Үлдэх үү, үдэх үү?
Монголдоо үлдэх үү, Монголоо үлдээх үү? Олонх залуус гадагшаа явахыг хүсч байна. Гарсан зарим нь давхар иргэншилтэй болоод хууль ёсоор гадаадад амьдрахыг бодно.
Өнөөгийн нийгэм, эдийн засаг улс төрийн нөхцөл байдал, тогтворгүй олон хүчин зүйл хамаг чадалтай, идэвхтэй хэсгийг гадагшаа урсгасаар. Ахиад ч олон мянган хүн явахыг мөрөөдөж байгаа. Хориодхон жилийн өмнө “Нүүх үү, үлдэх үү?” гэсэн улс төрийн лекц нийгэмд шуугиан тарьж байв. Харин хорин жилийн дараа ч залуу үе ийм сонголттой нүүр тулж байх шиг. Залуус эх орноо энэ чигээр нь орхиод нисэх үү, эсвэл өөд нь татах уу гэсэн сонголтын өмнө нэгэнт иржээ.
Монгол улсын иргэний харьяаллын асуудлыг судалж үзэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгчээ
Саяхан болж өнгөрсөн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд хэлэлцэгдсэн анхаарал татсан сэдвүүдийн нэг нь Монгол Улсын иргэний давхар иргэншил, хоёрдмол харьяалалтай байж болох эсэхийг ярилцсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй ч хоёрдмол харьяаллын хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. Харин Зөвлөлдөх санал асуулгаар гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг судалж үзэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарчээ. Гэхдээ, хэрэв давхар иргэншлийг зөвшөөрвөл цөөн хүн амтай улсын хувьд хөдөлмөрийн чадвартай, идэвхтэй хэсгээ гадаад руу алдах эрсэлтэй юу гэдэг асуудал тулгамдаж байна. Гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяалал, давхар иргэншлийн асуудал чухлаар хөндөгдлөө. Хоёрдмол харьяаллыг зөвшөөрөх эсэх нь улс төрийн том шийдвэр. Энэ удаа зөвлөлдөх санал асуулгад энэ сэдвийг оруулахад 11.8 хувь нь 0-4 оноо, 25.7 хувь нь 5 оноо, 59.6 хувь нь 6-10 өгчээ. Энэ дүнг үндэслэн гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг судалж үзэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг УИХ-д өгсөн. Одоогийн үйлчилж байгаа Харьяатын хуулиар бол Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хэрэв хүүхэд нь гадаад улсад төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ, эцэг эх хоёулаа Монгол Улсын харьяатаас гарсан бол эцэг, эхийн харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан хүсэлтээр 16 нас хүрээгүй хүүхдийг нь харьяатаас гаргадаг. Хүмүүс амьдралын нөхцөл шаардлагаар харьяатаас гардаг ч давхар иргэншилтэй бол улсынхаа харьяатад давхар байхыг хүсдэг байна.
Монгол улсын 3800 орчим хүнд давхар харьяаллын шаардлага үүсжээ
Үндэсний аюулгүй байдал шинжээч саяын хэлэлцүүлгийн үеэр давхар харьяатын хэрэгцээ нэмэгдэж байгаа гэжээ. Лав 130-аад орон давхар харьяаллыг зөвшөөрөөд байгаа юм байна. Нэгтгэн зохицуулах конвенц байхгүй. Харин удаан хугацаагаар эмчлүүлдэг, сурдаг, гэр бүлээрээ удаан хугацааны ажил эрхэлж байгаа Монголын 3800 орчим хүнд давхар харьяаллын шаардлага үүсээд байгаа. Энэ хэрэгцээ нэмэгдэхээр байгаа юм гэв. Тэнд байгаа хүүхдүүд 16, 18 нас хүрээд сонголтоо хийнэ. Цагаачлах уу, албан ёсны харьяалал авах уу гээд. Тэдний хүсэл бол Монгол Улсынхаа харьяатаас гарахгүй давхар иргэншилтэй болох. Харин тэр хуулийн боломж манайд байхгүй учраас харьяатаас гарч, тухайн улсынхаа иргэн болохоос өөр аргагүй болно.
