Хөдөөгийн сэргэлт: 21 аймаг Улаанбаатарынхыг ингэж урьж байна

“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган өнгөрсөн долоо хоногийн онцлох нэгэн арга хэмжээ байлаа. Өнгөрсөн баасан гарагт /2023.03.10/ болсон энэхүү чуулганд 21 аймгийн удирдах түвшний албан тушаалтнууд оролцож, тухайн аймагт Улаанбаатар хотоос шилжин суурьшсан тохиолдолд ямар боломж, нөхцөл олгож буй талаараа дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нийслэлээс нүүх иргэдэд 21 аймаг ямар боломж олгож байна вэ.

Архангай аймаг: Хувийн хэвшлийг дэмжиж ажиллах чиглэлээр газар олголтыг шуурхай олгож байна

Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид

 Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд аймгийн төвдөө дахин төлөвлөлтийн шинэ суурьшлын бүсэд 1000 айлын орон сууцны газрыг шийдээд ажил эхэлж байна. 572 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Архангай аймгийн эдийн засгийн гол үндэс суурь нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Эрчимжсэн мал аж ахуйг аймгийн төвүүд, сумын төвүүдэд ойр орчимдоо нэмэгдүүлье, үүнтэй холбож, газар тариалангаа хөгжүүлье гэсэн бодлого гаргаад явж байна. Архангай аймгийн хөгжлийн нэг гол салбар нь аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах, үүнд хувийн хэвшлийг дэмжиж ажиллах чиглэлээр нийт газар олголтыг шуурхай олгож, сумдын ИТХ, аймгийн ИТХ-ын хурлаар энэ асуудлыг шийдэх тал дээр хөнгөн шуурхай ажиллаж байгаа. Эхний үр дүнгүүд гарч байна.

Баян-Өлгий аймаг: Даянгийн боомтоор дамжуулан БНХАУ-аас жуулчид авахаар ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арман

Баян-Өлгий аймгийн хувьд урд талдаа Даянгийн боомт, хойд талдаа Цагаан нуурын боомттой. Эхний ээлжинд гадаад худалдааг хөгжүүлье, хоёрдугаарт, Алтай таван богдыг түшиглэсэн баруун бүсийн аялал жуулчлалын бүс байгуулахаар баруун гурван аймаг хамтарч ажиллаж байна. Дотоодын жуулчид Ховд, Баян-Өлгий, Увс аймаг гэсэн маршрутаар аялж байгаа. Үүнийг өргөтгөж Даянгийн боомтоор дамжуулан БНХАУ-аас жуулчид авахаар ажиллаж байна. Энэ ажил маань 2023 оноос хэрэгжиж эхэлнэ. Цагааннуурын чөлөөт бүс нэгдүгээр сарын 2-ноос эхэлж, нээлтээ хийсэн. Эхний ээлжинд туршилтын журмаар бараа таваараа гаргаад явж байгаа. Чөлөөт бүсийн хашаанаас иргэн өдөрт гурван сая төгрөг, 580-аад төрлийн барааг нэг удаа гаалийн НӨАТ-ын татваргүй гаргах бүрэн боломжтой учраас баруун таван аймаг хүнс барилгын материалыг Цагааннуурын чөлөөт бүсээр дамжуулж авах бүрэн боломжтой.  

Баянхонгор аймаг: Ингэний фермер эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтарч ажиллана

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан

Орон нутагт ажилтай, орлоготой байвал тэнд хүн цуглана. Тиймээс ажлын байр орлогыг бий болгож байж маш их хэмжээний иргэн Улаанбаатар хотоос ирж шилжин сууна гэж бодож байгаа. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Баянхонгор аймаг үндсэн дөрвөн зорилт тавин ажиллаж байна.

