Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хурлын өмнө аймаг, дүүргийн намын хороод нь хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ. Өчигдрөөс эхлэн нийслэлийн хэд хэдэн дүүрэгт нэр дэвшигчид нь урьдчилсан байдлаар тодорхой болов. Гэхдээ нэр дэвшигчдийг ҮЗХ-ны хурлаар эцэслэн батламжлах юм. Ингээд нэр дэвших мандатаа аймаг, дүүргийн намын хорооноосоо аваад буй эрхмүүдийг танилцуулъя.

АН-ын дарга Баянгол дүүрэгт дэвшинэ

АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшихээр боллоо. Түүнтэй хамтаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар, мөн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар нэр дэвших мандатаа дүүргийн намын хорооноосоо авлаа. Дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн 2012 онд тус дүүргээс НИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан. Улмаар өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр болж байна. Харин АН-ын дарга З.Энхболд өмнө нь 2008 онд Өвөрхангай аймгаас сонгогдсон бол 2012 онд жагсаалтаар УИХ-д сонгогдсон билээ. Энэ удаад төрөлх Өвөрхангайдаа бус хотын төвийн Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болж байна.

Г.Батхүү, Л.Болд, Г.Байгалмаа, Ж.Ганхуяг нар Хан-Уул дүүрэгт

Засгийн газраас хэрэгжүүлсэн хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрүүд бүгд Хан-Уул дүүрэгт хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын орон сууцжуулах бодлогын үр шимийг Хан-Уулынхан хангалттай хүртсэн юм. Энэ утгаараа тус дүүрэгт нэр дэвших хүмүүсийн дунд УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгалмаа багтлаа. Мөн тус дүүргээс хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Л.Болд, тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар нэр дэвших дэмжлэгээ аваад байна. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү нэр дэвшихээр болжээ.

Хэнтий аймагт гурван “баатар” нэр дэвшинэ

Хэнтий аймагт 2012 оны Сонгуулиар М.Хүдэрбаатар, Б.Гарамгайбаатар нар нэр дэвшиж байсан. Харин энэ удаад гурван “баатар” нэр дэвшихээр болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар нар нэр дэвших мандатаа өвөртлөөд байна. Тус аймгийн хувьд хоёр мандаттай байсан ч УИХ-ын хэлэлцүүлгийн явцад дахин нэг мандат нэмэгдсэн билээ.

Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, Дорнодод М.Зоригт

Сүхбаатар аймаг УИХ-д ердөө нэг мандаттай. Уг нь хоёр мандат болгосон байсан ч нэгийг нь Увс аймаг руу шилжүүлсэн билээ. Тэгвэл тус аймгаас нэр дэвших нь тодорхой байсан аймгийн Засаг дарга Ж.Батсуурь намын хорооноосоо дэмжлэгээ авсан байна. Тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж, аймгийн хөгжлийг эрс шинэчилж чадсан. Өмнөх 2012 оны сонгуулиар нэр дэвших боломжтой байсан ч аймгаа хөгжүүлэхэд дахин дөрвөн жил ажиллая хэмээн татгалзаж байсан юм. Тэгвэл 2012 онд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж байсан М.Зоригт гишүүн энэ удаад Дорнодод очихоор болсон. Тэрээр өмнө нь Дорнод аймгаас нэг удаа УИХ-д сонгогдож байсан юм. Түүнтэй хамтаар Дорнодын тойрогт аймгийн намын хорооны дарга Д.Энхбаатар нэр дэвших эрхээ “өвөртөлжээ”.

Орхонд Д.Одхүү, Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн нарыг дэмжжээ

Энэ тойрогт нэр дэвшихээр эртнээс “усалж” байсан М.Батчимэг гишүүн намын хорооны хурал эхлэхэд нэр дэвшихээс нэрээ татсан байна. Ингэснээр өрсөлдөөн Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн, Х.Золжаргал, Д.Өсөхбаяр, Д.Одхүү нарын дунд өрнөжээ. Намын хороо шөнөжин хуралдаж, үүргийн 5:00 цагийн үед нэр дэвшигчдээ тодруулсан байна. Ингэснээр Д.Одхүү, Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн нар Орхоны тойргуудад нэр дэвшихээр болжээ. Одоо тэдний өмнө ҮЗХ гэх том даваа бий.

Сүхбаатар дүүрэгт АН-ын шилдгүүд өрсөлдөнө

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.Мэдрээ нар Сүхбаатар дүүрэгт АН-ыг төлөөлөхөөр боллоо. Тус дүүрэгт 2012 онд Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нар нэр дэвшиж, сонгогдож байсан. Харин Х.Тэмүүжин, Б.Мэдрээ нар өнгөрсөн сонгуулиар жагсаалтаар сонгогдсон. Ерөнхийдөө Сүхбаатар дүүрэгт АН-ын шилдэгүүд нэр дэвшихээр болж байна.

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймагт очино

УИХ-ын гишүүн, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймагт өрсөлдөхөөр боллоо. Түүнтэй хамтаар “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар нэр дэвших мандатаа авчээ. Увс аймаг сонгуулийн хуулийг өөрчилж, батлахын өмнө хоёр тойрогтой байсан. Гэвч Н.Алтанхуяг гишүүн санал гаргаснаар гурван тойрогтой болгосон. Н.Алтанхуягийн хувьд 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Харин 2012 онд жагсаалтыг тэргүүлж сонгуульд оролцсон.

Сэлэнгэчүүд С.Баярцогтыг сонголоо

Хэдийгээр АН-ын дарга З.Энхболд сонгуульд С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч Сэлэнгийн АН-ынхан түүнийг “ногоон гэрэл”-ээр дэмжлээ. Түүнтэй хамтаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг нар аймгийн намын хорооноосоо дэмжлэг авсан байна.