тогтсоор удаж байна. Бага ангид байхад нь халаасны мөнгө гэхээс илүү зайлшгүй хэрэгцээ шаардлагыг нь л хангахыг хичээдэг байсан. Харин дунд ангид орсон цагаас нь эхлэн сар бүр тогтмол халаасны мөнгө өгдөг болсон. Гэхдээ гэрийн ажилд туслуулах байдлаар урамшуулал болгож өгдөг. Эндээс хүүгээ ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ухамсарлахаас гадна мөнгөтэй харьцахын ач холбогдлыг олж хараасай гэж хүсдэг. Миний анзаарснаар хүү маань халаасны мөнгө авдаг болсноосоо хойш тодорхой хэсгийг нь хэрэглээндээ зарцуулж, үлдсэнг нь хадгалах болсон. Саяхан хадгалсан халаасны мөнгөөрөө өөрийн сонирхож байсан пүүзээ авсан байна лээ. Тэгэхээр хүүхдэд нэхсэн мөнгийг нь санаан зоргоор өгөхөөс илүү сар бүр тогтмол халаасны мөнгө өгөх нь их зүйтэй санагддаг. 

Нийслэлийн 73 дугаар сургуулийн 8е ангийн сурагч Г.Тэнгис

Аав ээж хоёр надад сар бүр олгодог хүүхдийн мөнгийг маань халаасны мөнгө болгож өгдөг. Халаасны мөнгө авч эхлэхэд цаанаасаа яагаад ч юм их гоё санагдаж байсан. Өөрийн гэсэн өмчтэй болчихсон мэт. Тийм учраас би энэ мөнгийг зөв зарцуулах хэрэгтэй гэсэн бодол төрсөн. Өмнө нь аав ээж хоёроос увуу цувуу хэрэглээний мөнгө авахдаа үнэ цэнийг мэддэггүй байсан байна лээ. Харин одоо зайлшгүй хэрэглээндээ зарцуулахаас бусдаар бол мөнгөө хадгалж байгаа. Удахгүй хуримтлуулсан мөнгөөрөө англи хэлний сургалтад суухаар төлөвлөсөн.

Бусад улс оронд

Хэдэн наснаас нь эхлэн халаасны мөнгө өгч эхлэх, хэдий хэр хэмжээтэй байх нь эцэг эхчүүдийн өөрсдийнх нь шийдэх асуудал. Гэхдээ хүүхэд өсөж томрох тусам хэрэглээнд нь өөрчлөлт ордог учраас мөнгөний хэмжээ хүртэл дагаад нэмэгдэх тохиолдол бий. Тухайлбал, Японд 2021 онд хийсэн судалгаагаар их дээд сургуульд суралцагчид сар бүр дунджаар 22.5 мянган иений халаасны мөнгө авдаг бол ахлах ангийн сурагчдын дийлэнх нь буюу 59 орчим хувь нь эцэг, эхээсээ тогтмол 8000 иен авдаг байна. Энэ нь монгол мөнгөөр авч үзвэл оюутнууд сард дунджаар 575 100, ахлах ангийн сурагчид 204 480 төгрөгийн халаасны мөнгө авдаг гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн жил Их Британичуудын дунд хийсэн судалгаагаар эцэг, эхчүүд долоо хоногт дунджаар хүүхдэдээ 4.99 фунт стерлинг халаасны мөнгө өгдөг гэжээ.

Харин Америкийн ихэнх эцэг, эхчүүд хүүхдэдээ халаасны мөнгийг нь нэг долоо хоногоор эсвэл нэг сараар өгч, үүнийгээ жил бүр 50 цент, нэг доллароор нэмэгдүүлдэг байна. Австрали, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд тэргүүтэй улс орнуудад сард дунджаар 53.80 ам.доллар буюу 186363.2 төгрөгийн халаасны мөнгө хүүхдэдээ тогтмол олгодог. Халаасны мөнгө тогтмол авдаг хүүхдүүд мөнгөнийхөө тодорхой хувийг хэрэглээндээ зарцуулж, үлдсэн хэсгийг нь хуримтлуулах сонирхолтой байдаг. Товчхондоо хуримтлуулсан мөнгөөрөө зайлшгүй шаардлагатай юм уу аль эсвэл хүсэж байсан зүйлээ авах нь тэдний хувьд чухал аж.

