Угаалтуур тэвэрсэн тэрбумтан нийгмийн сүлжээг тохинуулахаар “Twitter”-ийн төв байранд хөл тавьснаас хойш дуулиан шуугиан тасарсангүй. Их мөнгө олох бус харин хүн төрөлхтөнд туслах зорилгоор жиргээний ертөнцийг худалдан авах бодолтой гэдгээ Илон Маск хэдэн жилийн өмнөөс тунхаглаж байв. Удаан хугацааны яриа хэлэлцээр өрнөж, наймаа хоёронтоо буцах дөхсөний эцэст 2022 оны 10 дугаар сард дэлхийн тэргүүн баян 44 тэрбум ам.доллар зарлагадан байж “Twitter Inc” компанид эзэн суусан билээ. Компанийн гүйцэтгэх удирдлагуудыг нэн тэргүүнд чөлөөлж, 3500 гаруй хүнээр цомхотгол хийсэн шинэ эзэн Твиттерийн хаяг баталгаажуулах цэнхэр тэмдэглэгээг сарын 8 ам.долларын төлбөртэй болгож хэрэглэгчдэдээ эхний “бэлэг”-ээ барив. Компанийг худалдан авсан анхны зорилго болох “Соёл иргэншилт ирээдүйд хүчирхийлэл үйлдэхгүйгээр олон төрлийн итгэл үнэмшлийг эрүүлээр хэлэлцэж болох дижитал талбар бий болгох” хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Маск олон эсэргүүцэлтэй тулж басхүү хөрөнгө чинээтэй хүнээс л гарч болох цочмог шийдлээрээ олныг гайхшруулж яваа. Өөрөөс нь “тэнэг” нэгнийг олбол захирлын суудлаа найр тавина хэмээн мэдэгдэж байсан Маск хэдэн долоо хоногийн өмнө нохойныхоо зургийг “Бусдаас илүү шинэ гүйцэтгэх захирал” гэсэн тайлбартайгаар жиргэж багахан даажигнав. Гэхдээ Илон Маск компанийг худалдан авснаар жиргээний цаадах нарийн учир явдал бага багаар ил болсоор.
Илчилсэн үнэн
Твиттерийн зохицуулалтын бодлогыг өөрчилж, хуулийн шаардлагаас давсан элдэв хязгаарлалтыг цуцлахаар амласан Илон Маск 2022 оны сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээтэй холбоотой зарим нууцыг задалсан нь улстөрийн хүрээнд төдийгүй сэтгүүлчдийн дунд маргаан тарилаа. "Twitter Files" хэмээн нэрийдсэн цуврал баримтыг бэлтгэхдээ тэрээр Rolling Stones сэтгүүлийн нийтлэлч асан Мэтт Тайбби, The Intercept-ийн Ли Фанг, зохиолч Майкл Шелленбергер, Дэвид Цвейг зэрэг туршлагатай эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтарчээ. Товчхондоо АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, Дотоод аюулгүй байдлын департмент зэрэг төрийн байгууллагууд ямар сэдэвт шүүлтүүр тавьж, хэнийг жиргээнээс хасахыг зааварлаж байсныг "Twitter Files” цувралаар дэлгэнэ. Эхний удаад тэд 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Твиттер компани илэрхий Жо Байдены талд ажилласан баримтыг задлав. Тухайн үед Ерөнхийлөгчийн хүү Хантер Байдены авлига авсан тухай баримт зөөврийн компьютероос нь олдсон тухай New York Post сонин нийтэлсний дараа Twitter-ийн зүгээс “хуурамч мэдээ” гэх ангилалд оруулж сүлжээнээс устгах, мэдээллийг нийтэд хүргэх гэсэн оролдлогыг зүйл бүрээр таслан зогсоох оролдлого хийж байжээ.
Дараагийн ээлжид эрх баригчид хийгээд томоохон корпорацын эздийн таалалд нийцээгүй сэдвийг хөнддөг жиргээчдийн хаягийг царцаасан баримт ил боллоо. Тухайлбал, цар тахлын оргил үед эмийн компаниуд вакцинтай холбоотой асуудлыг мэтгэлцээний сэдэв болголгүй, вакцинд эргэлзсэн хаягуудыг Твиттерээс зайлуулахыг шаардсан аж. Тэдний нэг хохирогч нь дархлаа судлаач Роберт В. Мэлоун юм. Эрдэмтэн амьд вирус бус матрицын РНХ-д суурилсан Pfizer вакцин урьдчилан сэргийлэхээс илүүтэй өөр өвчин үүсгэх магадлалтай болохыг тайлбарласан тул "Олон нийтийг төөрөгдөлд оруулсан" хэмээн ангилж хаягийг нь царцаажээ. Стэнфордын их сургуулийн профессор Жэй Бхаттачарья, цар тахлын хөл хорио, амны хаалтыг эсэргүүцэгч, радио хөтлөгч Дэн Бонгино, консерватив идэвхтэн Чарли Кирк нарын жиргээ энэ жишгээр Твиттерийн шүүлтүүрийг давж чадаагүй юм.
