Хайран боломж хатирч одов

Монголчууд өнгөрсөн хугацаанд олон боломжоо алдсан, тавьж туусан. Гэвч тэр тоолондоо тэгтэл шогшроод, харамсаад байдаггүй. Учир нь, боломжийг бид дараагийн автобус ирэхтэй адилтгадаг билээ. Нэг автобуснаас хоцорсон ч нөгөө автобус хүрээд л ирнэ. Эсвэл нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг. Энэ бол бидний аажуу, уужуу байгаагийн тайлбар. Гэхдээ зарим боломж хэзээ ч эргэж ирдэггүй. Үүний нэг нь манай үндэстний хүн амын цонх үе гэгч ойлголт юм. Хүн төрөлхтөн, наашлаад улс үндэстний түүхэнд хүн амынх нь дийлэнх хувийг залуучууд буюу хөдөлмөрийн насны иргэд эзлэх тэрхэн зурвас үеийг дэлхий нийтэд ингэж нэрлэдэг. Улс үндэстнүүд яг ийм цонх үеийг ашиглаж, хөгжиж дэвжиж, хамаг бүтээн байгуулалтаа амжуулж, хүч нөөцөө бий болгож авдаг юм байна.

 Өнөөгийн Зүүн Азийн бар орнууд гэж нэрлэгддэг өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонконг зэрэг орон бол ерөөсөө л хүн амынхаа цонх үеийг гайхамшигтай ашигласны жишээ гэнэ. Тэгвэл энэ цонх үе нь ямар үед ирээд, ямар үед буцаад яваад өгдгийг танилцуулъя. Ийм үе эхэлснээсээ дуусах хүртлээ үсрээд л 20-30 жил үргэлжилдэг юм байна. Хүүхэд төрөөд нас биед хүрснээс хойш хөдөлмөр эрхлэх идэвхтэй хугацаа гэсэн үг л дээ. Манайд 1975-1990 оны хооронд төрөлт хамгийн их нэмэгдсэн оргил үе байжээ. Тэр үед манай хүн амын 44.3 хувь нь 0-14 насны хүүхэд байж. Тэгвэл 2008 онд 0-14 насны хүүхэд 28.1 хувийг эзэлж, харин 15-55 насныхан хүн амын 65.8 хувийг эзлэх болжээ. Монгол бол залуучуудын орон гэх тодорхойлолт ийм учиртай. Эндээс манай цонх үе эхэлж. 1975-1990 оны хооронд төрсөн хүүхдүүд нас биед хүрч, хөдөлмөр эрхлэх ид үе дээрээ иржээ.

Одоо тэгвэл энэ түүхийн гунигтай хэсэг эхэлнэ. Өнөө нас бие жагсаж, ид үедээ бөөнөөрөө гарч ирсэн үеийнхэн маань өдгөө хөгширч, тэтгэврийн насныхан руу шилжилт хийх торгон зааг дээрээ тулж ирсэн байна. Хүн амын бүтцийн хувьд залуучууд нь дийлэнх хувийг эзэлж байсан бол одоо тэдгээр дийлэнх хувь нь тэтгэврийнхэн болж солигдож эхэллээ гэсэн түгшүүр. Өөрөөр хэлбэл, 2008 онд эхэлсэн хүн амын цонх үе маань 2025-2030 он гэхэд бүрэн дуусах судалгаа гарчээ. Тэгвэл энэ зурвас олдсон боломжоо Монгол Улс хэр ашиглаж чадаж байгаа вэ? Энэ нь хөдөлмөрийн насны залуучуудаа ашиглаж, аж үйлдвэрлэл, ажлын байруудыг нэмэгдүүлж, нэмүү өртөг бий болгож, иргэдийнхээ хуримтлал үүсгэх бололцоог бүрдүүлсэн үү гэсэн л асуулт. Хариултыг нь бид цөм мэдэж байгаа.

Монголд ажилгүйдлийн түвшин бусад улс оронтой харьцуулахад 3-5 дахин их байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн суурь болсон боловсруулах салбар, аж үйлдвэр нэг ч нэмэгдсэнгүй. Ажилгүйдлийг бууруулах бодлого огт явсангүй. Дээрх орнууд хөдөлмөрийн нөөцийн хэмжээ нэмэгдмэгц ажлын байр нэмэгдүүлэх бодлого явуулж эхэлсэн байдаг.

