Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд манай орны хувьд гуравдугаар сарын 22-ны өдөр буюу "Дэлхийн усны өдөр"-ийг эдүгээ 22 дэх жилдээ тэмдэглэж буй.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг энэ сарын 24-ны өдөр зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор өчиггдөр усны салбарын тулгамдсан асуудлуудаар төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид хуралдлаа. Хуралдаан "Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд өрнөсөн юм.
Мөн үеэр эрдэмтэн, судлаачид монгол орны усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн талаар илтгэл тавьж, санал бодлоо илэрхийллээ.
Уур амьсгалын өөрчлөлт ба усны нөөц
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нуурууд ширгэж байгаа асуудлыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга, доктор Ц.Оюунбаатар хөндлөө. Тэрээр “Монгол орны жилийн дундаж температур Жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн (Өвөл 2.6 градус, Зун 1.4 градус). Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурсан. Монгол орны төвийн бүсэд эрчимтэй өөрчлөлт илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нуурууд ширгэж байгаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших алдарт Ганга нуурын усны түвшин дүүрэн байсан 1990-ээд оны сүүлчээс 1.5м доошлон, түүний усан гадаргын талбай 2016 оны байдлаар нуур дүүрэн байсан үеэс зургаа дахин хумигдан, хатаж ширгэхдээ хүрсэн. Үүний гол шалтгаан нь хэт халалттай давхацсан олон хоног үргэлжилсэн хур тунадасгүй өдрүүд байлаа. 2016 оны зун 25-45 хоног үргэлжилсэн хур бороогүй өдрүүд таарч 1941-2015 он хүртэлх 75 жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун байсан юм” гэв.
Монгол орны усны нөөц Нуурын ус: 532 км.куб Хур цас, мөсөн гол: 19.4 км.куб Гол мөрөн: 34.6 км.куб Газар доорх ус: 10.8 км.куб Хөвсгөл нуурт- 384.1326 км.куб (нуурын усны 72.2 хувь, гадаргын нийт усны нөөцийн 65.6 хувь, Монгол орны нийт нөөцийн 64.4 хувь) Сэлэнгэ мөрөн- 10.7 км.куб Гол мөрний усны 30.9 хувь
Ажиллах хүчний дутагдал асуудал дагуулав
Усны салбарт тулгамдаж буй дараагийн нэг бэрхшээл нь чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин дутагдалтай байгаа юм. Монгол орны гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээнд өнөөдрийн байдлаар ус судлалын 157 харуул ажиллаж байна. Ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшил 5,500 км2-т нэг харуул ажилладаг гэсэн үг. Энэ нь хүний нөөц дутагдалтай байгааг илтгэж байна гэдгийг салбарынхан хэллээ. Энэ талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга, доктор Ц.Оюунбаатар "Усны чиглэлээр суралцаж төгссөн мэргэжилтнүүд ажлын байран дээр гараад цалин хөлс, ажлын байрны нөхцөлөөс болж ажиллах боломжгүй болж ажлын байраа орхиж байгаа. Түүнийгээ дагаад энэ чиглэлээр сурах оюутны тоо ч багасаж байна. Орон нутгийн инженерүүд 600-800 мянга орчим төгрөгийн цалинтай буюу жилдээ $2,500-3,500 цалинтай. Харин дэлхийн зарим улсад газарзүйн салбарын эрдэмтэн, судлаачид жилдээ $90,890, ус судлаачид $62,261 цалин авдаг жишиг байна” гэлээ.
Бохир ус ч баялаг
Усны мониторингийн судалгаагаар манай улсын нэг сумын төвд 50 тонн бохир ус гардаг байна. Үүнийг сумын төвөө ойжуулж, ногооруулах, тэнд хиймэл нуур, цөөрөм бий болгох замаар уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулж, бууруулах боломжтой. Бохир усаа ч баялаг хэмээн үзэн ашиглах хэрэгтэй аж. Энэ талаар “Монгол Усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор Д.Басандорж мэдээлэл өглөө. Тэрээр “Бохир усны бохирыг нь авчихвал ус үлдэнэ. Тэгэхээр усны нөөц дундрах, дуусах тухай асуудал байхгүй гэж би үздэг. Бусад оронд ч усны нөөцийн нэгдсэн менежмент, хот суурин газрын усны менежментийг хэрэгжүүлээд саарал усыг дахин ашиглах тухай асуудал яригдаж байгаа. Гэтэл бид байгалийн цэвэр усаа шалаа ч, автомашинаа ч угаадаг. Тэгэхээр байгалийн бүтээсэн цэвэр усыг хүн ардынхаа унд, ахуйд хэрэглээд, бусад төрлийн усаа үйлдвэрлтээ ашиглах бүрэн бололцоотой. Монгол Улс нийт усны нөөцийнхөө 3 хувийг л ашиглаж байгаа. Ийм хэмжээнийхийг хэрэглэж буй хэрнээ усны салбарт олон тулгамдсан асуудал гарч байгаа нь усаа зөв, ашигтай хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр зөв тооцоолж, зөв ажиллахгүй бол ирээдүйд эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй” гэсэн юм.