Өөрийн мөнгөөр боловсрол эзэмшсэн нь “Ардын баатар” биш

Сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн өрнүүн, олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв бол яах аргагүй Боловсролын зээлийн сан тойрсон асуудал юм. Албан тушаалтны хүүхдүүд ардын хүүхдийн боломжийг хулгайлж, төрийн мөнгөөр гаднын өндөр төлбөртэй сургуульд суралцсан, суралцаад зээлээ ч төлөхгүй, тэглүүлсэн зэрэг будлиан түмний бухимдлыг “өрдөөд” байгаа юм. 

Гэхдээ ямар ч зүйлийн тун хэмжээ хэтийдэхээр үндсэн агуулгаасаа гажиж орхидог. Энэ жишиг Боловсролын зээлийн сангийн асуудал дээр ч ажиглагдаж байна. Тодруулбал, зээл авч, бусдын боломжийг булаасан хүмүүсийг нийгэм үзэн ядаж байгаа сиймхий нэр хүндээ өсгөж, өөрийгөө дөвийлгөх хүсэлтэй хүмүүст өгөөш болж орхилоо. Өөрөөр хэлбэл, “Би өөрийнхөө мөнгөөр, улсынхаа төлөө гаднын сургуульд сурсан, төгссөн” гэж цээжээ дэлдэгчид олширлоо. Ялангуяа, “нялх” улс төрчид, урлаг соёлынхон, нийгмийн сүлжээнд олон дагагчтай нөлөөлөгчид гаднын сургуульд, өөрийн мөнгөөр сурсан тухайгаа бичиж, “эх орончийн” дүрд тоглох болов. Тэд төрөөс “хулгай” хийгсдийн дэргэд гэм нүгэл багатай ч нийгэмд “сүүдэр” болох эрсдэлтэй. 

Манайд социализмын үеэс өнөө ч ховхроогүй нэг хандлага бий. Тэр нь “Улс орныхоо төлөө олон сайхан хүүхэд төрүүллээ, төр засагтаа тэдэн жил ажиллалаа” гэх зэрэг ялархуу ч юм шиг элгэмсүү ч юм шиг араншин юм. Үнэн хэрэгтээ, ажил хийхгүй байсан ч амьдрал ахуй нь хангалуун сайхан байхад төрийнхөө, улсынхаа төлөө гээд үхэр тэрэг шиг зүтгэх хүн манай улсад бүү хэл дэлхийд ч байхгүй нь лавтай. Түүнчлэн “Улсдаа хэдэн хүүхэд төрүүлээд өгчихье дөө” гэх сэтгэлээр үрээ тээдэг, төрүүлдэг, өсгөдөг ч хүн байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид өөрсдийнхөө төлөө л ажилладаг. Өөрийнхөө төлөө л үр хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлдэг. Суралцах, хөгжих ч ялгаагүй. Өөртөө хийгээд үр хүүхдэдээ илүү гэрэлтэй, дардан ирээдүй бий болгохыг хүссэндээ л суралцаж, боловсроход алтан цагаа, авсан олсон, хурааж хумьснаа зарцуулдаг.  

Уг нь энэ тун эрүүл хандлага. Өөрийнхөө төлөө ажиллаж, суралцаж, үр хүүхдээ төрүүлж, өөрийгөө хөгжүүлж байгаа гэдгээ хүн нэг бүр ухамсарлаж чадвал нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай. Энгийнээр бодоход л, би энэ ажлыг улсынхаа төлөө гүйцэтгэж байна, хүүхдээ эх орныхоо төлөө өсгөж байна гэх сэдлээс өөрийнхөө төлөө бүхнийг бүтээж байна гэж бодох нь эрүүл, бүтээлч хандлага юм. Хэрэв хүн нэг бүх ийм сэтгэлээр ажиллаж чадвал бүтээмж ч нэмэгдэнэ. Гэтэл манайхан “Улсад тэдэн төгрөгийн татвар төллөө, төр нийгмийнхээ төлөө өчнөөн жил ажиллалаа” гэх зэргээр ялархаж, ямар нэг эрх ямба, одон медалийг засаг төрөөс хүссэн ирсэн. Өнгөц харахад, гэмгүй мэт энэ үзэл суртал үнэн хэрэгтээ хамгийн халтай. Хувь хүний төдийгүй улс орны хөгжлийг чангаах хамгийн халтай хүчин зүйл нь яах аргагүй ялархуу, залхуу хандлага юм. 

