Төр иргэний хүсэлтийг хамгийн ихдээ хоёр шат дамжуулан шийддэг болно
Засгийн газрын хуралдаанаар төрийн үйлчилгээг хурдан шуурхай болгох талаар хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ "Төрийн үйлчилгээний процессыг шат дамжлага багатай болгохын төлөө хувийн хувшилтэй хамтарч ажиллана. Хувийн хэвшлүүдээс хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг нь банкны салбар. Төр энэ жишгээр үйлчилгээний процессоо сайжруулах шаардлагатай байгаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ирэх зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл нэг яам, хоёр агентлаг, нэг аймаг, нэг сумыг сонгож загвар болгон ажиллуулахаар боллоо. Өнөөдрийн байдлаар иргэн төрийн үйлчилгээ авахад 5-6 шат дамжиж асуудлаа шийдвэрлүүлж байна. Тиймээс Засгийн газраас иргэний хандсан асуудал ихдээ хоёр шат дамжлагаас хэтрэхгүйгээр шийдвэрлэгддэг байх ёстой гэж үзсэн. "Засгийн газар, УИХ-ын гаргаж буй шийдвэрүүд амьдрал дээр хэрэгжихгүй байна" гэсэн шүүмжлэл их гардаг. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргахдаа тодорхой түвшинд туршиж үздэг, зөв гэдгийг нь баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжүүлдэг байя гэж зорьж байгаа. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Төв аймгийн Шаамар сумыг загвар болгон ажиллуулна" гэлээ.