Өглөөний 07.40 цагт дуугарах сэрүүлэгтэйгээ “уралдан” өндийлөө. Ажлын бэлтгэлээ хам хум хийгээд, цайгаа ч уух сөхөөгүй гэрээсээ гарав. Лифт хүлээх 30 секунд тун удаан санагдсан ч тэр зуур уруулаа будаад амжсандаа олзуурхана. Ийн ажлынхаа зүг хэр чинээгээрээ яаран алхлаа. Эргэн тойрноо ажвал миний адил хаа нэг тийш хар эрчээрээ хурдлах залуус холхино. Тэдний хэн нь ч ойр тойрноо ажиглах, орчин нөхцөлөө анирдах сөхөөгүй нь илт. Мөн олонх нь өдрийн хоолоо зэхсэн торыг гар цүнхнийхээ хамт сугалдаргалжээ. Харин зарим нь гартаа халуун кофе атгасан харагдана. Энэ зуур нэг бодол зурсхийв.
Яг юуны төлөө, юунд хүрэх гэж бид ингэтлээ яарна вэ. Яг хэзээнээс аяга халуун хоолоо тухалж суугаад идэх сөхөөгүй, атгасан кофегоо тавтай суугаад уух завгүй болчихов оо. Ингэж бодохтой зэрэг дэлхийн бөөрөнд буй хүн бүхэн хаа нэг тийш яарч, урсаж буй цаг хугацаатай уралдах болсныг анзаарсан юм. Богино хугацаанд турах аргыг олноороо эрэлхийлж, гадаад хэлийг ганцхан сарын дотор эзэмшихийг мэрийгчид олширч, цагийг хэрхэн зөв зарцуулах тухай ном, товхимол хамгийн их борлуулагдаж, бага унтаж, их ажиллах боломж бололцоог эр, эм, хөгшин, залуугүй эрэлхийлэх болжээ. Уг нь одоогоос хэдхэн жилийн өмнө бид 2-3 цаг үргэлжлэх киног шимтэж үздэг, хот хөдөөгийн хооронд хонон өнжин зорчихдоо төвөгшөөдөггүй, ном, сонин, сэтгүүлийг “хүлхэж” уншдаг, бие биетэйгээ бүхэл өдрийн турш гангар гунгар хийхдээ гээсэн, гэмшсэн мэдрэмж тээдэггүй байв. Харин одоо цаг өөр болж. Энэ эринд хүмүүс цагийг нөхцөөж ч, үрж ч чадахаа байчихжээ. Эл хувьсал, өөрчлөлтийг дагаад үзвэр, үйлчилгээ, хэвлэл, мэдээлэл ч төрөл жанраа өөрчилж байна. Кино 60 минутаас хэтрэхээ больж, ном, товхимлууд уншдаг бус сонсдог хэлбэрээр үйлдвэрлэгдэж, мэдээ, мэдээллийг бичвэрээр бус бичлэгээр түгээхийг урьтал болгодог болжээ. Ийн амьдралын бүхий л хэрэглэгдэхүүн илүү хялбаршиж, цаг хугацаа хэмнэх нь хамгийн чухал үзүүлэлтэд тооцогдох боллоо. Үүний улмаас хүмүүс хоорондын харилцаагаа ч “товчилж”, хүн хүнд зарцуулах цагаа хүртэл хэмнэж, гамнаж байна. Улмаар гар утас ашиглан мэнд мэдэж, хамгийн дотно нэгэнтэйгээ, нэн чухал зүйлсийн тухай ч харилцуурын наана, цаанаас хөөрөлдөх боллоо. Түүгээр ч зогсохгүй, төрсөн өдөр нь тохиож буй нэгэндээ “HBD, ТӨМХ” гэх мэтээр гурав, дөрвөн үсэг ашиглан мэндчилгээ дэвшүүлж, нэгнийхээ зураг, постны доор эможи хэрэглэн, сэтгэгдлээ илэрхийлж байна. Технологийн компаниуд ч хүмүүсийн эл хэрэгцээнд нийцүүлэн төрөл бүрийн үйлдэл, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх эможи зохиож, зурвас бичих цаг, завгүй нэгэнд зориулан дуу хоолойгоороо санаа бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлж өгөх болжээ.
Хаашаа яарна вэ?
