Аварга тосон, Бүрд нуурыг сэргээх байгууламж ашиглалтад оржээ

Аялагчдын зорин очдог газрын нэг бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 километрт оршдог Аварга тосон нуур. Гэвч 2022 оны байдлаар Аварга тосон нуурын усан мандлын талбай 25 хувь, усны дундаж гүн 50 хувь, усны эзлэхүүн 60 хувиар тус тус багасч, усны эрдэсжилт хоёр дахин нэмэгдэж 20гр/л хүрсэн байна.

Иймд нуурыг бохирдолт, ширгэхээс хамгаалах, байгалийн унаган төрхийг сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд нуурын эргийн дагуу 465 метр зам, босоо шүүрүүлийн байгууламж, гадаргын усны байгалийн голдирлыг 12 байршилд сэргээх, голын эхийг хамгаалах, ойн зурвас байгуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай хэмээж байсан. Тэгвэл Аварга тосон, Бүрд нууруудыг Аваргын голын усыг хуримтлуулж сэргээх ажил эхлэхэд бэлэн болсон байна.

Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2.7 метр, хярын өргөн 3.5 метр геомембаран дэвссэн 139 метр урт далан байгуулан, одоогийн байдлаар 13 мянган м.куб ус хуримтлуулжээ.

Ус дөхүүлэх 3.9 км суваг, тохируулах, хуваарилах, үзлэгийн, юүлэх, вантузын нийт 16 худаг бүрэн суурилагдаж, өргөх насос станц ашиглалтад орж, өндөр хүчдэлд холбогджээ.

Сумын Засаг дарга Э.Төгөлдөр “Тус байгууламжид дөрвөн хүн ажиллана. Орон нутгаас энэ жил цалингийн зардалд 10 сая төгрөгийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Аварга тосон нуурыг түшиглэн амралт сувиллын үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудыг хамруулсан зөвлөгөөн зохион байгуулж хариуцлагын гэрээ байгуулсан. Станцын ажилтнуудаа ажилд томилсноор нуур руу ус шахаж эхэлнэ” гэв. БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Аварга тосон, Бүрд нуур сэргээх” төслийн хүрээнд энэхүү ажлыг гүйцэтгэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)