Агаарын бохирдлын асуудлаар нээлттэй сонсгол явуулна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, Байнгын хороод чуулганы хугацаанд хийх ажлаа төлөвлөж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Цгтбаатар агаарын бохирдлын асуудлаар нээлттэй сонсгол явуулах санал гаргалаа. 

Д.Цогтбаатар: -Агаарын бохирдлын асуудлаар нээлттэй сонсгол явуулах санал гаргасныг олон гишүүн дэмжиж өргөн барьсан байгаа. Хүний эрхийн дэд хороо Улаанбаатар хотын агаарын бохирдол, сайжруулсан түлшний асуудлаар ирэх дөрөвдүгээр сард сонсгол явуулмаар байна. Гадаа дулаарлаа гээд тайвширч болохгүй. Дараагийн өвлийн бэлтгэл тасралтгүй хийгдэж байх ёстой. Алга болчихсон байсан утаа яагаад буцаад гараад ирэв, асуудал юунд байна вэ гэдгийг сонсохгүй бол болохгүй.

Ж.Сүхбаатар: -Замын түгжрэл, утаа хоёрыг шууд холбоход хэцүү. Гэхдээ холбоо хамаарал бий. Авлигын утаа, ядуурлын утаа, түгжрэлийн утаа гэж бий. Түгжрэлийн асуудлыг хариуцаж байгаа учраас би хааяа таксигаар явдаг. Саяхан таксины жолоочтой ярьж байхад нэг зүйлийг хэлсэн. Юу гэсэн гэхээр "Бүгд шахмал түлшнээс болоогүй. Автомашинуудын нүүрсэн яндан буюу шүүлтүүрийг их хэмжээгээр хилээр гаргаж байгаатай холбоотой" гэж байна лээ. Ер нь иргэддээ нэгдсэн мэдээлэл, ойлголт өгөх нь чухал учраас өнгөрсөн өвөл юу болов гэдгийг нээлттэй ярилцах нь зөв. Дараа жилийн өвөл ойрхон байна. Тиймээс өвөл болоход ярьдаг юм аа яриад суухын оронд одооноос бэлдэж, өнгөрсөн хугацааны асуудалд дүгнэлтээ хийх хэрэгтэй.

Б.Энхбаяр: -Д.Цогтбаатар гишүүний санаачилгыг бүрэн дэмжиж байгаа. Энэ саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж, дөрөвдүгээр сард Хүний эрхийн дэд хороог хуралдуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар нээлттэй сонсгол явуулъя.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)