Та яг юуны тулд ингэтлээ яарч, юунд хүрэх гэж хэзээ ч гүйцэгдэхгүй цаг хугацаатай уралдана вэ гэж хэн нэгнээс асуувал мөрөөдлөө биелүүлэх, мөнгөтэй болох гэх зэрэг өөдрөг төсөөллөөр хариулах нь лавтай. Тэгвэл үнэхээр адгуу байдал биднийг хүссэн бүхэнд хүргэж чадах болов уу? Үүнд тохирсон хариултыг олж, цаг хугацаа үнэт зүйл гэх гинжин хэлхээний учрыг тайлахаар үе үеийн эдийн засагчид төнхсөн байдаг. Улмаар тэд асуудалд хурдан эсвэл удаан хандах нь хэтэвчний хэмжээнд төдийлэн нөлөөлдөггүй болохыг олж тогтоосон байна. Түүнчлэн аливаад хэт яарах нь алдагдалд хүргэх ч аюултай болохыг онцолжээ. Энэ талаар Английн алдарт эдийн засагч Жон Мейнард Кейнс “Бид бүгд л үхнэ. Тиймээс цаг хугацааг өөрийгөө “өвтгөхөд” зарцуулах нь оновчтой сонголт биш” хэмээсэн байдаг. Түүнчлэн Эдийн засгийн Нобелийн шагналт, сэтгэл зүйч Д.Каннеман хүний тархи шийдвэр гаргах хоёр системтэй болохыг олж тогтоосон байна. Тодруулбал, бидний тархи хурдан, удаан гэх хоёр янзаар ажилладаг бөгөөд хурдан систем нь өдөр тутмын амьдралд тохиолдох асуудлуудыг хялбаршуулж, цаг хэмнэхэд туслах үүрэгтэй. Харин тархины удаан систем нь эргэцүүлэн бодох, оновчтой шийдвэр гаргах зэрэгт эерэг нөлөөтэй аж. Тиймээс хүмүүс бүх зүйлд түргэн, хуумгай хандах болсонтой холбоотойгоор шийдвэр гаргах чадвараа гээж, аз жаргалгүй, сэтгэл түгших эмгэгтэй болж буйг тэрээр нотолжээ.
Бүхнийг чадах алба үгүй
Дэлхий нийтээрээ хаа нэг тийш яарч, хүн бүхэн ямар нэг амжилтад хүрэх учиртай мэт ойлгодог болсонтой холбоотойгоор нийгэмд нэг шинэ нэршил бий болсон нь MULTITASKING юм. Энэ нэршлийг анх 1960-иад оны үед компьютерын ухааны эрдэмтэд олон процессортой компьютерын функцийг тодорхойлох зорилгоор гаргаж ирсэн байдаг. Гэтэл тархи гэх ганцхан процессортой хүмүүсийг энэ үгээр тодорхойлох болсон нь логикийн хувьд ч учир дутагдалтай. Гэтэл гудамжаар алхахдаа подкаст сонсох, хоолоо ажлын ширээнийхээ ард идэнгээ ямар нэг зүйлийг амжуулах зэргээр олон ажлыг зэрэг гүйцэтгэдэг хүмүүсийг мундагт өргөмжлөн ийн нэрийдэх болов Ингэж юунд ч төгс төвлөрөхгүй, юуг ч орхигдуулахгүй байх нь тийм ч сайн зүйл биш аж. Нэг ажлаас нөгөө ажил руу шилжих үед бидний тархи тэр болгонд шинээр ачаалалдаг бөгөөд тэр хэрээр сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг байна.
Судалгаагаар ажлын байран дээрээ MULTITASKING буюу олон ажилбар зэрэг амжуулж буй хүмүүсийн IQ-г зөвхөн нэг ажил дээр төвлөрч байх үеийнхтэй нь харьцуулахад даруй 10 гаруй оноогоор доогуур байжээ.

Юу ч битгий хий
Энэ бүхнийг анзаарсан даруй зог тусав. Толинд хараад, өөрийгөө сайтар ажиглатал хэзээ хамгийн сүүлд үсчин орж, хэзээ нүүрэндээ иллэг хийлгэж, хэзээ хайртай хүмүүстэйгээ цаг харалгүй хөөрөлдсөн гэдгээ ч мартаж орхисон, сүүмгэр нэгэн ядарсан, цонхигор харцаар “цоо ширтэнэ”. Чингэмэгц шилээ дарсан олон ажил, шинэ хэл сурах төлөвлөгөө, жин хаяж, галбиржих хүсэл, уншихаар зэхсэн олон ном, сонсохоор базаасан цөөнгүй подкаст гээд өөрийгөө хөгжүүлэх нэртэй, өрөөлөөс дутахгүй гэх ядмаг хүслээ гүйцээхээр төлөвлөсөн бүхнээсээ түр хугацаанд завсарлага авахаар шийдсэн юм. Ийн ажлаасаа чөлөө аваад, олон ангит кино үзэж, захиалгын хоол идэж, залхуурч орондоо өнжив. Энэ өдөр гэр цэвэрлэх, хоол хийх зэрэгт огт анхаарсангүй. Харин өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэр өөрчлөгдсөнийг, амьдралд өрнөсөн олон үйл явдлын талаар тунгааж, дотор хүндээ маш олон жилийн дараа цаг гаргасан нь энэ. Ийн хоногийн 24 цагийн нэг минутыг ч өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах, мөнгө олох, мөрөөдлөө биелүүлэхэд зарцуулсангүй. Ингэлээ гээд би юу ч алдсангүй. Яаж ч хохирсонгүй. Харин амьсгаа авах чөлөөгүй амьдралын хэв маягаас түр завсарлаж, өөрийгөө анирдаж, дотоодоо тольдож чадсан юм. Зарим үед цаг хугацааг юу ч хийхгүй өнгөрөөлөө гээд, юу ч алдахгүй болохыг ойлгосон нь хамгийн том олз байв. Хүрч чадах эсэхээ ч мэдэхгүй, эсвэл хаана хүрэхээ ч анзаарах сөхөөгүй бид хурдалсаар л байна. Ингэж яарсны эцэст бүхнийг атгандаа орууллаа гэж санаад алгаа дэлгэтэл хов хоосон байх вий. Тэр цагт анзаарах сөхөөгүй, уралдаж өнгөрүүлсэн цаг хугацаа хэдийнэ биднээс алсарсан байна.