Кнессет дуулиантай хуулийн төсөлдөө зун эргэн орж магадгүй. Энэ хугацаанд хэт баруутан Үндэсний аюулгүй байдлын сайд жагсаал, цуглааныг хүчээр тараах үндэсний гвардийг зохион байгуулж байна.
Гуравдугаар сарын 27-ны өдөр Иерусалимд парламентын ордны гадаа шүүхийн шинэчлэлийн эсрэг жагсаалд100 мянган хүн оролцов. Тель-Авив, Хайфа, Беэр-Шева хотуудад хэдэн арван мянган хүн жагсжээ. Эсэргүүцлийн ажиллагааны улмаас Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху дуулиант хуулийн төслөө хойш түр хойшлуулж буйгаа зарласан юм. Ерөнхий сайдын мэдэгдэл жагсагчдыг түр тайвшруулав уу, Израилийг цаашид юу хүлээнэ вэ?
Ажил хаялт дууссан уу
Ерөнхий сайд шүүхийн шинэчлэлийг хойшлуулж буйгаа мэдэгдсэний дараа бүх нийтийн ажил хаялтыг зохион байгуулж байсан "Гистадрута" холбоо ажил хаялтаа зогсоохоо мэдэгдсэн. Хэрэв хоосон мэдэгдэл биш бол ойрын үед Израилийн нийтийн тээвэр, эмнэлгүүд ажиллаж эхлэх бөгөөд даваа гаргаас нисэх буудлууд онгоц хүлээж авах юм. Харин мягмар гаргаас оюутан сурагчид хичээлдээ орох ёстой.
Үүний зэрэгцээ Нетаньяху засаг төрийнхөө байр суурийг бэхжүүлэхээр шийдэв бололтой. Тэр гуравдугаар сарын 27-нд ард нь хэт барууныхан зогсдог, Үндэсний аюулгүй сайд Итамар Бен-Гвиртай үндэсний гвард байгуулахаар тохиролцжээ. Гвард нь олон нийтийн эсэргүүцлийг хүчээр тараах эрх, үүрэгтэй.
Батлан хамгаалахын сайд эргэн ирэх үү
Хоёр хоногийн өмнө огцорсон Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг суудалд нь эргүүлэн тавихыг жагсагчид Ерөнхий сайдаас шаардаж байгаа. Тэрээр гуравдугаар сарын 25-нд засгийн газар болон жагсагчдад хандан сөргөлдөөнөө хурцатгахгүй байхыг уриалаад шинэчлэлийн хуулийг хойшлуулахыг санал болгосон юм.
Олон сарын эсэргүүцэл армийн уур амьсгалд нөлөөлж байна гэдгийг ч сануулсан. Хариуд нь Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир Батлан хамгаалахын сайдыг огцруулахыг Нетаньяхугаас шаардав. Ер нь бол албан ёсоор огцруулсан мэдэгдлийг Галант аваагүй байгаа.
Барууны үзэлтнүүдийн чадвар
Израилийн энэ хэрэг явдал нийгмийн хоёр хэсэгт хуваах бодит аюул агуулжээ. Шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэн хэдэн арван мянган хүн гудамжинд гарч байхад хэт барууны үзэлтнүүд Бен-Гвирын уриалгаар Засгийн газрыг дэмжихээр хөдөлцгөөв. "Ла Фамилья" гэх хэт барууны үзэлтнүүд түрэмгий залуучуудаар алдартай. Хэт баруунтан залуусыг өргөн хүрээтэй бүрх малгай, шашны эд зүйлс барьсан төрхөөр нь ялгаж болно.
Ерөнхийлөгчийн байр суурь
Израилийн Ерөнхийлөгч Ицхак Герцог даваа гарагт нийтэд хоёр ч удаа хандан нийгмийн эвлэрэлд уриалав. Хэрэв түүний үгийг хүлээн авахгүй бол хэрэг явдал иргэний дайн болон хувирч магадгүйг сануулсан.
"Хуулийн төслийг зогсоох нь зөв болно. Галын дөлийг унтраах шударга, оновчтой, хариуцлагатай яриа өрнүүлэх цаг ирээд байна. Бүгдийг хариуцлагатай байхыг уриалж байна. Эсэргүүцэл, жагсаал ямар ч талаас байж болно. Хүчирхийлэл байж үл болно. Хэрэв нэг тал нь ялбал, улс орон ялагдана. Бид бол еврейн бөгөөд ардчилсан нэг ард түмэн, нэг улс" гэж Герцог даваа гарагийн орой хэлсэн юм. Тэр өдрийн өглөө нь Ерөнхийлөгч сөргөлдөөнөөс татгалзахыг уриалжээ.
Нетаньяху байдлыг тогтворжуулж чадах уу
Нетаньяхугийн хүрээнд ноцтой хагарал нүүрлээд байна. Түүний хүрээний олон улстөрчид эсэргүүцэгч нарт буулт хийхийн эсрэг байгаа. Хэрэв Нетаньяху буулт хийх юм бол огцорно гэдгээ Үндэсний аюулгүй байдлын сайд, хэт барууны үзэлт Итамар Бен-Гвир өмнө нь албан ёсоор мэдэгдсэн. Хуулийн төслийг царцаах нь төрийн эргэлттэй адил хэмээн Бен-Гвир үзэж буй.
Үүний зэрэгцээ, Нетаньяхугийн ойрын талын улстөрчид Ерөнхий сайдын ямар ч шийдвэрийг дэмжинэ гэжээ. Эсэргүүцлийн ажиллагаа хурцадмал байгаа энэ цагт Нетаньяхуд төслийг хойшлуулахаас өөр зам үлдсэнгүй. Гэхдээ л төслийг хойш тавьснаар шууд тайван болох нь юу л бол. Энэ асуулт нээлттэй хэвээр үлдэв. Яг үнэндээ эсэргүүцлийн гол шалтгаан нь хэт барууны засгийн газартай Нетаньяхуд израильчууд дургүй байгаа юм.
Палестинчууд довтлох уу
Нетаньяхутай зууралдсаар израильчууд Палестины зүгээс ирэх аюулыг мартаад байх шиг. Сүүлийн хэдэн сард Израил, Палестины хооронд хүчирхийллийн түвшин хэт өндөр байлаа. ХАМАС бүлэглэл Рамадан сараар Израильд халдлага хийх магадлал өндөр байгааг хэвлэлүүд бичиж байна. Израилийн нийгмийн энэ сөргөлдөөнийг ХАМАС төдийгүй Ливаны «Хезболла» түүний ар нь болсон Иран ч ашиглаж болох юм. Гэхдээ Израилийн аюулгүйн албад өндөр түвшинд бэлтгэгдсэнийг мартаж болохгүй.