“Их долоо”-гийн уулзалт эхэллээ

“Их долоо”-гийн бүлгийн ээлжит уулзалт өчигдөр Японд эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Токиогоос баруун урагш 300 км-т орших Миэ мужийн Исэ Шимагийн уулархаг бүс нутагт хуралдаж байна. Европын зөвлөл, Еврокомиссын тэргүүн Дональд Туск, Жан Клод Юнкер нар мөн хуралд оролцохоор Японд очжээ. 

Хурлын нээлт синто шашны Исэ сүмд болсон нь урьд өмнөх уулзалтуудаас онцлог байлаа. Синто шашны энэ сүм нь МЭ-ий III зуунд байгуулагдсан, Японы хамгийн эртний сүм гэнэ. Шинзо Абэ дуганы гол хаалганы өмнө зогсон хурлыг нээж үг хэлсний дараа оролцогчдыг сүмд орохыг урьсан. Францын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд сүмд орж бусад нь дагалджээ. Хамгийн сүүлд Б.Обама Ш.Абэ дээр очиж гар барилцаад, жижиг гүүрэн дээр очиж, тэнд байсан цагаан хувцастай угтагч хүмүүстэй мэндчилэх зэргээр хавьгүй илүү цагийг Японы Ерөнхий сайдтай өнгөрүүлсэн байна.  

“Их долоо”-гийн бүлгийн уулзалтын гол сэдэв нь БНХАУ-ын хүчирхэгжилт, Өмнөд Хятадын тэнгист нөлөөгөө бэхжүүлэх гэсэн оролдлогуудыг саармагжуулж, хүчний харьцааг тэнцвэржүүлэх гарцыг хайх явдал болж байна.

Энэ удаагийн “Их долоо”-гийн бүлгийн уулзалтын гол сэдэв нь БНХАУ-ын хүчирхэгжилт, Өмнөд Хятадын тэнгист нөлөөгөө бэхжүүлэх гэсэн оролдлогуудыг саармагжуулж, хүчний харьцааг тэнцвэржүүлэх гарцыг хайх явдал болж байна.

Мөн эдийн засгийн хямралыг давах арга зам, саяхан олон нийтэд ил болсон Панамын баримтуудтай холбоотой асуудалд ямар байр суурь баримтлах зэрэг чухал асуудлууд хөндөгдөнө. Хурлаар хэлэлцэх асуудлуудад холбоотой зарим улсын төрийн тэргүүнүүдийг Япон улс зочны хувиар урьж оролцуулж байгаа нь энэ удаагийн хурлын бас нэг онцлог нь болж байна. Өмнөд Хятадын тэнгис болон бусад асуудлаар БНХАУ-тай маргаантай байдаг Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фукаас гадна Лаосын Ерөнхий сайд Тхонглун Сисулит, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Шриланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисена, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина, Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Питер О’Нил, Чадын Ерөнхийлөгч Илрис Деби Итно зэрэг хүндэт зочин Японд хүрэлцэн очжээ.  

Сирийн хямрал, дүрвэгсдийн асуудал, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр ч хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байлаа. Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск чуулганд албан ёсоор үг хэлж, дүрвэгсдийн асуудалд бүх л улс орнууд хариуцлага үүрэх ёстой гээд Их долоогийн хамтрагчдаасаа энэ бэрхшээлийг шийдэхэд тусалж дэмжихийг хүссэн юм. Тэрээр мөн Украины асуудлыг ч хөндөж, Минскийн хэлэлцээрийг хэрэгжинэ гэж хэлэхэд эрт байгааг онцлоод үүний тулд хамгийн түрүүнд ОХУ-д тавьсан хоригийн үйлчлэх хугацааг сунгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)