ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгоно
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад сурсан хүмүүсийн асуудал олны анхаарлыг татаж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурсан бүх хүмүүсийн мэдээллийг ил болгохыг шаардаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгохоор болсон юм. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр 10.30 цагаас мэдээлэл хийж эдгээр хүмүүсийн нэрсийг ил болгохоор төлөвлөжээ. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт “Манай салбарт харьяалагддаг зам тээвэр, иргэний нисэхийн боловсон хүчнээ тодорхой хэмжээгээр бэлтгэдэг. Энэ бол Монгол Улсын зам тээврийн салбарт зайлшгүй бэлдэх ёстой ажил. Илүү онцлогтой салбар учраас залгамж халаагаа тасралтгүй бэлдэх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой гэрээ хийж боловсон хүчнээ гадаадын их, дээд сургуульд бэлдэх асуудал үеийн үед хийж ирсэн юм байна лээ.
ИНЕГ 2005-2022 онд 28 сая ам.долларын сургалтын тэтгэлгийг нийт 375 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор олгосон. Энд мэргэжилтэй албан хаагч болон тэдний хамааралтай хүмүүс багтсан байгаа юм байна лээ. Эндээс дийлэнх нь салбартаа ажиллаж байна. Онгоцны нисгэгч, нислэгийн удирдлагч, техник, засварын мэргэжилтэн зэргээр ажиллаж байна. Гэхдээ тэдэн дунд ашиг сонирхлын зөрчил, албан тушаал нөлөө, сонирхлын байдлаа ашигласан хүмүүс байж болзошгүй байна. Тиймээс ИНЕГ-ыг зардлаар сурсан хүмүүсийн нэрийг баасан гаригт танилцуулъя. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, салбартаа ажиллаж байгаа хүмүүсийг буруутгах шалтгаан байхгүй. Харин сурчихаад ажлаа хийгээгүй, эрх ашиг албан тушаалын байдлаараа хамааралдаа аваад өгсөн бол асуудал ярьж болно. Тиймээс ялгаж салгаж хандахыг хүсье" гэсэн юм.