Л.Цолмонгэрэл: Нийгмээрээ эрүүл байхыг уриалж буй энэ цаг үед улстөрчид тарган байх нь зохимжгүй

Имижмэйкер, улс төрийн имиж судлаач Л.Цолмонгэрэлтэй улстөрчдийн имижийн талаар ярилцлаа 

Энэ удаагийн ярилцлагаар улстөрчдийн имижийн талаар түлхүү ярилцана. Гэхдээ үүнээс урьтаад имиж гэж яг юуг хэлээд байгаа талаар асуумаар байна. Хүмүүсийн олонх нь хувцаслалттай л холбон ойлгодог шүү дээ?

Ихэнх хүмүүс ийм ойлголттой байдаг. Стиль имиж гэдэг хоёр үгийг холбоо үг мэт хэрэглэдэг. Зөвхөн хувцаслалт, гадаад дүр төрх гэж ойлгодог. Хувцаслалт, гадаад төрх нь визуаль имижийн нэг хүчин зүйл. Визуаль имижид гурван хүчин зүйл багтдаг. Вербаль имиж нь ялгаагүй дотроо олон хүчин зүйлтэй. Имиж гэдэг бол тухайн хүнийг илэрхийлж буй бүх зүйл юм. Үүнд, биеийн хэлэмж, нүүрний мимик, зан характер, үзэл баримтлал гэх мэт тухайн хүнийг бүтээж буй бүхий л зүйл орно. Имиж гэдгийг маш олон судлаач санал нэгтэйгээр “Хувь хүний дотоод мөн чанарын гадаад илэрхийлэл” хэмээн үздэг. Тухайн хүн өөрийгөө бусдад би хэн бэ гэдгийг илэрхийлж буй өөрийнх нь сонгож авсан дүр төрх. Имиж гэдэг нь угаас дүр төрх гэсэн ойлголт. 

Өөр нэг сонирхолтой зүйлийг ярилцлагынхаа эхэнд тодруулмаар байна. Анх уулзаж байгаа хүмүүс тухайн хүнийхээ мэдээллийг имижээс нь ямар хугацаанд авах боломжтой гэж үздэг вэ? 

Энэ талаар олон судалгаа байдаг. Эхний долоон секундэд хоёр биенийхээ талаар хангалттай их мэдээллийг авч анхны сэтгэгдэл үүсдэг. Эхний долоон секундын дотор анхны сэтгэгдлийг хэр зөв тавихаас өөртэй тань цаашид хамтын ажиллагаа эхлүүлэх үү, үгүй юү, хэрвээ болзож буй бол дахиж уулзах уу, үгүй юү гэдгийг шийддэг. Үүнийг тархи автоматаар гүйцэтгэдэг. Эхний долоон секундэд тухайн хүний визуаль имижээс 55 хувийн мэдээллийг, вербаль имижээс 38 хувийн датаг авдаг. Харин мэдээллийн агуулгаас долоохон хувийн датаг авдаг. Визуаль имижид гадаад дүр төрх буюу хувцаслалт, биеийн хэлэмж, нүүрний мимик зэрэг багтдаг бол вербал имиж нь дуу хоолойны өнгө, ярьж буй байдал, үгийн сонголтыг илэрхийлдэг. “Юу хэлэх нь биш яаж харагдах нь чухал” гэсэн үг байдаг. Анхны сэтгэгдлийг хоёр дахь удаагаа төрүүлэх боломжгүй. Тиймээс анхны сэтггэгдэл бол маш чухал. 

Улс төрийн шинжлэх ухаанд имижийн асуудлыг тусгайлан ХХ зуунаас судлах болсон гэдэг. Улстөрчдийн имижийн тухай ойлголт эндээс эхэлсэн гэж ойлгож болох уу?

Имиж гэдэг нэр томьёог хэзээнээс хэрэглэж эхэлсэн талаар эхэлж ярих нь зүйтэй байх. Имиж зөвхөн хүмүүст л байдаггүй. Хүн, амьтан, ургамал ногоо, улс орон гэх мэт бүх зүйлд имиж бий. Монгол Улс гэхэд л бүс нутгаараа буюу говийнхон, хангайнхан, ястан үндэстнээрээ бүгд өөр өөр имижтэй. Харин имижийг шинжлэх ухааны судлагдахуун болгоод, нэр томьёог ашиглаж эхэлсэн нь 1960-аад он. АНУ-ын эдийн засагч Болдиунг гэдэг хүн анх имиж гэх нэр томьёог эдийн засгийн эргэлтэд оруулсан. Имижийг дөрвөн шинжлэх ухааны хүрээнд судалдаг. Улс төрийн, нийгмийн, сэтгэл зүйн, эдийн засгийн шинжлэх ухааны хүрээнд судалдаг. Манай улсын хувьд 1990- ээд оноос улс төрийн имиж гэдэг нэр томьёо орж ирсэн. Гэхдээ имиж гэдэг бүрэн утгаар нь ашиглаад байна уу гэвэл учир дутагдалтай. Өнөөдрийг хүртэл имижийг хувцаслалт, гадаад төрхөөр л ойлгож байна. Нэг үеэ бодвол гэхдээ дээрдсэн. Улс төрийн имиж бүрдүүлэлт тал дээр бүрэн дүүрэн ойлголт бий болоогүй байна. 

