Хаврын чуулган нээж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан ДОЛОО ХОНОГ

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна. 

УИХ-ын хаврын чуулган нээж, Ерөнхийлөгчийн хоригыг хүлээж авлаа 

УИХ-ын 2023 оны хаврын чуулган өнгөрөгч лхагва гарагт нээлтээ хийлээ. УИХ-ын дарга чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагын манлайлан, хүчин чармайлт чухал. Авлигыг үл тэвчих ард түмний нийтлэг хүсэл зорилго нь шаардлага, гарц шийдлийг эрэлхийлдэг. 

УИХ хууль үйлдвэрлэж, батлаад л байдаг. Харин хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын механизм байгуулах шаардлагатай гэсэн саналыг 2017 оны Үндэсний хэмжээний санал асуулгын үеэр иргэдийн төлөөлөл хэлж байсан. УИХ хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргасан юм.

Хөгжлийн банкны, нүүрсний хэргийн талаар УИХ-ын гишүүд эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсан гэдгийг цохон тэмдэглэе. Хөгжлийн банкны гурав дахь шатны сонсгол явагдаж байна. Энэ сонсголоор тус банкны 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зориулалтаар авсныг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. Бид улсынхаа нийгэм, эдийн засагт эрх зүйн шинэчлэл хийх 10 багц хуулийг хэлэлцэн батлах зорилт дэвшүүлсэн. Эдгээрээс авлигатай тэмцэх, улс төр, засаглалын чиглэлээр шинэчлэлийн бодлогын үндсэн асуудлыг шийдвэрлэх нь чухал байна" гэсэн юм. 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм.

Хориг тавьсан үндэслэлийг энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр "УИХ уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн баталсан болохыг тодотгоод хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дээрх хуулийн төслийг хэлэлцэхдээ иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй, судалгааны байгууллагын саналыг харгалзаагүй, олон улсын жишгийг судалж үзээгүй зэргээр холбогдох хуулийг зөрчин баталсан" гэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан парламенттай орны хувьд иргэдийнхээ эрхийг хамгаалж уг хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд хоригтой холбоотой үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 89.1 хувь нь дэмжсэн юм. 

АТГ нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕП-д хүргүүллээ 

АТГ нүүрсний гэх тодотголтой хэргийн явцын талаарх мэдээллийг өнгөрөгч мягмар гарагт өглөө. Улмаар нүүрсний хэрэгт холбогдсон гурван улс төрчийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕП-т хүргүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлж буй.

Түүнчлэн нүүрсний хэрэгт холбоотой шалгагдаж буй хүмүүсийн талаар мэдээллийг өгсөн юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн мэдээлэл өглөө. Тэрээр "Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс тавантолгой" ХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК нь нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. 

Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Хил хамгаалах байгууллга, Гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй, тээвэрлэсэн, тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээр нэвтрүүлснийхээ хариуд хахууль авсан, ОУ-ын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан тухай нийт 42 яллагдагчид холбогдох, гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад, шүүхэд шилжүүлсэн. 

Мөн хугацаанд 166  обектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллага, ААН, иргэнээс 973 удаа баримт материал гаргуулан авсан байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. Үүний,

  • Улс төрд нөлөө бүхий этгээд, УИХ-ын гишүүн 6
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан 1
  • ТНБД асан 4
  • аймаг, сумын засаг дарга 4
  • ИТХ-ын дарга 1
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын 4
  • АТҮТ-ийн албан тушаалтан 4
  • Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын албаны газрын даамал 2 
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2
  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7
  • "Тавантолгой төмөр зам" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 3
  • Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15
  • 22 иргэн тус, тус яллагдагчаар татагдан шалгагдсан байна.

Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан байна. 

Одоо шалгагдаж буй хэрэгт 8 яллагдагч цагдан хоригдож байна. Үүнээс гадна, улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 4,  хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 24 яллагдагчид алсан байна. 

Мөн 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 40 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" гэсэн юм. 

Их, дээд сургуульд элсэх босго оноог шинэчиллээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэх шалгалтын босго оноог тогтоожээ. 2022-2023 оны хичээлийн жилд дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 400-480 хэмээн тогтоожээ.

Ингэхдээ бага боловсролын багш мэргэжлээр суралцахад монгол хэл, математикийн хичээлээр шалгалт өгөх босго оноог 440 оноогоор тогтоожээ. Түүнчлэн эм найруулагч, сувилахуй, эх барихуй зэрэг мэргэжлээр их дээд сургуульд элсэхэд босго оноог 400 болгож тогтоосон байна. Хамгийн өндөр 480 босго оноонд эрх зүй, инженер болон гадаад хэлний орчуулга, хэл шинжлэл, олон улсын харилцаа зэрэг мэргэжил багтжээ. 

Цахим паспортоо уншуулан хилээр нэвтэрдэг болно 

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн иргэд цахим паспортоо уншуулан хилээр нэвтрэхээр болж байгаа аж. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Өнөөдрөөс цахим гадаад паспорт олгох ажил албан ёсоор эхэлж байна. Улмаар Монгол Улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын "ИКАО" нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноор элсэн ороод байна. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг манай улсын иргэн бүр ашиглах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү цахим гадаад паспорт нь чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гааль дээр түргэн шуурхай нэвтрэх боломжтой болно. Иргэд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахим паспортоо уншуулан хилээр нэвтрэх боломжтой болно. Шинэ паспорт 48 хуудастай бөгөөд хуудас нь төрийн тахилгат уул, улаан номд орсон амьтдын зурагтай. Нууцлалын бүх шаардлагыг хангасан тул зураг солих, нэр хуурамчаар үйлдэх зэрэг ямар ч боломжгүй. Монгол Улсад цахим паспорт унших төхөөрөмжийг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд суурилуулна. Улмаар цаашид бүх шалган нэвтрүүлэх хэсэгт шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн иргэд заавал шинэ паспортыг авах шаардлагагүй бөгөөд өмнөх паспортоо ашиглаж болно" гэлээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилсээр

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо үргэлжиллээ. 

Гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж, нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан билээ.   

Сонсголын өнөөдрийн хуралдаанаар үдээс өмнө Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл ; Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, үдээс хойш Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн  гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ.

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)