Минимал фитнесс

Эрүүл мэнд бол хүний үнэт баялаг. Тийм ч учраас дасгал хөдөлгөөн хийж зөв зохистой хооллож дадах нь ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Гэвч завгүй нийгмийн амьдрал, завсаргүй үргэлжлэх хотын түгжрэлээс түүртсэн иргэд фитнесс заалыг зориход хүндрэлтэй байдаг. Түүнчлэн хэн нэгний хөлсөө урсгасан тоног төхөөрөмж дээр дасгал хийх нь зарим нэгэнд тухгүй мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл цар тахлын бидэнд өгсөн эерэг нөлөөллөөс үүдэж хүмүүс гэрийн фитнесийг сонгох болжээ. Энэхүү боломж нь бидэнд шинэ төрлийн хэв маягийг бий болгож цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх шинэлэг шийдэл болоод буй.

Энгийн хэв маяг руу шилжив... 

Уян хатан биш нийгмийн нөхцөл байдлаас үүдэж ихэнх хүмүүс эрүүл мэнддээ анхаарах нь багасаж буй. Тухайлбал, Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж байна. Энэ нь нийт өвчлөлийн 72 хувийг эзэлдэг аж. Тэгвэл халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалдаг. Хэрэв тухайн хүн эдгээр буруу зуршлаа залруулахгүй бол биеийн жин болон цусан дахь өөх тос, сахрын хэмжээ нэмэгдэнэ. Улмаар цусны даралт ихсэлт, судасны хатуурал, зүрхний шигдээс, чихрийн шижин болон хавдар зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх шалтгаан болдог. Тэгвэл идэвхтэй дасгал хөдөлгөөн нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах гол арга зам болохыг ДЭМБ-аас зөвлөж байна. Түүнчлэн суурин ажил, амьдралын хэв маяг нь хөдөлгөөний хомсдол үүсгэх үндсэн шалтгаан болж буй юм. Тухайлбал бидний ихэнх нь өдрийн дийлэнх цагийг компьютер, жолооны ард өнгөрүүлэх болсон. Улмаар хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын  дөрөв дэх шалтгаан болоод байна. Тодруулбал, дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэг нь хөдөлгөөний дутагдалтай байдаг аж. Харин манай улсад хүн амын дөрвөн хүн тутмын нэг буюу 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. Мөн гурван хүн тутмын нэг нь буюу 31.7 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэж Нийслэлий эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд дурджээ. Гэвч бид хотын түгжрэл, ажлын ачааллаас болж тэр бүр дасгал хөдөлгөөн хийх гэж фитнесс заалыг зорьж чаддаггүй. Тэгвэл үүнийг шийдэх нэгэн шинэлэг арга зам бол гэрийн буюу “минимал фитнесс” юм. Энэ нь гэртээ дасгал хөдөлгөөн хийхдээ зай талбай эзэлсэн тоног төхөөрөмж байрлуулахаас илүүтэй цөөн хэдэн хэрэглэлийг ашиглаж эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломж юм. Үүний тулд танд ухаалаг утас, цаг болон дасгал хийх зориулалтын гудас, гантел зэрэг цөөн хэдэн зүйлс л байхад хангалттай. 

Өөрт тохирсон хэрэгцээ

Гэрийн фитнессээр хичээллэх үедээ та биеийн онцлогтоо тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгож хийх шаардлагатай байдаг. Жишээ нь, хэрэв та зүрхний хэм алдалттай бол тийм ч өндөр эрч хүчтэй кардио дасгалын төрөл зүйлийг сонгох шаардлагагүй. Харин үүний оронд иог болон хөнгөн хэлбэрийн сунгалтын дасгал хийх боломжтой талаар “Harvard health” сургуулийн судалгааны багаас зөвлөжээ. Тухайлбал, кардио буюу зүрхний хэмийг түргэсгэх дасгал нь уушгины үйл ажиллагааг эрчимжүүлэн, цусны эргэлтийг сайжруулж өөх шатаах процессыг эрчимтэй явуулдаг байна. Иймд энэ төрлийн дасгалыг эмч, мэргэжилтний зөвлөмжийн дагуу хийх хэрэгтэй байдаг аж. Харин орчин үед онлайн платформын тусламжтайгаар зүрхний хэмнэлийн ачааллыг тооцох чадвартай тусгай апп-аар тохируулан хийх боломжтой. Түүнчлэн онлайн багш хөлслөх, долоо хонгийн тусгайлан бэлдсэн дасгалын хөтөлбөрүүдээс сонгон хичээллэх боломж бий. Ингэхдээ олон төрлийн дасгалын төхөөрөмжийг худалдаж авахаас илүүтэй минимал маягаар цөөн хэдэн хэрэгслийг ашиглан гэртээ фитнессээр хичээллэх нь давуу талтай.

Минимал фитнесс өрөөг бүрдүүлэхэд: 

- Дасгалын гудас буюу иогийн гудас

 - Сунадаг тууз 

- Тэнцвэржүүлэгч бөмбөг 

- Сандал, гишгүүр эсвэл хайрцаг

 - Дээс

 - Гантел зэрэг энгийн хэрэгцээтэй зүйлс хэрэгтэй

Дасгал хийх сэтгэл зүй

Ихэнх хүмүүс дасгалын зааланд хэн нэгний удирдлага доор эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй байдаг гэдэгт итгэдэг. Гэвч энэ нь зарим талаараа хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна. Магадгүй фитнесс зааланд бусад хүн таны гадаад байдлын талаар юу гэж бодож байгаа бол гэдгээс санаа зовж түгшиж болох юм. Мөн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар ямар ч ойлголтгүй байх зэрэг олон шалтгаанаар сэтгэл зүйд бага зэргийн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Америкийн Сэтгэцийн Нийгэмлэгийн (APA) мэдээлснээр фитнесс зааланд эмэгтэйчүүд эрчүүдээс 30 хувиар илүү сэтэл зүйн түгшүүр мэдэрдэг гэжээ. Иймээс гэртээ дасгал хөдөлгөөн хийх нь дээрх зүйлсээс түүртэхгүй ая тухтай, эрч хүчтэй байж зөвхөн дасгалаа хэрхэн үр дүнтэй хийх талаар бодоход нөлөөлж эерэг дүн бий болгодог байна. Ийнхүү идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн эд эсэд хүчилтөрөгч, тэжээлийн бодисын хэрэгцээ нэмэгддэг. Энэ хэрэгцээ хангагдсанаар бодисын солилцоо сайжирдаг аж. Ингээд дасгал хөдөлгөөний нөлөөгөөр бие махбодийн бодисын солилцоо сайжирч, эд эс сэргэн, нөхөн төлжих процесс явагддаг байна. Улмаар эрүүл мэндэд үүсэх эрсдэлт хүчин зүйлээс бие тань өөрөө өөрийгөө эдгээж, эрүүл, эрч хүчтэй байхад тусалдаг. Ийнхүү орчин үед минимал гэрийн фитнесс нь олон эерэг дүнг бий болгож хүмүүст өөртөө илүү цаг гаргаж дасгал хөдөлгөөн хийх тухтай орчныг бүрдүүлэхэд тусалж буй. Үүний үр дүнд хүмүүс дасгал хийх цагаа илүү үр дүнтэй болгож, хотын түгжрэл нийгмийн зарим асуудлаас өөрсдийгөө түр ч гэсэн ангижруулж байна.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)