Францын засгийн газар парламентдаа санал хураалт явуулахгүйгээр тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг батлахаар шийдвэрлэсэн нь тус улсад эмх замбараагүй байдлыг бий болгоод байна.
Тэтгэврийн насыг 62-64 болгож нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцсэн Францын иргэд гудамжинд гарч үймээн дэгдээн, цагдаа нартай мөргөлджээ. Энэ сарын 12-ны өдөр Францын Сенатаар дэмжигдсэн хуулийн төслийг парламентын доод танхим болох Үндэсний Ассамблейн санал хураалтад оруулах ёстой байсан юм. Гэвч Үндэсний Ассамблейн чуулган эхлэхээс өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үндсэн хуульд заасан тусгай эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, санал хураалт явуулахгүйгээр хуулийн төслийг батлахыг Ерөнхий сайдаасаа хүссэн байна.
Үүнтэй холбоотойгоор Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн шинэчлэлийг батлах зайлшгүй шаардлагатайг парламентад хэлжээ. Түүний үгийг тасалдуулж зүүний радикал намын гишүүд төрийн дууллаа чангаар дуулж Борнийг “Огцор”, “Огцор” хэмээн орилсон байна.
Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн Францийн иргэд олон сарын турш жагсаал цуглаан, ажил хаялтыг зохион байгуулж буй. Харин хуулийн төслийг баталсны дараа иргэдийн жагсаал улам хурцдаж Парис хотод овоорсон хогуудыг шатааж, цагдаа нар руу чулуу нүүлгэсэн байна. Цагдаа нар эмх замбараагүй байдлыг дарахын тулд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, даралтат ус ашиглажээ.