ТЭРСЛҮҮ ҮГ: БЗС-гаас зээл авсан бүхэн хулгайч биш

Дарга нарын хүүхдүүд давуу байдал ашиглаж БЗС-гаас зээл авч, авсан зээлээ төлөөгүй гэх дуулианаар өөрийн хүч, чармайлтаар зээл, тэтгэлэгт тэнцсэн хүмүүс нийгэмд “хулгайч” мэт үзэгдэх боллоо. 20 гаруй жил хэрэгжиж буй сангаас нийт 1.2 сая хүүхэд зээл авсан байдаг. Тэгэхээр манай улсын гурван хүн тутмын нэг нь тус сангаас зээл авч суралцсан байгаа юм. Эндээс БЗС үүргээ гүйцэтгэж, олон монгол иргэний хүсэл мөрөөдөлд “даль, жигүүр” болж чадсан нь харагдаж байна. Харамсалтай нь, цөөн олигархын хутгасан “жонхуу”, хулгайлсан боломж энэ сангийн нэр хүндийг ч тус сангаас зээл авах шалгаруулалтад тэнцсэн суралцагчдыг ч харлуулж байна. Түүнчлэн зээл олгох, эргэн төрүүлэх зэрэг процесс нь шударга бус байсны уршиг ч одоо харагдаж буй.

Тиймээс цаашид давуу боломжоор бусдын хүүхдийн боломжийг хулгайлсан, зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, гэрээний нөхцөлөө биелүүлээгүй зэрэг зөрчилтэй хүмүүсийг шахаж, шаардах нь зүй ёсны шаардлага. Харин өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр зээл авч суралцсан, гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийг өөлж, баалах нь оновчгүй юм.  Мөн дотоодын аль нэг сангаас зээл, тэтгэлэг авалгүй суралцсан хэн нэгнийг ардын баатар мэт өргөмжлөх нь ч оновчгүй сэдэл юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Олон жил онц сайн сураад гадаадад харь хэлээр шилэгдэж ирсэн хүмүүстэй ижил тэнцүү, илүү сурна гэдэг баатарлаг хүний чаддаг ажил юм аа…тийм хүмүүсийн боловсролыг улс орон ашиглаад хөгжсөөр ирлээ дээ.. нугалаа завхрал аль ч үед байсан юм аа…

    0 0 Хариу бичих
  2. Манайд баатар нь ч байна, бадарчин нь ч байна. Багаас нь ном эрдэмд дуртай , чадвартай болгосон би болоод багш нар нь буруутан болохуу ?!

    0 0 Хариу бичих
  3. Өөрийн чадлаар өндөр боловсрол эзэмшинэ гэдэг чинь баатар блгүй яах юм

    1 0 Хариу бичих
  4. Сангийнхан гэж аймаар хүмүүс байсан шүү дэ

    1 0 Хариу бичих
  5. За тэнэгтээрэй тэрийгээ ялгаж салгахтайгаа шүү ийглээ

    0 0 Хариу бичих
  6. Буух эзэнтэй буцах хаягтайгаар цахимд мэдээлэлээ байршуулмаар юм. Юуны өмнө тэтгэлэг, зээл хоёрынхоо ялгааг гаргаж бич. Мөн ийм боломж нь хэнд илүү ихээр олдсоныг бич. Үнэхээр тэтгэлэг авах тийм хэмжээний мэдлэгтэй байсан уу гэдгийг бич. Явж байгаа хүүхдүүдийн ялангуяа эрх баригчдын хүүхдүүд дүн бол нотой гэж бодож байгаа. Засна шүү дээ.

    1 0 Хариу бичих
  7. БЗС аас тавьсан шалгуурт нь тэнцээд топ 100 д багтсан сургуульд тэргүүлэх мэргэжилээр явсан хүнтэй иргэд барьцахгүй нь ойлгомжтой

    1 0 Хариу бичих