Нэгдүгээрт, энэ жил 2023 онд 1124 айлын орон сууц ашиглалтад орно. Залуучууд болон аймагт шилжин суурьших иргэдэд орон сууцтай болох боломж олдоно. Хоёрдугаарт, манай аймаг дэд бүтэцдээ онцгой анхаарч байгаа. Үүний үр дүнд дэд бүтэц нь шийдэгдсэн газар маш олон болж байна. Шилжин суурьшин ирж буй иргэдэд дэд бүтэц нь шийдэгдсэн таатай газар байна. Гуравдугаарт, экспортын үйлдвэртэй болох зорилт тавин Ингэний сүүний үйлдвэр бариад ашиглалтад оруулсан. 2023 ондоо тоног төхөөрөмжөө байршуулан ингэний сүүгээ хатааж эхэлнэ. Үүнд ажиллах хүчин маш их шаардлагатай болж байгаа. Ингэний фермер эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хамтарч ажиллана. Газар олгохоос гадна фермерээ байгуулах боломжоор хангана. Төрийн үйлчилгээг яаж иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчлэх вэ гэдэг тал дээр онцгой анхаарч байгаа. Төрийн албаныхан очиж үйлчилдэг нээлттэй аймаг болохыг зорьж байгаа. Бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулахад таатай бүхий л нөхцөл боломжоор хангана.  

Булган аймаг: Мал аж ахуйн салбарт бизнес эрхлэх Улаанбаатар хотын иргэдэд Булган аймаг нээлттэй

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ

Булган аймагт мал аж ахуй, газар тариалангийн салбар хөгжсөн. Мал аж ахуйн салбарт бизнес эрхлэх Улаанбаатар хотын иргэдэд Булган аймаг нээлттэй. 3.8 сая малтай. Тиймээс залуу гэр бүлүүдийг малжуулах төсөлд хамруулах боломж бий. Аялал жуулчлалын чиглэлд хөгжүүлэхээр хэтийн зорилгоо тавин ажиллаж байна. Өнгөрсөн жил аялал жуулчлалын арга хэмжээнүүд зохион байгуулж, орон нутагтаа тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлого олсон. Монгол Улс 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Булган аймагт аялал жуулчлалын бизнес эрхлэх боломж бий. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн. Булган аймаг нь газарзүйн байрлалын хувьд Улаанбаатар хотоос 360 км. Тийм ч хол биш. Булган аймгийн аль ч суманд очоод амьдрах боломж бий. Байгаль цаг уурын хувьд говьхангай хосолсон маш сайхан нутаг. Хөдөөгийн сэргэлтийг дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийлмээр байна. Булган аймагт хүний нөөцийн дутагдал байгаа. Одоогоор төрийн захиргааны алба, эрүүл мэнд, боловсролын салбарт очиж ажиллахад нээлттэй.  

Говь-Алтай аймаг: Говь-Алтай аймагт бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх саналууд яригдаж байна

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар

Говь-Алтай аймагт бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх саналууд яригдаж байна. Үүний эхнийх нь Нарансэвстэйн боомтыг сэргээх юм. БНХАУ-ын Ганьсү мужтай хиллэдэг Нарансэвстэй боомтыг сэргээснээр баруун бүсийн Замын-Үүд-Эрээн болох юм. Ингэснээр баруун бүсийнхэн Улаанбаатараар дамжиж БНХАУ, ОХУ оролгүй Нарансэвстэйн боомтоор дамжин Дундад Ази, Европ, ОХУ руу гарах боломжтой. Ингэснээр баруун бүсийн иргэд Монгол Улсын хилээс 60 км яваад Торгоны замд холбогдох юм. Бизнес хийх хамгийн том боломж энэ гэж харж байгаа. Дараагийнх нь сумын төвийн шинэчлэл хөдөөгийн хөгжлийн хүрээнд Говь-Алтай аймгийн 8000 гаруй малчид нийлсэн хувьцаат компанитай болъё, малын гаралтай эцсийн бүтээгдэхүүн гаргадаг экспортыг хөгжүүлье гэдэгтэй санал нэгдэн эхний ажлууд хийгдээд явж байна. Энэ жилдээ бид ТЭЗҮ боловсруулаад үйлдвэрийнхээ шавыг тавих гээд явж байна. Ингэснээр Говь-Алтай аймагт малын гаралтай бүх түүхий эдийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болно. Үүнтэй холбогдуулан хамгийн багадаа 4000-5000 ажлын байр бий болж байна.