Цаашлаад сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид 2021 оны эхээр Капитолын ордонд халдсан үймээний тухай мэдээлэл болон Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг царцааж, яваандаа бүрмөсөн хаахад Твиттерийн удирдлагууд хэрхэн нөлөөлсөн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Одоогоор ил болсон баримтуудаас хамгийн ноцтой нь компанийн контент зохицуулах баг Ойрхи Дорнод дахь АНУ-ын ашиг сонирхлыг хангах үүднээс араб хэл дээрх хуурамч хаягуудыг итгэж болох эх сурвалж хэмээн тодотгодог “Цагаан жагсаалт”-д оруулдаг болохыг илчиллээ. Йемен, Сири, Кувейт зэрэг оронд цахим нөлөөллийн кампанит ажил явуулахад АНУ-ын Төв командлал (CENTCOM)-той хамтран ажилладаг дээрх хаягуудын дийлэнх нь цэргийнхэнтэй холбоотой гэдгээ ил тод зарладаггүй, энгийн хэрэглэгч шиг даруухан дүртэй байх нь.
Нэгэнт Тагнуулын төв газар болон Холбооны мөрдөх товчоо нийгмийн сүлжээнд үнэмлэхүй хяналт тогтоосон нь булзах аргагүй болсон тул АНУ-ын Конгресс мөрдөн байцаалт явуулахаар амлаж, ил тод байдлыг хангах үүднээс Твиттер компанийг бүх баримт бичгээ бүрэн хэмжээгээр ил гаргахыг уриаллаа.
Нууцын нууц
Эхний багц материалууд ил болсны дараа технологийн чиглэлээр бичдэг зарим сэтгүүлчид нотлох баримтыг хангалтгүй гэж үзсэн бол улстөрийн хүрээнд Илон Маск өөрийг нь шүүмжилдэг либерал үзэлтнүүдээс хариугаа авахад Твиттерийг ашиглаж байна гэх үзэл бодол давамгайлж буй.
Маскын илчлээд буй баримтууд нь Wikileaks зэрэг платформууд шиг олон нийт чөлөөтэй хандах эрх олгоогүй, компанийн өмч тул хуульчдаар дамжуулан мэдээллийн санд хандахаар заасан нь сэтгүүлчдэд эргэлзээ төрүүлжээ. Үүнийг батлах мэт "Twitter Files"-ийн нийтлэлчдийн нэг Ли Фанг "Хайлтыг тэдний өмгөөлөгч хийсэн тул миний харсан зүйл хязгаарлагдмал байж магадгүй" хэмээн ам алдлаа. Үүн дээр Илон Маск "Twitter Files"-ын зохиолчдыг олж мэдсэн зүйлээ эхлээд олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтлэхийг шаарджээ. Эргэлзээ төрүүлж буй ба нэг шалтгаан нь дэлхий даяар 370 хэрэглэгчтэй жиргээний нууцыг задлахад зөвхөн Америкийн иргэншилтэй сэтгүүлч, нийтлэлчдийг урьсан агаад тэдний консерватив эсхүл либерал үзэл баримтлалтай эсэх нь анхаарал татна.
Антифа, колончлолын эсрэг дуу хоолой твиттерийн шүүлтүүрт орсон тухай маш олон нотолгоо байдаг. Тухайлбал, Израилийн засгийн газрын захиалгаар Твиттер компани Палестины зохиолч, идэвхтнүүдийн хаягийг удаа дараа царцааж байсныг хүний эрхийн байгууллагууд баримтжуулсан билээ. "Twitter Files"-ын зохиолчид эдгээр тохиолдлыг хараахан судалж амжаагүй гэдэг ч хойшид ил болгох хүсэл хийгээд үнэн түүхийг гуйвуулалгүй дэлгэнэ гэдэг эргэлзээтэй. "Үг хэлэх эрх чөлөө" нэрийн дор нотлох баримтуудыг хяналттай гаргасан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөний дараа Илон Маск нийгмийн сүлжээний компанийн талаар сурвалжилж байсан “New York Times”, “CNN”, “Washington Post” хэвлэлийн сэтгүүлчдийн хаягийг хааж хариу барьсан юм.
Ажиллагсдын талаас илүү хувь нь цомхотголд өртөж, хэрэглэгчийн хувийн нууцтай холбоотой элдэв баримтууд ил болох тусам Твиттерийн техникийн доголдол олширч, тэрслүү үгс хийгээд сэтгүүлчдийн хаягт шүүлтүүр тавих үзэгдэл хавтгайрлаа. Энэ бүгдээс харахад Илон Маскын эзэмшлийн үед жиргээнд үг, үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлэх зохицуулалт сайжрахгүй агаад засгийн газар болон томоохон корпорациудад нийгмийн сүлжээнд хөндлөнгөөс нөлөөлөх нийтлэг асуудал арилахгүй нь бололтой. Үнэн хэрэгтээ сошиал медиа бол Америкийн эзэнт гүрний төсөл. TikTok-ыг эс тооцвол АНУ-ын үндэстэн дамнасан корпорацууд Орос болон эх газрын Хятадаас гаднах дэлхийн бүх томоохон нийгмийн сүлжээг эзэмшиж, бидний юу мэдэж, юуг мартахыг хянадаг билээ.