Өмнөд Солонгос гэхэд л жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, иргэдээ бизнес эрхлэх боломжоор хангаж татварын хэмжээг бууруулах шийдвэр гаргасан. Мөн бага хүүтэй зээл олгож, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгснөөр эдийн засаг нь үлэмж тэлжээ.

Одоо тус улсад тэтгэврийн насныхан нь хүн амын олонх болсон ч тэдний санхүүгийн тэтгэмжийг бэрхшээлгүйгээр шийдвэрлэх чадамжтай болжээ. Харин манай орны хувьд хэдхэн жилийн дараа бодитоор нүүрлэх аюулын өмнө ямар ч бэлтгэлгүй, бэнчингүй сууж байна гэж хэлж болно. Хүн амын цонх үе дуусахаар юу тохиолдох вэ гэхээр, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, тэтгэврийн насныхны баланс алдагддаг. Эдийн засгийн идэвхгүй хүн ам нэмэгддэг. Одоо Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа арван хүн нийлээд гурван хүний тэтгэврийг төлж байгаа. Тэгвэл цонх үе дууссаны дараа арван хүн нийлээд найман хүний тэтгэвэр төлдөг болно. Цаашлаад хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ногдох ачаалал нэмэгдэнэ. Энэ бол тун ноцтой ирээдүй юм. Эндээс хүн амын тоо, тэдгээрийн наслалт, аль насныхны эзлэх хувь зэрэг нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хувь заяаг шийдэх гол үзүүлэлт гэдэг нь харагдана. Өнөө үеийнхний харалган, сэтгэлгүй, алсын хараагүй бодлого, шийдвэр, аминч байдал нь ирээдүйн үр хүүхдүүдийн минь хоолтой хонох эсэхийг шийднэ. Бид өөрсдийн ид хөдөлмөрлөх, хийж бүтээх насыг ашиглаж, баялаг бүтээж, хуримтлал үүсгэж чадалгүй тэтгэврийн  настайгаа залгаж, үр хүүхдээ зулгаан аж төрөх тийм л тавилан тосч байна. Тэд бидний одоо төлж байгаагаас хэд дахин их хэмжээтэй татвар төлж байж биднийг тэжээх болох нь. Одоогийн цонх үеэ ашиглаж чадаагүйн хор хохирлыг бидний үр хүүхэд үүрнэ.

2008 онд бол цонх үе Монгол Улсын хувьд боломж байсан. Одоо харин тэрхүү цонх үе гээч маань бидний хувьд аюул занал болж байна. “Ашиглаагүй боломж төлбөрөө арав нугалж авдаг” гэдэг үг энэ тохиолдолд яг тохирно. Тэтгэврийн насныхан олширлоо гээд улсын хөгжилд сүртэй хохирол, хор хөнөөл ирэхгүй гэж үзэх нэгэн байж магад. Учир нь, нийгмийн даатгалын сан гэж бий шүү дээ гэх байх. Харамсалтай нь, манай нийгмийн даатгалийн тогтолцоо хангалттай сайн биш. Бараг л хангалттай муу гэх ангилалд оруулж болно. Германд сурч байх хугацаандаа долоо жил ажилласан нэгэн монгол иргэн буцахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт хэмээн тус улсаас 30 мянган евро авсан тухай дуулж байв. Харин Монголд нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт гэх ойлголт байхгүйн дээр улсад 30 жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа цалингаасаа гурав дахин бага тэтгэвэр авдаг. 30 жил даатгал төлсний эцэст шүү дээ. 

Манайд ашиглаж буй энэхүү тэтгэврийн системийг аль XIX зуунд Германд анх Бисмарк нэвтрүүлж байжээ. Түүнээс хойш Герман улс системдээ гурван удаа бүрэн шинэчлэл хийсэн. Манай систем бүтэн хоёр зуунаар хоцрогдсон. Тиймдээ ч нийгмийн даатгалын сангийн дийлэнхийг бүрдүүлдэг тэтгэврийн сан маань одоогийн хүмүүсийнхээ ч тэтгэврийг тавьж хүрэлцдэггүй. Хураасан шимтгэл нь хүрэлцэхгүйн улмаас улсаас байнга татаас авдаг. Тэгвэл одоо цөөн байгаа тэтгэврийн насныхны тоо нэмэгдэж, ажил хийдэг буюу цалингаасаа шимтгэл өгдөг иргэдийн тоо эсрэгээрээ буурсны дараа юу болох вэ? Авдаг шимтгэлээ өсгөх байх. Бас тэтгэврийн насаа нэмж нэг үзэх байх. Тэгээд эцэст нь үнэнд гүйцэгдэж таарна. Жишээлбэл, саяхны жилүүдэд Засгийн газар тэтгэврийн нас нэмээгүй, шимтгэлийн хувийг нэмээгүй бол тэтгэврийн сангийн алдагдал нь тасралтгүй өссөөр хэдхэн жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүрэх байсан гэж судлаачид хэлдэг. 2015 онд хуульд өөрчлөлт оруулан тэтгэврийн насыг нэмж, шимтгэлээ нэмсэн нь амьдрах хугацааг жаахан сунгасан л төдий өөрчлөлт юм. 