Говьсүмбэр аймаг: Говьсүмбэр аймагт очиж ажиллаж амьдаръя гэвэл газар, дэд бүтэц, дулаан, бохир, цэвэр усны асуудлыг бүрэн шийдсэн

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Д.Батсуурь

Манай аймгийн хувьд дэд бүтэц бүрэн хөгжсөн аймаг. Тийм учраас Говьсүмбэр аймгийг эхнээс нь цэгцтэй, иргэд амьдрахад таатай орчин бүрдсэн аймаг болгохыг зорьж байна. Хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, нийтийн орон сууцны бүс, хувийн орон сууц хаусны бүс гээд гаргасан. Тиймээс иргэн эдгээр бүсээс сонголтоо хийж, үйлдвэр үйлчилгээ явуулъя, ажлын байрыг нэмэгдүүлье, орон сууцыг барья гэвэл хамтарч ажиллаад бодлогоор дэмжээд явах бүрэн боломжтой. Говьсүмбэр аймагт очиж ажиллаж амьдаръя гэвэл газар, дэд бүтэц, дулаан, бохир, цэвэр усны асуудлыг бүрэн шийдсэн. Говьсүмбэр хүн ам цөөтэй боловч өрсөлдөх чадвараараа жил бүр эхний 5-д эрэмбэлэгддэг. Үүний цаад шалтгаан нь дэд бүтэц. Эдийн засгийн олон боломж манай аймагт бий.  

Дархан-Уул аймаг: Орчны болон хүнсний аюулгүй байдлыг хангасан бол хүссэн зүйлээ хий 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал

Гэр хорооллоо багасгаж, орчин үеийн орон сууцажсан хот болохоор зорьж байгаа. Дархан-Уул аймгийн төв буюу Дархан хотод 100 орчим мянган хүн амьдарч байна. 2035-2050 он гэхэд 150 мянган хүн болгох ийм тооцоо судалгаатайгаар ажиллаж байгаа. Тийм учраас хот төлөвлөлт, газар ашиглалтыг зөв бодлоготойгоор авч явбал Дархан хотод ирэх бизнес эрхлэгч, иргэдэд аюулгүй ая тухтай амьдрах боломж бүрдүүлнэ. Дархан-Уул аймаг бизнесийн гурван чиглэлээр хөгжиж байгаа. Нэгдүгээрт, аж үйлдвэрийн салбар. Өнгөрсөн оны статистикаас харахад барилгын материалын үйлдвэрлэл болон барилга угсралтын ажил өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа. Улаанбаатар хотыг барилгуудыг барилгын материалаар хангах гол түүхий эдийн цэг нь Дархан хот. Хоёр дахь салбар нь үйлчилгээний салбар. Хотын аялал жуулчлал, спорт аялал жуулчлал болоод хотод зохион байгуулагддаг ямар арга хэмжээ байна түүнийг орон нутгийн, улсын, олон улсын хэмжээнд зохион байгуулах боломжтой.   

Төрийн байгууллагын зүгээс шалтгаалж иргэдийн бизнесийн үйл ажиллагаа огт зогсохгүй байх ёстой. Иргэд хүссэн зүйлээ хий. Ингэхдээ орчны аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг хангаж байх ёстой гэсэн шаардлагыг төрөөс тавина. Бусад тохиолдолд хүссэн санаснаа орон нутагтаа хэрэгжүүлж ажилла гэдэг уриалгыг дэвшүүлж ажиллаж байна. Нөхцөлийг бүрдүүлээд өгөхөөр иргэд өөрсдөө ажиллаж амьдрах боломж нь нээгдэнэ гэж харж байгаа. Төр ажлыг байрыг бий болгож өгдөг хувийн хэвшилтэй адил бизнесийн үйл ажиллагаа хийдэг байгууллага биш гэсэн бодлоготой ажиллаж байна.

