ФОТО: Майн 1-ний жагсаал

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал, цуглааныг зохион байгууллаа. Жагсагчдын дуу хоолойг хүргэе. 

Иргэний нисэхийн ерөнхий газрын холбооны ажиглалтын үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Атарсайхан

"Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байгаа тайван жагсаал цуглаанд оролцож байна. Иргэний нисэх ерөнхий газарт ажилчдын цалин хөлс маш хангалтгүй байна. Жишээ нь манай салбарт 2012 онд 1000 ам.доллартай дүйцэхүйц хэмжээний цалинтай байсан бол одоо үнийн өсөлт, валютын хөөрөгдлийн улмаас цалин 500-600 ам.доллартай тэнцэж байна. Цалин хөлс үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа тул чадвартай боловсон хүчин ажлаасаа гарж байна. Өнөөдрийн байдлаар дундаж орлоготой иргэд 3-4 саяын үндсэн цалинтай байж хэрэглээгээ танахгүй амьдрах боломжтой байна" гэв. 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Жанебек 

"Ажилчид хөдөлмөрчдөд маш олон асуудлууд тулгараад байгаа тул тайван жагсаал хийж байна. Үүнээс хамгийн том асуудал нь цалин хөлсний асуудал юм. Иргэдийн цалин өдрөөс өдөрт хэрэглээндээ хүрэхгүй болж байна. Саяхан эмнэлгийн салбарын ажилчдын цалинг нэмсэн талаарх мэдээлэл гарсан. Гэвч бодит байдал дээрээ ганц, хоёрхон эмнэлэг ажилчдынхаа цалинг 10-20 хувь нэмсэн юм. Эмнэлгийн салбарт ажиллаж буй бүх хүний цалинг нэмээгүй. Цалин бага байгаа учир эмнэлгийн ажилчид ажлаасаа гарч байна. Үүнээс болж хүний нөөц дутагдалд орж байна. Эрүүл мэндийн салбар сувилагчийн асар их дутагдалд орж байна. Үүнийг Эрүүл мэндийн яам, Засгийн газар анхаараасай гэж хүсэж байна" гэв. 

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны мэргэжилтэн Д.Цэцэгдэлгэр

"Монголдоо сайхан амьдрах ямар нөхцөл боломж байна тэр бүгдийг хүсэж тайван жагсаал цуглаан хийж байна. Өнөөдрийн жагсаалын гол санаа нь ердөө ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх юм. Манай салбарт цалин үнэхээр хүрэлцээгүй байна" гэлээ. 

Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны мэргэжилтэн Д.Цэцэгмаа

"Өнөөдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна. Энэ өдөр хөдөлмөрчид дуу хоолойгоо Засгийн газарт хүргэх хамгийн боломжит өдөр байдаг. Би Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлж энэ жагсаалд оролцож байна. Манай салбарын хэмжээнд хэд хэдэн асуудал тулгараад байна. Үүнд хүний нөөцийн асуудал зүй ёсоор орно. Хүний нөөцийн дутагдалд орж байгаа шалтгаан нь ажилчид хангалттай цалин хөлс авахгүй байгаагаас болж ажлаасаа гарч байна. Тэд гадны улс руу хар ажил хийхээр ажлаасаа гарч байгаа юм" гэлээ.  

Үндэсний их урлагийн театрын бүжигчин М.Даваа

"Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар жагсаж байна. Урлагийн уран бүтээлчдийг цалин их авдаг гэх ойлголт нийгэмд бий. Гэтэл бид ердөө 766 мянган төгрөгийн цалин авч байна. Олон жил ажиллахаар урамшуулал авч цалин 895 мянган төгрөг болж өсдөг. Энэ цалингаар өнөөдөр амьдрахад үнэхээр бэрх байна.  Бид үнэ цэнтэй өв соёлыг хадгалж өвлүүлэн үлдээдэг. Энэ зүйлийг авч явж байгаа уран бүтээлчид бид өөрсдөө ч төр засагт үнэ цэнтэй үнэлэгддэг баймаар байна" хэмээлээ. 

Майн 1-ний жагсаал


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ардын намын хувалзуудаас юу ч хүлээгээд нэмэргүй

    0 0 Хариу бичих