Халаасны мөнгөтэй байх нь

Хүүхдэд халаасны мөнгө өгөх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, хүүхэд өөрийн мөнгөө зөв зарцуулснаар сахилга баттай байх, төлөвлөх зэрэг ур чадварт мөнгөний хэрэглээнд тулгуурлан суралцдаг. Ялангуяа мөнгөний үнэ цэн, менежментийн талаарх ойлголт, төсөөлөл нь нэмэгдэж, нөгөө талаас мөнгөө зайлшгүй шаардлагатай хэрэглээндээ зарцуулж сурдаг. Хамгийн чухал нь хадгалах, хэмнэх горимд шилждэг байна. Хэрэгцээгүй жижиг сажиг зүйл худалдаж авахаас илүүтэй, хадгалж байгаад хэрэгтэй зүйлдээ зарцуулах сэтгэлгээнд суралцдаг аж.

Сэтгэл зүйч Г.Хулан

Хүүхдэд 5-6 наснаас эхлэн халаасны мөнгө өгч болно. Ингэснээр хүүхэд мөнгөтэй харилцаж сурдаг. Өөрт нь хуримтлал үүсвэл тэр дор нь үрэх шаардлагагүй гэдгийг ойлгодог болно. Түүнчлэн хүүхэд өөрийнхөө хүслийг биелүүлэх боломжтой. Өөрийн хүсэл дундаас юу чухал, зайлшгүй шаардлагатай зүйл нь юу вэ гэдгийг ухамсарладаг болно. Тухайн хүслийг биелүүлэхийн тулд зорилго тавьж, түүнийхээ төлөө хичээж эхэлнэ. Мөн аливаа асуудалд хүлээцтэй хандаж сурахаас гадна эцэг, эхээсээ ийм тийм зүйл авъя гэж шалахаа больдог. Яагаад гэвэл өөрт нь мөнгө байгаа учраас өөрийнхөө мөнгийг цуглуулаад тухайн зүйлээ авах боломжтой гэдгийг ухамсарладаг.

Гэхдээ зүгээр ч нэг халаасны мөнгө өгөөд зөнд нь орхи гэсэн үг бас биш. Насны онцлогоос хамаарч, хүүхдийн мөнгөнд хандах хандлага харилцан адилгүй. Ерөнхийдөө 7-17 насандаа хүүхэд санхүүгийн боловсролд илүүтэй суралцдаг бөгөөд эцэг эх, эргэн тойрныхоо хэн нэгний өгсөн халаасны мөнгийг хэрхэн зарцуулах санхүүгийн харилцааг эхлүүлдэг. Тийм ч учраас халаасны мөнгөтэй байхын давуу тал, энэ мөнгийг юунд зарцуулах боломжтой талаар хүүхэдтэйгээ ярилцах нь чухал. Эцэг, эхчүүдийн 46 хувь нь хүүхэдтэйгээ мөнгө, санхүүгийн талаар нээлттэй ярилцдаг бол үлдсэн хувь нь тэр болгон ярилцдаггүй аж. Нөгөө талаас Европын улс орнуудад тэр дундаа Австри улсын арван хүн тутмын ес нь мөнгө болон санхүүгийн боловсролд эрт суралцаж эхлэх нь зүйтэй гэж үздэг. Тэр ч утгаараа мөнгөний менежментэд ач холбогдол өгч, хүүхэдтэйгээ энэ сэдвээр нээлттэй ярилцдаг байна. 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)