Дарс таашаах соёл
Алкохолны төрлийн зүйлийг аятайхан хэрэглэж сураагүй хэр нь адалж, муулах хүн олон бий. Хэзээнээсээ л хүн төрөлхтөн энэ зүйлийн эсрэг үр дүнгүй тэмцэл хийсээр өнөөг хүрсэн. Гэхдээ хэрэглэхээ больсонгүй. Хожим харин хэрхэхийг хэлж мэдэх юм алга. Тэгэхээр бидэнд хэмжээ хязгаартай хүртэж сурахаас өөр хэтийн төлөв үгүй бололтой.
Гэлээ ч бас нэг үеэ бодоход ухаанаа алдтал уухаас илүү ухамсартайгаар хүртэх соёл тогтоод буй. Энэ мэт зүйлийг ахиц дэвшил аятай сайрхаж ярих нь зүйтэй эсэхийг хэлж мэдэхгүй ч бусад улс оронд ч ялгаагүй хэрэглэдгийг бодож, буруутгаж, туйлширч бас боломгүй. Уух эсэхээ бид өөрснөө л шийддэг. Хэтрүүлэх үү аль эсвэл хэмжээнд нь тааруулах уу гэдгээ ч бас.
Ухамсарт хэрэглээ
Уншигч та хэн нэгэн, хаа нэгтээ вино уугаад тасарч гэнэ гэж урьд өмнө огт дуулаагүй л болов уу. Ерөөс энэ нь дарс хэрэглэгчид амт, үнэр, авах таашаал, мэдрэмжийг нь чухалчилдагтай холбоотой. Дээхэн үед бол дарсыг дээд зэрэглэлийн ховор эд гэж үзээд, дээдчүүл л хүртдэг ундаа гэлцдэг байлаа. Харин одоо бол өөр. Аливаа арга хэмжээг дарсгүйгээр төсөөлөхөө больж. Амт чанар сайтай дарс шимэнгээ ажил хэрэг зөвлөлддөг бизнес эрхлэгчид ч олширлоо. Учир нь тэд чанартай дарсаар ажлын хамтрагчаа дайлах нь чухал шийдвэр гаргалтад нөлөөтэй гэж үздэг. Тэр бүү хэл айлын хөргөгчинд аль эсвэл гэрийнх нь хаа нэгтээ энэ зүйл хадгалагдаж байгаа харагддаг. Гэхдээ харагдсаных нь зоргоор хөнтөрч орхих хүн барагтаа бол үгүй.
Европоос Азид, Азиас Монголд “Нахиалж буй соёл”
Европт аль хэдийнэ хөрсжиж бэхжээд, Азийн орнуудад нэлээн хожуу үндэслэсэн энэ соёл манай оронд “нахиалаад” удаагүй. Анхлан үүссэн цаг хугацааных нь хувьд авч үзвэл 5000-6000 жилийн өмнөх, харин манайд нэвтрээд 30 орчим жил болж байна. Эхэн үедээ манайхны дарсны тухай ойлголт компоттой адилтгаж болохуйц чихэрлэг амтаар л хязгаарлагддаг байв. Харин одоо амт, үнэр, өнгөний ялгаатай байдал байтугай, аль дарсыг ямар үед хэр хэмжээгээр хэрэглэх тохиромжтойг ч хүмүүс гаргаахгүй боллоо.
Комедиан Содоо
Эхэндээ хүмүүсийн дунд дарс зөвхөн эмэгтэйчүүдэд л зориулагдсан, эмэгтэй хүн л уух ёстой юм шиг ойлголт их байсан. Харин мөн чанартаа энэ зүйл хүн бүрд сэтгэлийн таашаалыг өгч чадахуйц урлагийн бүтээл юм билээ.
Хожуудаж ирсэн ч гажуудсангүй
1800 оны төгсгөл үед Европ даяар тахал дэгдэж, 50 жилийн хугацаанд дарс үйлдвэрлэхээ зогсоосон байдаг. Харин 1900 оны эхэн үед буюу тахлын өвчлөлийг буурсны дараагаар дарсны үйлдвэрлэл, хэрэглээ буцаад эрчимжсэн түүхтэй.
Түүнчлэн Европт эрт цаг үед виног хөрөнгө чинээтэй хүмүүс л хэрэглэдэг байсан гэлцэнэ. Үүний цаад шалтгаан нь усан үзэм тариалах газар нутгийн хэмжээ жижиг, олдоц ховор, их хэмжээгээр үйлдвэрлэх боломж хомс байсантай холбоотой. Нөгөө талаас цаг хугацаа, хүч хөдөлмөр ч нэлээд зарцуулдаг байж. Одоо ч ялгаагүй. Дарс үйлдвэрлэгчид ашгийн нүдээр гэхээс илүүтэй, амт таашаалыг чухалчилж урладагт энэ ундааны үнэ цэн оршдог болов уу. Тиймдээ ч дэлхийн хэмжээнд соёл болтлоо өргөжиж, тив алгасан манайд нутагшаад буй. Хожуудаж ирсэн ч гэлээ сайрхмаар, сайшаармаар зүйл энэ соёлд олон бий.
Мэргэжилтний зөвлөгөө
Вино судлаач Э.Батбилэг
Хүн өөрийн таашаах мэдрэмжтэй холбоотойгоор хэрэглээгээ зохицуулж байдаг. Энэ нь дарсны сонголт дээр ч илэрхий харагддаг.
Ихэнх хүмүүс Булганы айраг гэж хошуурдаг ч мөн чанартаа бусад аймаг, сумдын айрагтай адилхан л аргаар исгэж хийдэг. Амтны тухайд багахан ялгаатай байж болох ч биед үзүүлэх үйлчлэл болоод чанарын хувьд бид үүнийг сайн, муу гэж ялгадаггүй. Яг түүн шиг хаана үйлдвэрлэснээс хамаарч шинж байдал нь өөрчлөгдөж байдгаас сайн чанарын аль эсвэл муу чанарын дарс гэж үгүй. Харин хуурамч болон муудаж, чанараа алдсан вино л гэж бий. Ийм төрлийн вино сонгохоос л зайлсхийх нь хэрэгтэй.
Ерөнхийдөө хэрэглээний түвшинд виног өнгө, усан үзмийн сорт, хаана үйлдвэрлэсэн байдал, амт, үйлдвэрлэж байгаа технологи зэргээр нь төрөлжүүлж авч үзэх нь бий. Миний анзаарснаар аль улс оронд хэрэглэж байгаагаас шалтгаалаад энэ нь ялгаатай байх шиг санагддаг. Тухайлбал манай улсад виноны соёл нэвтрээд удаагүй болохоор зөвхөн өнгөөр нь ялгадаг байх жишээний. Улаан, ягаан, цагаан вино гэх мэт. Харин виноны уламжлалт соёлтой улсуудад бол өөр.
Одоогийн байдлаар манай улсад улаан виног түлхүү хэрэглэж байна. Энэ нь бид мах болон улаан дарсыг хослуулж хэрэглэдэгтэй холбоотой. Нөгөө талаас, улаан дарсыг ер нь хүйтэн, сэрүүн цаг агаартай улс оронд хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Харин Европт цагаан дарсыг голчлон хэрэглэдэг.
Ихэнх судлаачид өдөрт 125 мл буюу нэг хундага виног хоёроос гурван удаа хоолтой хослуулж хэрэглэвэл зохимжтой гэж үздэг. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, хүний биед дутагдсан эрдэс бодисыг нөхөж өгдөг.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл