БНСУ-ын Ерөнхийлөгч Япон улсад айлчилж байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Япон улсад хийж буй айчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзлаа. Энэ айлчлал нь сүүлийн 12 жилийн хугацаанд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж буй анхны айлчлал болж буй.
Хоёр улс олон жилийн турш үргэлжилсэн худалдааны маргаанаа шийдвэрлэж, тогтмол уулзалт хийж байхаар тохиролцсон байна. Япон улс хагас дамжуулагч материалын экспортод тавьсан хязгаарлалтаа цуцлахыг зөвшөөрсөн бол БНСУ Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан гомдлоо эргүүлэн татахаа мэдэгдлээ.
Түүнчлэн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийллийн эсрэг зогсохын тулд хоёр орон цэргийн тагнуулын мэдээлэл солилцох гэрээгээ бүрэн хэвийн түвшинд аваачихаар зөвшилцөлд хүрчээ.
Ингэснээр Өмнөд Солонгос, Япон улсууд Умард Солонгосын цөмийн пуужингийн хөөрөлт, замынх нь талаарх мэдээллийг цаг алдалгүй солилцож, хариу үйлдэл үзүүлэх боломжтой болох аж.
Солонгосын хойг Японы колончлолд байсан түүхэн маргаанаас болж хоёр улс өнөөг хүртэл хурцадмал харилцаатай байдаг. Харин энэ айлчлал нь хоёр улсын харилцааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд үзэж буй.