2050 он гэхэд 800 сая хүн нурууны өвчлөлөөр шанална
Дэлхий даяар 2050 он гэхэд 800 сая гаруй хүн бүсэлхий нурууны өвдөлтийн улмаас шаналах болно гэсэн дүгнэлт Сиднейн их сургуулийн эрдэмтэд хийснийг The Lancet Rheumatology анагаахын сэтгүүлд нийтэлжээ.
Эрдэмтэд 1990-2020 оны хоорондох нурууны өвчлөлийн тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн юм. Ингэхэд 30 жилийн дотор өвдөлтийн үзүүлэлт дунджаар 60 хувиар нэмэгдсэн байв. Дахиад гучин жилийн дараа энэ үзүүлэлт 34 хувиар өснө гэж тооцоолжээ.
Дэлхийн даяар 2020 онд хагас тэрбум хүн нурууны өвдөлтөөр шаналж буй тохиолдол бүртгэгдсэн. Нуруу өвдөлт нь дэлхий даяар хөдөлмөрийн бүтээмжийг буулгадаг гол шалтгааны нэг болдог. Хүмүүс янз бүрийн аргаар асуудлыг шийдэх гэж оролддог ч тэр болгон тус болдоггүй. Энэ өвчнөөр Төв Европ, Зүүн Европ, Австралийн оршин суугчид голчлон шаналж байна. Харин Зүүн Азид нурууны өвчлөл харьцангуй бага хэмжээгээр бүртгэгджээ.