Сүүлийн 10 жилийн байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого зардлаа нөхөж чадахгүй байгаа. Зөвхөн энэ оны эхний хагаст л гэхэд 366 тэрбумыг алдагдалтай гарсан мэдээ бий.

Хамгийн их ажил хөдөлмөр хийх насныхантай үедээ ийм байдалтай байгаа бол тэд нь тэтгэвэрт гарчихаад тэгээд ямар найдвар үлдэх вэ? Зүй нь бид энэхүү цонх үеийг хэрхэн ашиглах ёстой байв? Бидэнд ямар боломж бодитойгоор бий болсныг өдгөө үрэн таран хийж явна вэ? Юун түрүүнд хөдөлмөрийн насны иргэдийн тоо их байх тусам эдийн засгийн өсөлт нэмэгддэг жамтай. Гэвч энэ өсөлт явагдаагүй. Яагаад? Ажиллах хүч маань гадагшаа гараад явчихсан учраас тэдний ажил хөдөлмөрөөрөө бий болгох өсөлт гарсангүй. Үлдсэн залууст ажлын байр хангалттай байсангүй. Монголд 267 мянга гаруй хүн ажилгүй байгаа гэсэн судалгаа байдаг. Гэхдээ Засгийн газрын мэдээгээр энэ тоог 40 мянгаас хэтрүүлж зарладаггүй. Тэгсэн атлаа гадаадаас жил бүр 15 мянга гаруй хүнийг авчирч ажиллуулдаг гэх.

Ажил хөдөлмөр хийх насных атлаа ажилгүй байх нь ядуурал, архидалт, гэмт хэрэг гээд нийгмийн сөрөг үзэгдлийг бий болгож байдаг. Уг нь, манай улсад хэрэглэхээсээ илүү бүтээдэг насны хүн олон байгаа атал эсрэгээрээ бүтээхээсээ илүү хэрэглэдэг дадал зуршлыг илүүтэй хөхиүлэн дэмжив. Энэ нь халамжийн хор уршгийг хэлж байна. Үнэндээ 2008-2030 оны хооронд Монгол Улсад халамж хамгийн бага хэрэгтэй байх тийм цикл үргэлжилж байсныг бид мөн л ашиглаагүй байх нь. Улс орнуудын жишээнээс харахад хүн амын цонх үедээ л иргэдийн хадгаламжийн түвшин өндөр болдог аж. Хадгаламж нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт хийх боломж бүрддэг. Хүн амын цонх үед гэр бүлүүд ихэвчлэн цөөн хүүхэдтэй байдаг тул хуримтлал үүсгэх, бизнес хийх, хөрөнгө оруулалт хийж орлогоо өсгөх зэрэг давуу талууд үүсдэг. Нэг хүнд хуваарилагдаж буй мөнгө их байх тусам хэрэглээний чанар дээшилнэ. Тэр хэрээр эрүүл мэнд, боловсролын чанар сайжирч нийгэмд илүү хувь нэмэр болох иргэд бий болдог гэсэн үг. Эдгээр нөхцөлийг бүрдүүлж чадахгүй бол хүн амын цонх үе тохиосон ч гэсэн эдийн засагт өсөлт бий болох боломжгүй.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс ийм боломжоо ерөнхийдөө тавиад туучихжээ гэж хэлж болохоор байна. Нэрнээс нь ч бодсон, цонх үе үргэлж нээлттэй байгаад байхгүй, зүй тогтлоороо тодорхой хугацаанд үргэлжлээд хаагддаг. Манай улсын хүн амын жилийн дундаж өсөлт одоогоор 2.1 хувь байгаа. 2025 он гэхэд энэ нь 0.99 хувь болж буурна гэж судлаачид тооцжээ. Энгийн нэгэн компани хүртэл хүний нөөцийн бодлогодоо гойд анхаарах болсон өнөө цагт Монгол Улс хүний нөөцийнхөө алтан үеийг даанч ажиггүй туучиж байна даа. 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)