Таны өмнө нь өгсөн ярилцлагаас харахад улс төрийн имиж гэдэгт тухайн улстөрчийн хариуцлагатай байдал, ёс зүйн нэг бүрдэл хэсэг гэсэн байсан. Тэгэхээр улс төрийн имиж гэдэгт юу юу багтдаг талаар бидэнд хэлж өгөхгүй юү?

Улстөрчийн имиж хувцаслалт, гадаад дүр төрх, биеийн хэлэмж, тухайн хүний үзэл баримтлал, характер, улс төрийн дүр, асуудлыг шийдвэрлэж буй байдал гэх мэт олон зүйлээс бүрддэг. Жишээлбэл, улстөрч хүний хувьд сонгууль маш чухал байдаг. Улстөрч гэдгээрээ УИХ-д сонгогдож гишүүн болоход тухайн хүний имиж асар чухал. Улс төрийн имижийг бүрдүүлэхдээ дэвшиж буй тойргийн судалгаанд тулгуурлан имиж бүтээх нь үр дүнтэй. Жишээлбэл, тухайн тойргийн хүмүүсийн нас хүйс, боловсрол болон амжиргааны түвшин, хүсэл сонирхол гэх мэт, хүмүүс юу хүсээд байгаа, ямар улстөрч, манлайлагч хүсээд байгааг тодорхойлон түүнд тохирсон имиж бүтээх ёстой. Гэхдээ тухайн хүний имижийг бүрдүүлнэ гээд тэр хүнийг 100 хувь өөрчилнө гэсэн үг биш. Улстөрчийн имиж бүрдүүлнэ гэдэг нь өөрийнх нь давуу талыг тодотгож, сул талыг арилгах, сарниулах, улс төрийн дүрийг бий болгохыг хэлнэ. Улстөрч хүн өөрийн мөн чанараа зорилготойгоо уялдуулж, имижээ бүрдүүлэх нь чухал. Жишээлбэл, улстөрч хүн бусдад таалагдах ёстой. Үүнийг бүгд л мэддэг. Орон нутгийн тойрогт нэр дэвшиж байгаа хүн хэт орчин нөхцөлтэйгөө уялдахгүй имиж бүрдүүлбэл (хэт цэмцэгнээд, хослол өмсөөд, гадаад үг хэллэг их хэрэглэх гэх мэт) ямар байх нь ойлгомжтой. Үүний оронд тухайн нутгийн хэллэг, аялгаар ярих, энгийн сайхан дээл өмсөөд явбал ямар байх вэ.

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нараас Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хар өнгийн, тэр дундаа кобра загварын нүдний шил цэцэг өргөхдөө зүүсэн тохиолдол цөөнгүй. Энэ нь хэр зохимжтой байдаг вэ?

Шилийг хаана зүүх вэ гэдгээс их шалтгаална. Мэдээж нарны шилийг гадаа л зүүнэ. Мэдээж дотор орчинд зүүх нь зохимжгүй л дээ. Ерөнхийлөгч нарын зүүж буй шил бол avaitors төрлийн шил. АНУ-ын Ерөнхийлөгч нар ч ийм шил зүүдэг. Мэдээж дрэсскод гэж байхгүй учраас үүнийг зөв эсвэл буруу гэх боломжгүй. Гэхдээ манай улсын хувьд дрэсскодтой болох нь чухал.

АН-ын улстөрчид цэнхэр, МАН-ын улстөрчид улаан өнгийг хувцаслалтдаа шингээж буй нь  имижмэйкерийн зүгээс харахад хэр зохистой үйлдэл вэ?

Өнгөөр имиж бүрдүүлэх гэж зүйл байдаг. МАН гэхээр улаан, АН гэхээр цэнхэр өнгө төсөөлөгддөг. Байж болох л зүйл. Гэхдээ өнгө гэдэг огт санамсаргүй юм шиг боловч хүний сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлөл үзүүлдэг.

 Гоёл чимэглэл эмэгтэйчүүдийн нүүрний хэлбэрийг засдаг шиг эрчүүд нүүрнийхээ хэлбэрийг нүдний шилээр, цагаар гарынхаа хэлбэрийг өөрчилж харагдуулах боломжтой юу?

Боломжтой. Эрэгтэйчүүд нүүрний хэлбэрээ үсний засалт, нүдний шилээрээ засах боломжтой. Цагны тухайд гэхэд хэлбэр, дизайн ямар байхаас шалтгаалаад өөрийн гарын хэлбэрийн өргөн, нарийнд тааруулан зөв тохируулж зүүвэл зохимжтой.

Өнгөний талаар сүүлийн жилүүдэд түлхүү ярьж байгаа. Магадгүй та энэ сэдвээр идэвхтэй ярьж эхэлснээр огт тоодоггүй, анхаарлын гадна байсан энэ асуудлыг олны төвд оруулж чадлаа. Өөрт тохирох өнгийг буруу сонгосноор бидэнд юу тохиолддог талаар сонирхуулж болох уу?

Сүүлийн үед хүмүүс өнгийг ойлгож эхэлж байна. Өөрт тохирохгүй буруу өнгөөр хувцаславал ядарсан, царай баргар, нүдний гал нь унасан, нөсөө сэвх тодорч, наснаасаа овортой харагддаг. Зөв өнгөө сонгож чадвал байгаагаасаа илүү гэрэлтсэн, эрч хүчтэй, залуухан, арьсны асуудлууд бүдгэрч харагддаг.

Улстөрчдийн имиж бүрдүүлэлтэд хар бараан өнгө ноёлж байна. Ер нь цайвар цэнхэр, цагаан, цайвар саарал өнгийг ашигласнаар улстөрчдөд ямар нэгэн эрсдэл бий болох уу?

Улстөрчид хар өнгийн хувцас өмсөх нь харьцангуй гайгүй. Гэхдээ ер нь улстөрчид хар өнгийн хувцастай уулзалт хийх нь тохиромжгүй. Учир нь, хар өнгө өөрөө их хаалттай өнгө. Халдашгүй, нууцлаг байдлыг илэрхийлдэг учраас хаалт үүсгэдэг. Зарим гаднын улс оронд ялгарахын тулд улстөрчид гэгээлэг өнгө ашигладаг. Улс орны хувьд өнгөний бэлгэдэл өөр, өөр байх тохиолдол бий. Манайхны хувьд цагаан өнгө сүүн цагаан сэтгэл, цэвэр ариун байдлыг илэрхийлдэг байхад зарим улс оронд үхэл, гашуудал, хагацлыг илэрхийлдэг. Гэхдээ хэдийгээр цагаан өнгө монголчуудын хувьд цагаан цайлган сэтгэлийг илэрхийлэх ч улстөрч хүн цагаан хослол өмсвөл тийм ч таатай хүлээн авахгүй. Саарал өнгө нь өөрөө тогтворгүй байдлыг илэрхийлдэг. Хэрвээ саарал өнгө сонгох бол хар саарал өнгө сонговол зохимжтой.

Өнгөний талаар ярьвал бид хоёрын сэдэв дуусашгүй. Гэхдээ энэ хаврын трэнд өнгө ямар өнгө байхыг тодруулахгүй орхиж чадахгүй нь?

Өнгүүд дотроо олон төрөлтэй. Жишээлбэл, ногоон өнгө гэхэд дотроо маш олон. Заримыг нь орчуулах гэхээр боломжгүй байна. Тиймээс энэ хавар, зуны трэнд өнгүүдийг англи нэршлээр хүргэе. Үүнд, robin's eggs blue, lavender, pastel pink, teal, blood orangе багтаж байна.

Сүрчиг мөн имижийн нэг хэсэг гэж сонссон. Сонголтыг хэрхэн хийх ёстой байдаг вэ?

 Үнэртэй ус нь дурсамж бүтээдэг. Энэ утгаар нь өөрийнхөө имижийг илэрхийлж болно. Миний хувьд гэхэд олон үнэртэй ус хэрэглэх сонирхолтой. Тухайн уулзалтад тохируулж, ямар хүнтэй, ямар өдөр уулзах гэж байгаагаас шалтгаалан үнэртэй усаа сонгодог. Үнэртэй усаа имижээ болгохыг хүсвэл нэг л үнэртэй усаа дагнан хэрэглэх нь зохимжтой. Тухайн үнэртэй усыг үнэртэхэд л тэр хүнийг шууд бодно гэсэн үг.

