ҮСХ: Төлбөрийн тэнцэл 189 сая ам.долларын ашигтай гарлаа
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа.
Инфляц 2023 оны эхний хоёр сард 12.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өсөхөд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн юм.
Гадаад худалдааны талаар танилцуулбал, Монгол Улс энэ оны эхний хоёр сард нийт 118 улстай бараа эргэлт хийсэн байна. Гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болсон. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар болсон бол импорт 1.2 тэрбум ам.доллар байгаа юм. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 55.2%-аар, экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 90.1 хувиар, импорт 160.5 сая ам.доллароор буюу 15.5 хувиар тус тус өссөн байна. Харин хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая ам.доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая ам.доллароор буурчээ.
Төлбөрийн тэнцэл 2023 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 189 сая ам.долларын ашигтай гарсан юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 526 сая ам.доллараар өссөн үзүүлэлт.
Мөнгөний нийлүүлэлт М2 нь 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 30.2 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Өсөлтөд валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн.
Нийгмийн статистик мэдээллийг танилцуулбал, Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний хоёр сарын байдлаар 555.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 223.7 тэрбум төгрөг буюу 67.4 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 200 тэрбум төгрөг буюу 71.9 хувиар, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 12 тэрбум төгрөг буюу 63.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 251.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 40.6 тэрбум төгрөг буюу 19.3 хувиар өссөн бол зарлага нь 287.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 117.3 тэрбум төгрөг буюу 29 хувиар буурсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.7 мянгаар, өмнөх улирлаас 347-гоор, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 36.8 мянгаар өсжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.7 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 312 мянган төгрөгөөр өмнөх улирлаас 177 мянган төгрөгөөр нэмэгджээ.