Нийтийн нэргүй өмч
Италийн алдарт уран барималч Микеланжелогийн бүтээл “Давид хаан”-ы баримал өнөөг хэр нь Флоренц дахь урлагийн галлерейд хадгалагдаж буй.
Тухайн уран барималчийн аль эсвэл урлагийн мэдрэмжтэй хэн нэгний нүдээр энэ хөшөө гоо зүйн бэлгэдэл, уран сайхны нарийн өгүүлэмж бүхий бүтээл. Харин тэмээний хөшөөг хүртэл бурантаглаж орхидог улсад энэ нь хэт эрээ цээргүй нүцгэн эр. Болдогсон бол Давидийн хөшөөг хувцаслаж орхимоор. Ядаж л өнөөхийг нь далдалж орхих адын хүсэл төрөх нь дамжиггүй. Угтаа урлаг уламжлалт дэг жаяг, үзэл сурталтай заавал нийцэх албатай юу. Хэн нэгэн зохиогчийн бүтээлд дур мэдэн гар хүрэх эрх бидэнд бий юу?
Хөшөө баримал оюуны өмч
Цаасан дээр бичигдэж, амьдрал дээр хэрэгждэггүй л болохоос хэн нэгний оюуны өмчид зөвшөөрөлгүй гар хүрэх, өөрчлөх, олшруулахыг хуулиараа хориглодог. Гэтэл манайхны дунд урлагийн ямар нэгэн бүтээлийг нийтийн өмч аятай гамгүй эдлэх, хулгайлах тохиолдол цөөнгүй. Дан ялангуяа хэн нэгэн уран барималчийн бүтээсэн хөшөө, дурсгалыг гар нь өтчихсөн аятай элдэвлэж орхих, аль эсвэл гаднах байдлыг нь багахан өөрчлөхийг оролдох зэргээр ердөөс зүгээр байлгадаггүй. Улсаас хөшөө дурсгалд багагүй мөнгө төсөвлөдгийг хэлэх үү, энэ тэнд олон ч хөшөө дурсгал нүднээ илхэн. 2018 онд гаргасан тооцооллоор нийслэлд 230 орчим хөшөө дурсгал байдаг аж. Үүнээс хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө дурсгал бий. Өдийд хэдий хэр хэмжээгээр нэмэгдсэн гэх тооцоолол байхгүй ч урьд урьдны жилүүдтэй харьцуулахад хөшөө дурсгалын тоо улам бүр нэмэгдэж буй нь илэрхий. Энэ хэрээрээ ч сүйтгэгчдийн гарт өртсөөр... Тухайлбал 2016 онд Хэлмэгдэгсдийн хөшөөг өрөмдөж цоолон, лантуугаар цохиж гэмтээсэн хэрэг гарч байв. Мөн Сөүлийн гудамж дахь “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг санаатайгаар эвдэж, сүйтгэсэн явдал ч тохиолдсон. Цаашлаад Сүхбаатарын морьтой хөшөөг хамгаалж буйг бэлгэдсэн 14 арслан дээр санаан зоргоор үг сийлэх, будгаар шүрших гэх мэтчилэн хүний оюуны өмчид зөвшөөрөлгүй гар хүрэх, хор хохирол учруулах явдал бишгүй олон.
Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр
УИХ Оюуны өмчийг хамгаалах тухай хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд шинэчлэн найруулж баталсан. Гэвч шинэ хууль хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч хууль бус үйлдлүүд гарсаар байна. Уг нь манай улсын оюуны өмчийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт сайтайд тооцогддог. Гэхдээ иргэдийн дунд бусдын оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэх соёл, хандлага төдийлөн төлөвшөөгүй.Хөшөө дурсгал гэдэг тухайн улс орны сэтгэлгээний онцлог, ахуй соёлын илэрхийлэл төдийгүй хэн нэгний оюуны өмч байдаг. Тухайн урлаач уран бүтээлээрээ дамжуулж юуг илэрхийлэх, ямар өнцгөөр харуулахыг зорьсон нь зохиогчийн мэдрэмж, сэтгэлийн өнгө аяс зэргээс хамаардаг. Түүнчлэн хүний дотоод мэдрэмжээс урган гарсан ямар нэгэн бүтээлийг шүүмжлэх, өөрчлөхийг оролдох эрх хэнд ч байхгүй.