Өөр улсын харьяалалтай болсон Монголын иргэд
- АНУ 1803
- Казахстан 735
- БНСУ 167
- Шинэ Зеланд 159
- Их Британи 138
- Финланд 109
Эдгээр хүмүүсээс 1808 нь насанд хүрсэн бол 1969 хүүхэд байна. Хүйсээр нь харвал 1663 эрэгтэй, 2114 эмэгтэй байгаа юм. Дэлхийн 60-аад орон манайхтай адил давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бол бусад нь төрсний дараа автоматаар сонголт хийлгэх, насанд хүртлээ давхар иргэншлийг үлдээж, иргэний харьяаллаас аль нэгийг нь татгалзах сонголт хийх шаардлага тавих зэрэг зохицуулалт хийдэг байна.
Давхар иргэншлийг зөвшөөрөх нь хөдөлмөрийн чадвартай иргэдээ гадаад руу алдах эрсдэл болох уу?
Давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх эсэх нь тухайн улсын хувьд улс төрийн болоод геополитикийн, үндэсний аюулгүй байдлын маш чухал шийдвэр. Хэдийгээр давхар иргэншлийг хүсч байгаа, тийм нөхцөл шаардлагад орсон хүмүүст том тус дэм болох ч нөгөө талаараа цөөн хүн амтай хөгжил буурай орны хувьд олноор гадаад руу гарах эрсдэл дагуулна. Ийм шийдвэр гаргавал үүсэх сул тал гэвэл зарим улсын хууль нь давхар иргэншилтэй хүмүүсийн зарим эрхийг хязгаарласан байдаг. Сонгуульд оролцох, цэргийн алба хаах, гүйцэтгэх албан тушаалд ажиллах зэрэг. Зарим улсад аль аль улсдаа цэргийн алба хаах, татвар зэрэг төлөх үүрэг хүлээнэ. Бас хоёр улсын иргэний харьяалалтай учраас энэ хоёр улсдаа харилцан дипломат хамгаалалт эдлэх боломжгүй болно. Харин давхар иргэншлийг зөвшөөрвөл тэр хүмүүст ямар давуу тал үүсэх вэ гэвэл хүн нэгэн зэрэг олон паспорттой байх боломжтой. Аль ч орондоо очиж ажиллахын тулд дахин дахин виз зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Давхар иргэншилтэй аль ч улсынхаа улс төрийн амьдралд оролцох, сонгох сонгогдох эрх эдэлнэ. Хамгийн гол нь нийгмийн үйлчилгээг хаанаа ч авч болно. Зарим улс оронд оршин суухгүйгээр иргэншил паспорт авах ч боломжтой байдаг. Жишээ нь Дани зэрэг оронд хүүхэд төрсний дараа иргэншил авч болдог. Мальтад тус улсын паспортыг худалдаж авч болдог байна. Ямар ч гэсэн олон талаас нь судалж, эерэг сөрөг нөлөөллийг харгалзаж байж гаргах шийдвэр. Харин Зөвлөлдөх санал асуулгаар “хоёрдмол харьяаллын асуудлыг судалж үзэх ёстой” гэсэн зөвлөмжийг УИХ-д өгчихсөн. Гадаадад төрж өссөн манай улсын иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Тэд давхар эсвэл олон харьяаллыг Монгол Улс хүлээн зөвшөөрдөг болохыг хүсдэг. Эс бөгөөс Монгол Улсынхаа харьяатаас гарахаас өөр сонголтгүй болж байгаа. Харин нийтийн дунд хэрвээ үүнийг зөвшөөрвөл хөдөлмөрийн чадвартай олонх нь гараад явчихна гэсэн эмээлт байна. Тэгэхээр энэ бол улс төрийн хувьд хариуцлагатай, алсыг харсан тооцоо судалгаатайгаар ярих сэдэв юм. Магадгүй энэ шийдвэрээс шалтгаалах нүүх үү, үлдэх үү гэдгээ олон мянган хүн шийдэхээр байна.
Харьяатын тухай хууль
- Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.
- Хэрэв хүүхэд гадаад улсад төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
- Эцэг, эх хоёулаа Монгол Улсын харьяатаас гарсан бол эцэг, эхийн харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан хүсэлтээр 16 нас хүрээгүй хүүхдийг нь Монгол Улсын харьяатаас гарахыг зөвшөөрч болно.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 15 өдрийн өмнө
харин ч зөв шд ирж очоод.
0 0 Хариу бичихБолохгүй шүү 16 өдрийн өмнө
Болохгүй шүү
1 0 Хариу бичих