Эдийн засагчид итгэх үү, эрхэм төрийн түшээд итгэх үү?
Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай. Тийм ч учраас хүрэн эдийн засаг гэж нэрлэдэг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ямар байхаас манай улсын төсвийн орлого шууд хамааралтай. Тэр дундаа нүүрсний үнэ, экспортын хэмжээ Монгол Улс хэмээх айл ямар хэмжээний орлоготой байхыг шийддэг. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Жилээс жилд энэ хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж тооцдог. Тухайлбал, 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 50 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэвч энэ нь боломжгүй гэдгийг эдийн засагч Н.Энхбаяр хэлжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эсрэгээрээ 60 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой гэжээ.
Эдийн засагч Н.Энхбаяр: -БНХАУ-д манайхаас өөр сонголт хийх боломж олон бий. Манайхаас жилд экспортолдог 30 сая тонн нүүрс, нэг сая тонн зэсийн баяжмалыг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон авдаг. Монгол Улс импорт талдаа БНХАУ-ын өөр мужуудтай харилцдаг хэдий ч экспорт талдаа бид Өвөрмонголоос өөр мужтай худалдаа хийдэггүй. Өвөрмонголын хэдэн уул уурхайн компани Бугат орчмын төмөрлөгийн үйлдвэрүүд гангийн үйлдвэрт Монгол Улс төмрийн хүдэр, нүүрсээ нийлүүлдэг. Хэдийгээр гадаад худалдааны гэрээ хэлэлцээ нь дээрээ Монгол Улс, БНХАУ-ын хоорондын худалдаа мэтээр бичиж, яриад байдаг боловч бодит байдлыг аваад үзвэл Өвөрмонгол, Монгол Улсын хоорондын л худалдаа өрнөж байгаа. БНХАУ-ын 18 тэрбум ам.долларын эдийн засгаас манайд нөлөөлж байгаа нь маш бага. Үнэндээ Гуанжоу, Шанхайд юу ч болж байсан манайд огт нөлөөлөхгүй.
Монгол Улсын уул уурхайн компаниуд жилд 40-50 сая тонн нүүрс гаргаж чадна гэж ам бардам ярьж байна. Нэгдүгээрт, ийм хэмжээний нүүрс гаргах дэд бүтэц алга. Хоёрдугаарт, гаргалаа гэхэд худалдаж авах эсэхийг БНХАУ л шийднэ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Ирэх жил 50 сая тонн нүүрс гаргаж чадна. Харин ч бага төлөвлөсөн байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 19.6 сая тонн нүүрс гаргасан байна. Үлдэж байгаа хугацаанд 40 сая тонн нүүрс гаргах боломжтой. Тэгэхээр энэ онд 60 сая тонн нүүрс гаргах болов уу гэсэн хүлээлт байна. Эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 7.1 их наяд төгрөг болсон. Төсвийн тэнцэл нь 1.1 их наяд төгрөг байна. Их мундаг ажиллаад ийм үр дүнд хүрч байгаа юм биш. Засгийн газар хулгайтай тэмцсэн, Эрдэнэс Тавантолгойд бүрэн эрхэт төлөөлөгч томилсон, мөн нүүрсээ биржээр худалдаалдаг болсон. Эдийн засгийн энэ өсөлт нүүрсний л өсөлт. Үүнээс харахад Монгол Улс баялгийнхаа менежментийг зөв л хийвэл хөгжинө. Аливаа улс өөрт нь байгаа давуу чанараараа хөгждөг. Монголын давуу чанар байгалийн баялаг. Гэтэл үүн дээр нэгдсэн бодлого байхгүй өнөөдрийг хүрсэн. Эрдэнэс Тавантолгой дээр жаахан арга хэмжээ авахад л ийм өөрчлөлт гарч байна шүү дээ. Гэхдээ баялгаа нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй. Энэ чигээр нь ухаад гаргаад байж болохгүй. Ингээд ирвэл гурван сая хүний амьдралыг өөд татахад төвөгтэй асуудал биш.
Иргэн 4 өдрийн өмнө
Эдийн засагч Н.Энхбаяр мэдээлэл, судалгааг үндэслэн ярьдаг хүн. Түүний үг бодитой байх аа.
2 0 Хариу бичих