Хам хум хулгай
Мэдээж хэрэг оюуны өмчийн хулгайтай холбоотой асуудал хэзээнээсээ л маргаан дагуулсаар ирсэн бөгөөд өнөө хэр нь тодорхой шийдэлд хүрсэнгүй. Тэгвэл энэ хулгай манайхны аливааг хам хум, халтуурдаж хийдэг зантай нийлэхээрээ бүр утгаа алдаж орхино. Тухайлбал, саяхан нийслэлд Польшийн суут хөгжмийн зохиолч Фридерик Шопений хөшөө сүндэрлээтэхлээ. Польшид байдаг түүний хөшөөний яг эх хувилбарыг нь хуулбарласан, бас болоогүй өөр хөгжмийн зохиолчийн нотыг хөшөөнд хээв нэг сийлсэн нь шүүмжлэл дагуулсан. Уран бүтээлчид нь хүртэл оюуны хулгайг өөхшүүлж, ул суурьгүй зүйл хийхээр арга ч үгүй биз гэж бодогдох шиг. Аль аль талаасаа урлагт, тэр дундаа хэн нэгний оюуны өмчид ул суурьтай хандаж сурмаар байна.
Хуульч О.Батхүү
Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 30 орчим жил болж байгаа ч оюуны өмчийн талаарх ойлголт дутмаг байна. Энэ нь манай боловсролын системтэй холбоотой. Өмч хөрөнгө гэхээр заавал биет, өдөр тутам ашигладаг гар утас, машин тэрэг байх албагүй. Үүнд урлагийн бүтээл тухайлбал дуу хөгжим, кино, уран зураг, хөшөө баримал ч ордог. Гэтэл манайхан дунд хамтлаг дуучдын дууг хуулбарлах, хэн нэгний бүтээсэн хөшөө барималд гар хүрэх нь хэвийн үзэгдэл мэт ойлгогддог. Саяхан уран барималч Ё.Далх-Очирын “Торгоны зам” тэмээтэй хөшөөнд нэгэн малчин эмэгтэй бурантаг зүүсэн явдал тохиолдсон. Монгол уламжлалын дагуу аян жинд явж байгаа тэмээ бурантагтай байх ёстой гэж тэрээр тайлбарлаж байна лээ. Гэхдээ хөшөө бол урлагийн бүтээл. Энэ ч утгаараа заавал бодит амьдралтай нийцэх албагүй. Үлгэрт, кинонд, уран бүтээлд амьдралд байдаггүй зүйлийг гаргаж өгдөг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Ойлгохоос гадна өөрийн дураар хүний өмчинд халдаад байж болохгүй. Таны гэрт хүн орж ирээд, ширээ чинь манай уламжлалд нийцэхгүй байна, хөлийг нь тайраад намхан болго гээд байвал танд ямар санагдах вэ. Түүнтэй ялгаагүй. Ерөөс ямар нэгэн хөшөө дурсгал, хүний оюуны өмчид халдах нь хууль бус зүйл шүү дээ. Үүнийг л ухамсарладаг байх нь хамгаас чухал.
Урлагийг уламжлал, уриалгын чанартай зүйлд ашиглахаа болъё
Саяхан Б.Явуухулан, С.Зориг, Марко Поло, Ухамсрын хөшөө тэргүүтэй Улаанбаатарын хэд хэдэн хөшөөнд чихэвч зүүсэн харагдсан. Ялангуяа эр хүйсийг бэлгэдсэн хөшөөнүүдэд. Эхэндээ нийслэлчүүд энэ бүхний учрыг ойлгоогүй ч, эцэст нь энэ нь “Монос хүнс” ХК-ийн “Хэнэгтэй монгол эр хүн” нийгмийн нөлөөллийн нэг хэсэг байж. Тус аян эрчүүдэд “Нийгмийн хэвшмэл ойлголтыг үл сонсъё” гэх мессэжийг хүргэх зорилготой. Нийгэмд маш чухал асуудлыг хөндсөн нь сайн хэрэг ч уриалгын чанартай зүйл хийхийн тулд урлагийн бүтээлд хүртэл гар хүрэх нь хэр зохистой вэ. Хуулийн дагуу уран бүтээлчээс нь аль эсвэл тухайн хөшөө дурсгалыг захиалж хийлгэсэн оюуны өмчийн хамтран эзэмшигчээс нь зөвшөөрөл авсан байж болох ч ингэх нь тун зохисгүй санагдана. Нөгөө талаас ийм хайнга байдал даамжирсаар хэн дуртай нь урлагийн бүтээлээр дамжуулж маркетинг хийж, хүссэнээрээ өөрчилж болно гэсэн хэвшмэл ойлголт энэ нийгэмд тогтох вий. Нэг мөр цөмөөрөө “Банхарын хөшөө”-нд хүзүүвч зүүж, бас болоогүй бурантагласан тэмээгээ стандартад нь нийцүүлж, буцаагаад хэмжээг нь жижигсгэчих үү. Нас бие гүйцсэн тэмээний хэмжээнээс нэлээд том байхад яагаад бид өөрчилж болохгүй гэж...
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл