"Нуугдмал ертөнц"-ийн эзэд

"Нуугдмал ертөнц"  гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ. Үзэсгэлэнд 80 гаруй шавжийн төрөл зүйл, онцлогийг харуулахыг зорьсон бөгөөд ховор төрлийн шавжийн хатаацийг дэлгэжээ. Тухайлбал, бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч гээд олон зүйлийн амьтдыг томоор, нэг дороос харах боломжтой.

Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооний удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Л.Жаргал

Монгол оронд 13 мянга гаруй шавж байдаг гэсэн судлаачдын тоо бий. Дэлхий дээр амьд амьтдын хамгийн том аймаг бол шавжийн анги юм. Өнөөдрийн үзэсгэлэнгийн гол зорилго нь хүмүүсийн тэр бүр харж чаддаггүй жижиг амьтдыг олон нийтэд танилцуулж танин мэдэхүйн мэдлэг олгоход оршиж байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн макро зургууд бол бидний 5-6 жилийн хөдөлмөрөөс бүтсэн бүтээлүүдийн нэг хэсэг нь юм. Жижиг амьтдыг олон дахин томруулж агшныг нь буулгана гэдэг гэрэл зурагчнаас маш их тэсвэр, тэвчээр шаарддаг. Миний хувьд шавжийн төрөл зүйлээн онцлог шинжийн талаар 10 ном хэвлүүлсний ихэнх хэсгийн нь гэрэл зурагжуулж өгсөн юм. Иймд та бүхэн байгаль экологитойгоо танилцаж энэхүү жижиг амьтдын ертөнцөөр аялахыг хүсэж байна. 

Биологийн хүрээлэнгийн шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Өлзий 

Энэхүү үзэсгэлэнд зориулж бид Монгол орны хувьд улаан номд орсон болон ховор төрлийн шавжийн хатаац, макро гэрэл зургийг дэлгээд байна. Манай улсын хувьд шавжийн судалгааг орхигдуулах гээд байдаг сул талтай. Гэвч байгалийн ямар нэгэн судалгааг хийхийн тулд суурь судалгааг заавал хийх хэрэгтэй байдаг. Тухайлбал, бидний нүдэнд тэр бүр харагдаад байдаггүй шавжийн төрөл зүйл нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн том хүчин зүйл нь болж байдаг.  Жишээ нь ойн улаан, хар шоргоолж гээд манай улсад 80 гаруй төрлийн шоргоолж бий. Эдгээр шавж нь ойн модыг хамгаалж эрүүл байлгах үүрэгтэй. Ийнхүү маш олон төрөл зүйлийн шавжууд бидний эргэн тойронд амьдарч байдаг гэдгийг иргэд энэхүү үзэсгэлэнгээс харж танилцаж болно.

Гэрэл зурагчин Н.Батхүрэл

Би анх сонирхлоороо галт тэрэгний гэрэл зураг авдаг байсан юм. Улмаар галт тэрэг хүлээх явцад байгальд маш олон төрлийн хорхой шавжийн ертөнц буцалж байгааг олж харсан. Ийнхүү 2016 оноос хойш шавжийн төрөл зүйлийн гэрэл зургийг авч, одоо арвин их зурагтай болсон байна. Байгаль дээрх шавжийн гэрэл зургийг авахын тулд зарим нэгэнд нь идүүлж байж, нөгөөг нь авах гэх мэт гэрэл зурагчнаас маш их тэвчээр шаарддаг.  

"Нуугдмал ертөнц" гэрэл зургийн үзэсгэлэн


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)