Манай улстөрчдийн хувьд юуг голчилж, юуг үлдээж, юун дээр хамгийн их алдаад байна вэ?

Нийтээрээ харж буй зүйлийг би дахин давтах нь утгагүй. Гэхдээ цаашдаа анхаараасай гэж боддог зүйл бол визуаль имиж тэр дундаа биеийн галбир дээрээ анхаараасай гэсэн бодол. Маш их илүүдэл жинтэй байна. Нийгмээрээ эрүүл байх тухай ярьж байгаа энэ үед тэнд нэг нөхөр лаглайгаад сууж байх нь тухайн хүн өөртөө анхаарал тавьж чадахгүй байж нийгмийн төлөө санаа тавих нь юу л бол гэсэн сэтгэгдэл төрүүлэх юм. АНУ-ын Ерөнхийлөгч нар 70, 80-тай гэхэд тэр хүмүүсийн биеэ авч явж буй байдал маш ялгаатай байдаг. Жишээ нь, индэр рүү яаж гарч байна, алхаа гишгээ нь ямар байна гэх мэт. Хүүхэд хүртэл хөөрхөн хүмүүсийг илүү удаан хардаг шиг улстөрчдийн сонголтод гадаад дүр төрх маш чухал. Ямар ч хүн гоё, сайхан зүйлийг л харах дуртай байдаг. Тиймээс өөртөө анхаарал хандуулаасай гэж хэлмээр байна. Тарган хүн өмнө нь баян хүний имиж байсан бол өнөөдрийн энэ цаг үед огтхон ч биш.

Улстөрчдийн зөвхөн харагдах байдал нь иргэдийн сонголтод хэдэн хувийн нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байдаг вэ? 

Манай улсад энэ талаар судалгаа байгаа, үгүйг сайн мэдэхгүй байна. Олон улсын судалгаагаар буюу түрүүн хэлсэнчлэн 55 хувийн мэдээллийг визуаль имижээс олж авдаг гэсэн судалгаа байдаг.

Улстөрчид имижээ зөв бүрдүүлснээр юу, юуг олж авах боломжтой вэ?

Ганц улстөрчид гэлтгүй имижийг зөв бүрдүүлснээр олон боломж бидэнд бий болдог. Жишээлбэл, өөрт тань тавагтай чихэр өглөө гэхэд таны хувьд амтыг нь мэдэхгүй учраас хамгийн гоё цаастай чихрийг нь сонгоно. Гоё амттай байх гэдгийг гаднах хайрцаг сав, цаасаар нь дүгнэн сонгоно. Хажуу талд нь гоё амттай хэр нь энгийн цаастай чихэр байсан ч мэдэхгүй учир сонгохгүй. Энэ нь юу хэлээд байна гэхээр таны агуулгыг хэлбэр илэрхийлнэ. Агуулга хэлбэр хоёр ижилхэн байж таныг төгс илэрхийлнэ. Улстөрчид хүн бүртэй нэг бүрчлэн уулзан ярилцах боломжгүй учир түүний имиж л тухайн улстөрчийг илэрхийлдэг. Тиймээс улстөрч хүний хувьд өөрийн имижээ зөв бүрдүүлэх нь хамгийн чухал. Хэдий тэр хүн мундаг чадвартай, улс орны төлөө их зүйлийг хийлээ ч үүнийгээ хэлбэрээр буюу имижээрээ илэрхийлж чадахгүй нөхцөлд дээрх тавган дээрх чихрийн жишээ шиг л болно. Ер нь улстөрч хүн ч бай, энгийн хүн ч бай зайлшгүй имиж хэрэгтэй. Имиж бол ажил, амьдрал, амжилтынх нь шат гишгүүр. Дардан замаар тасралтгүй өгсөөд явах уу, саад бэрхшээлтэй явах уу гэдэг тухайн хүний имижээс ихээхэн шалтгаална. 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хойд Солонгосын бандгар банди шиг байж болохгүй шүү дээ!! Манай төрийн өндөр албан тушаалтнууд нэг үеэ бодвол арай гайгүй болж л байна. 2000-аад оны эхээр найгүй бүдүүлэг байсан шүү! УИХ-ын гишүүн, сайд, маш тарган нэг нөхөр АНУ-д очоод костюм авах гэсэн чинь таарах юм олдоогүй гэдэг!!!

    1 0 Хариу бичих