Польш улс ойрын өдрүүдэд Зөвлөлтийн үеийн сөнөөгч онгоц Украинд нийлүүлнэ
Польш улс Украинд Зөвлөлтийн үеийн дөрвөн нэгж МиГ-29 сөнөөгч онгоц ойрын хугацаанд нийлүүлэхээр болжээ. Ингэснээр тус улс Оросын цэргийн довтолгоо эхэлснээс хойш Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх НАТО-гийн анхны гишүүн болж байна.
Украинаас хамгийн олон дүрвэгч хүлээн авсан Польш улс нь Украины ойрын холбоотон. Польш улс ашиглалтын хугацаа нь дуусахад цөөн жил үлдсэн нийт 10 гаруй сөнөөгч онгоцыг Украинд нийлүүлэхээр төлөвлөж буй. Харин АНУ мөргөлдөөнийг улам хурцатгахаас сэргийлж Украинд байлдааны нисэх онгоц нийлүүлэхээс татгалзсан.
Их Британи улс Украины нисгэгчдийг НАТО-гийн стандарт сөнөөгч онгоцыг жолоодоход сургаж байгаа юм. Гэхдээ үүнд олон сар, жил шаардлагатай тул байлдааны онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэхэд эрт байна гэж барууны холбоотнууд нь үзэж буй.