"Урсгах"-аасаа урьтаж

Иргэд хугацаа нь дууссан эмийн хог хаягдлаа хэрхэн байгальд хор нөлөөгүй хаях талаарх ойлголт мэдээлэл тун хомс байдаг. Ихэнх нь эмийн хаягдлаа энгийн хог хаягдалтай нийлүүлж эсвэл усанд урсгах зэргээр өөртөө болон өрөөлд халтай аргаар устгадаг. Энэ нь хүмүүсийн эрүүл мэнд болон байгальд асар хор уршигтай. Эрүүл мэндийн байгууллагаас эмийн болон эсэд нөлөөтэй хог хаягдал, химийн бодисын хог хаягдал, цацраг идэвхт хог хаягдлыг аюултай хог хаягдал хэмээн ангилж үздэг аж. Ийм аюултай хог хаягдал нь ахуйн хогноос ялгаатай учир хог хаягдлыг устгаж, халдваргүйжүүлэх тусгай журам, стандарт байдаг байна.

Жоргүй, хяналтгүй эмийн балаг

Аюултай хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн алхам бол дур мэдэн эмийн худалдан авалт хийхгүй байх явдал юм. Тиймээс эмчийн зааврын дагуу эм худалдан авах нь чухал. Ингэснээр хөрс шороо, агаар орчныг бохирдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ. Харин нөгөө талдаа иргэд хугацаа нь дууссан эмийг ангилан ялгаж, зориулалтын дагуу устгалд оруулдаг газар тушааж дадах хэрэгтэй байна. Бусад улс оронд эмийн хог хаягдлыг иргэдээс тусгайлан авч устгалд оруулдаг жишиг тогтсон байдаг. Тухайлбал, АНУ-д жил бүрийн арав болон дөрөвдүгээр саруудад илүүдэл эмийн хаягдал буцаан авах өдөрлөг зохион байгуулагддаг аж. Ийнхүү олон тооны химийн гаралтай хог хаягдлыг хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс нь урьтаж, устгалд оруулдаг байна. Мөн эмнэлэг, эмийн сангууд нь хэрэглэж дууссан эмийн шил сав, хугацаа нь дууссан эмийг тушаах тусгай савуудыг байршуулсан байдаг байна.

Манай улсын хувьд ч энэ жишгийг нутагшуулахаар ажиллаж байна. Тухайлбал, зарим өрх, дүүргийн эмнэлэг иргэдээс хугацаа нь дууссан эм хүлээн авдаг хайрцаг байршуулж эхэлжээ. Бид энэ талаар ХУД 15-р хорооны нийгмийн ажилтнаас тодруулсан юм.

"Мэндсаруул Өрх"-ийн Нийгмийн ажилтан Х.Ононтуул
Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүр “Сайн туршлага” хэмээх арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд бусад эмнэлгүүдийн сайн туршлагаас жишээ авч, нэвтрүүлэхийг зорьдог. Манай өрхийн эмнэлгийн хувьд БЗД-ийн өрхийн эмнэлгээс санаа авч хугацаа нь дууссан эмээ хийх зориулалтын савыг байршуулсан. Улмаар ХУД-ийн 15,18,19-р хорооны иргэд ирж хэрэглэхгүй байгаа эсвэл хугацаа нь дууссан эмээ тушаадаг болсон. Тус туршлагыг хэрэгжүүлснээр байгальд ээлтэйгээс гадна бага насны хүүхэд эмийг дур мэдэн зохисгүй хэрэглэх аюул болон бусад эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Бидний хувьд "Элемент" ХХК -тай гэрээтэй ажиллагдаг. Тус компаниас долоо хоногт хоёр удаа ирж эмнэлгийн аюултай хог хаягдал болон эрсдэлтэй хог хаягдлыг хүлээн авч устгалд оруулдаг.

Байгаль орчноо хамгаалах үйлст хувь нэмрээ оруулъя

Дээрх сайн жишгээс гадна “Эмийн хаягдлыг ангилж хэвшицгээе” ТББ хамт олон  “3% эмийн хаягдлыг ангилцгаая” төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд энэхүү төслөөрөө олон улсад хэрэгждэг эмийн хаягдлын жишгийг эх орондоо нэвтрүүлэхийг зорьсон байна. Улмаар нийслэлийн 25 байршилд эмийн хаягдлыг хүлээн авч зохих ёсных нь дагуу устгалд оруулж байгаа аж. 

"3% Эмийн хаягдлыг ангилцгаая" төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч О.Гэрэлчимэг

Төслийнхөө хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс хүлээн авч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр устгалд оруулж байна. Миний хувьд гурван жилийн өмнө гэрээсээ хугацаа нь дууссан эм олоод, хаях гэтэл хэрхэн устгалд оруулах, хаана тушаах зэрэг ямар ч мэдээлэл олдоогүй. Иймд тус төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаях нь хөрс шороо, агаар орчныг бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ төрлийн хог хаягдлыг стандартын дагуу устгах шаардлагатай байдаг.

Ийнхүү олон залуус, цөөнгүй байгууллага хортой хог хаягдлыг хэрхэн хаяж, устгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч иргэдийн оролцоо дутмаг хэвээр байна. Иймд таны хувьд байгаль орчноо хамгаалах үйлст хувь нэмрээ оруулахад ердөө хоёр алхам хийхийг уриалж байна. Үүнд гэрт байгаа хугацаа нь дууссан, хэрэглэхээ больсон эм бэлдмэлүүдээ нэг дор цуглуулах. Улмаар тусгай хаягдлыг хүлээж авах шилэн хоргонд эмийн хаягдлаа хийхэд л хангалттай юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Medmeer ym bn. Heregtei medeelel bn

    1 0 Хариу бичих