Дорноговь аймаг: Томоохон аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих учраас үүнийг дагасан маш олон жижиг дунд үйлдвэрүүд байгуулах бүрэн боломжтой

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хонгорзул

Дорноговь аймгийн хувьд ойрын хугацаанд 10 мянган айлын орон сууц барихаар том зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 2023 онд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад орохоор бэлэн болсон байна. Шилжин суурьшихаар ирж буй иргэдэд дэд бүтцийг шийдсэн газар олгоно. Тиймээс амины орон сууц бариад амьдрах, газар тариалах эрхлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломж байгаа. Томоохон аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих учраас үүнийг дагасан маш олон жижиг дунд үйлдвэрүүд байгуулах бүрэн боломжтой. Үүнд газар олгохоор төлөвлөсөн. Дорноговь аймагт хөдөө аж ахуйн таван эрчимжсэн бүсийг байгуулж, ХАА-н бизнесийн тал дээр иргэн аж ахуйн нэгжийг хамтарч ажиллахыг урьж байгаа. Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёрдугаар үе шат эхэлж байна. Алтанширээтийн Хар төмөрлөгийн цогцолборын ажил ид дундаа явж байна. Төмөр зам дагасан ажлын байруудад маш олон сул ажлын байр байна. Мөн төрийн байгууллагуудад ч гэсэн тодорхой хэмжээний сул орон тоо байгаа. Дорноговь аймгийн талаарх мэдээллийг https://www.dornogovi.gov.mn сайтын “Нээлттэй Дорноговь” цэснээс авах боломжтой.

Дорнод аймаг: Үйлдвэрлэл, үйлчилгээ худалдааг хөгжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн

Орон нутагтаа боловсон хүчнээ бэлтгэх, дэмжих зорилгоор “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж байна. Үүнээс гадна “Нутгийн ирээдүй” гэсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Орон нутгийн зүгээс дэд бүтцийг байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ худалдааг хөгжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Дорнод аймаг 85 мянга гаруй хүн амтай. Сүүлийн таван жилд хүн амын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа. Цаашдаа 20 хувиар нэмэгдүүлэх буюу хүн амын тоог 110 мянгад хүргэх зорилт тавин “Нээлттэй Дорнод” аймаг хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлан цаашид эрчимжүүлээд явна.

Дундговь аймаг: Төгсөх курсын оюутнуудын төлбөрийг төлж, аймаг орон нутагт ирж ажиллах бололцоогоор хангаж байна

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат

Дундговь аймагт Улаанбаатар болон бусад аймаг орон нутгаас ирж сурч ажиллаж амьдрахад нийгмийнх нь асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс хүний нөөцийн хөгжүүлэх бодлогыг 2021 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна. Их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудтай гэрээ байгуулж, төлбөрийг төлж, 3-5 жил аймаг орон нутагт ирж ажиллах энэ бололцоогоор хангаж байна. Орон байрны дэмжлэгээс гадна тогтвортой ажиллаж буй төрийн албан хаагчдад эрүүл мэндийн дэмжлэг үзүүлнэ.

Завхан аймаг: Завхан аймагт бизнес эрхлэхээр очсон иргэдийг бүх талаар дэмжих боломжтой

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал

Улиастай суманд 800 айлын орон сууц барьж эхлэх гэж байна. Дэд бүтцийнх нь асуудлыг бүрэн шийдлээ. Үүнийг дагаад залуучууд очиж ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж өгч байна. Манай аймгийн дөрвөн суманд орон сууцны тохилог сууц барьж, өнгөрсөн намар ашиглалтад авсан. Ингэснээр сум орон нутагт залуучууд очиж ажиллах боломжийг бүрдүүллээ. Тосонцэнгэл суманд дулааны цахилгаан станц баригдана. Ингэснээр эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж үйлдвэрүүд хөгжих боломжтой болж байна. Завхан аймагт бизнес эрхлэхээр очсон иргэдийг бүх талаар дэмжих боломжтой. Манай аймагт мал аж ахуй, газрын доорх баялаг, хүн зон, аялал жуулчлал ч байна.

