
Улстөрчид оффшор дансанд мөнгөтэй, түүгээрээ гүйлгээ хийдэг, ашиг олдог байж болохгүй гэдэг нь зарчмын асуудал. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Өнөөгийн Монголд оффшор данстай холбоотой ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт алга байна. Энэ утгаараа оффшорын асуудал улстөрчдийн ёс зүйгээр л зохицуулагдаж буй. Оффшор бүсэд данстай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, үүгээрээ хариуцлага хүлээсэн улстөрч Монголд ганц л бий. Тэр нь УИХ-ын гишүүн С.Баярцогт. Тэрээр 2013 онд энэ талаараа мэдэгдэл хийж, УИХ-ын дэд даргын албанаас огцорсон билээ. Харин одоо Ардчилсан нам түүнийг оффшор дансны асуудалд холбогдсон гэх үндэслэлээр дахин хариуцлага хүлээлгэж, УИХ-д нэр дэвшүүлэхээргүй болж байх шиг байна.
Монгол Улсад 1993-2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн. Үүний 8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн байдаг.
Сонгуулийн өмнө Ардчилсан намын нэр хүнд муудсан байгаа энэ үед “Оффшор” гэх аймаар үгээр халхавч хийж, С.Баярцогтоор “туг тахих” нь АН-д ашигтай байж болох.
Ардчилсан намын дарга оффшор дансны асуудалд холбогдсон улстөрчдөө УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Мөн тэрээр бусад нам, хүчнийг ч бас ийм алхам хийхийг уриалсан билээ. Тэгвэл түүний энэхүү уриалгад МАН-ынхан өчигдөр хариу өгсөн.
Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт “Оффшор данстай бол хадны мангаа гэж хандаж болохгүй. Монгол Улсад 1993-2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн. Үүний 8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтаар манай улс хөгжиж, эдийн засаг сайжирсан. Хөрөнгө оруулалт буурахад өнөөдөр эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал муудаж байгааг бид ярьдаг. Тэгвэл гадаадаас орж ирж байгаа нийт хөрөнгийн дийлэнх нь оффшор бүсүүдээс орж ирдэг юм байна” гэжээ. Мөн тэрээр “Оффшор данстай гэх нэрээр УИХ-д дэвшүүлэхгүй байх нь хүний эрхийг зөрчсөн алхам болно” гэсэн юм.
МАН-ын хувьд оффшор дансны гэх асуудалд экс намын дарга Сү.Батболд, БОНХАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар нар холбогдсон. Тэд тайлбар хийж, “Оффшор данс биш, оффшор компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байсан” гэдгээ мэдэгдсэн. Оффшор данстай байх, оффшор компанид хөрөнгө оруулах гэдэг хоёр өөр ойлголт. Хэрэв оффшор компанид хөрөнгө оруулж болохгүй гэвэл жинхэнэ утгаараа хүний эрхийг зөрчсөн, ардчилсан, чөлөөт эдийн засгийн зарчмаас ухарсан алхам болно.
Монгол Улсад байгаа гадаадын хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжийн 920 нь оффшор компани гэх тоо байна. Нэгэнт оффшор муу муухай гэж үзэж байгаа бол тэдгээр компанийг ч бас улсаасаа хөөж гаргах ёстой болж таарах нь. Тэдгээр 920 компанийн дунд “Оюутолгой”, “Энержи ресурс” ч багтаж байгаа. Тэнд Монгол хүн хувь эзэмшиж, хувьцаа авч болохгүй гэж хязгаарлах нь мэдээж өрөөсгөл ойлголт болно.
С.Баярцогтын хувьд хэсэг найзуудын хамтаар 2007 онд Швейцарийн банкинд оффшор дансаа нээж байсан гэдэг. Гэвч 2008, 2009 оны эдийн засгийн хямрал нүүрлэснээр түүний бизнес бүтэлгүйтэж, мөнгөө татаж авсан гэдгээ тайлбарласан. Тэр нь Сангийн сайд болохоос өмнөх үйл явц. Мөн Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын хувьд бүр 2005 оны үйл явц гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, оффшорт холбогдсон улстөрчдийн хувьд бүгд л хэдэн арван жилийн өмнө болоод өнгөрсөн процесс. Гэтэл олон жилийн өмнөх үйл явцтай холбогдуулж, өнөөдөр улс төрийн хариуцлага тооцно гэдэг бас л хэтэрсэн туйлшрал мэт.
Ер нь бол оффшорын асуудал монголчууд нэгэнт мэддэг болсон. Цаашдаа улстөрчид оффшорт данстай байж болохгүй, оффшорын компанид хөрөнгө оруулж болохгүй гэдгийг хуульчилж болно. Үүнийгээ бодитой ажил болгох л хэрэгтэй юм. Хуулиа баталчих, дараа нь хариуцлагаа ярь. Түүнээс биш өнөөдөр “оффшор” гэдэг үгээр зэвсэг хийгээд, нэгнийгээ хараар будаж, харлуулах шаардлагагүй. Мөн манай нам “оффшорчидоосоо салж байна” гэх зэргээр популизм хийж, нийтэд таалагдах гээд байх ч хэрэггүй юм.