Орхон аймаг: Гарааны бизнес болон бусад бизнесийн чиглэлээр сургалт тогтмол явуулж байна

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал

Орхон аймаг бол Улаанбаатар  хотоос алслагдсан аймгууд дотор дэд бүтэц хамгийн таатай хөгжсөн аймаг. Хангайн сайхан энэ нутагт байршдаг, зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан байдаг зүй тогтолтой газар юм. Орхон аймагт “Эрдэнэт” үйлдвэр байршдаг. “Эрдэнэт” үйлдвэр ажлын байраа нэмэгдүүлбэл тогтвор суурьшилтай, өндөр цалинтай ажиллах боломж бий. Залуучуудаа тогтоон барьж дэмжихийн жижиг дунд бизнесийг дэмжиж багагүй ажил хийж байгаа. Гарааны бизнес болон бусад бизнесийн чиглэлээр сургалт тогтмол явуулж байна. Зах зээлийн судалгааг хийхээр ажиллаж байна.

Өвөрхангай аймаг: Улсын топ 10 сургуулийн хоёр нь Өвөрхангай аймагт байдаг

Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн

Шилжин ирсэн иргэдэд газар талбайг чөлөөтэй олгоно. Одоогийн эрх зүйн орчноор аж ахуйн зориулалттай газар олгоход дуудлага худалдаагаар олгож байгаа. Боловсролын байгууллагын үйл ажиллагаа бусад аймгуудтай харьцуулахад сайн байгаа. ЭЕШ-ын дүнгээр сүүлийн 16 жилийн хугацаанд 1-3 дугаар байр эзэлж байна. Улсын топ 10 сургуулийн хоёр нь Өвөрхангай аймагт байдаг. Нэг нь аймгийн төвд. Нөгөө нь Хархорин суманд байна. Хөнгөлөлттэй зээлийн бодлогуудыг хэрэгжүүлж байна. ХХААХҮЯ-наас олгож буй 3 хувийн хүүтэй 20 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх зээл олгож байна. Жайка болон Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж буй зээлүүд олгож байгаа. Мөн бүх суманд хоршоо хөгжүүлэх сан ажиллаж, сумын ЗДТГ сонгон шалгаруулалтаа хийгээд олгодог зээлүүд бий. Аймгийн хэмжээнд 12 суманд үйлдвэрийн районыг гаргаж, үйлдвэрлэлд нэн шаардлагатай инженерийн шугам сүлжээг хийж, 45 га талбайг үйлдвэрээ нээх хүмүүст зориулан бэлтгээд байна. Газар тариалангийн чиглэлээр нэлээд талбай манай аймагт бий. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгасан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэд мэдээлэл авах боломжтой.

Өмнөговь аймаг: Төрийн албан хаагчдынхаа цалинг 80-100 хувь нэмсэн

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж

Өмгөговь аймгийн хувьд саяхан төрийн албан хаагчдынхаа цалинг 80-100 хувь нэмсэн. Төрийн албан хаагчийн сул орон тоо манай аймагт бий. Цалинг нэмсэнтэй холбоотойгоор нааштай хандлага ажиглагдаж байна. Өмнөговь аймгийн сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд шинэ барилгатай. Бүх төрийн байгууллага болох сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдсон. Тийм учраас ирж буй хүмүүс ая тухтай амьдрах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. 1000 айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Орон сууцууд ихээр баригдаж байна. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлд зориулж, улсаас нэг тэрбум төгрөг өгч байгаа. Бид бүхэн аймгаасаа таван тэрбумыг шийдвэрлээд зургаан тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээлийг олгож байна. Ингэхдээ жинхэнэ эздэд нь буюу Өмнөговь аймагт амьдарч, бизнес эрхэлж байгаа хүмүүст олгож байна. Манай аймагт ШУТИС-ийн харьяа сургууль байгуулагдаж оюутнуудын тоо өсөх хандлагатай байгаа. Тийм учраас оюутнуудтай айл өрхүүд ирэх бүрэн боломжтой. Чухал мэргэжлийн хүмүүсийг бид бүхэн Тамгын газрынхаа орон сууцаар хангаж байна. Жишээлбэл, шүдний хоёр эмчийг Тамгын газрын орон сууцаар хангаж ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байна.  

Сүхбаатар аймаг: Шилжин ирэгсдэд зориулсан нийгмийн баталгааны хөтөлбөр энэ жилээс хэрэгжүүлнэ

Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат

Сүхбаатар аймагт дутагдалтай байгаа төрийн албан хаагчдын судалгааг иж бүрнээр хийж гаргасан. Хаана ямар салбар дээр, хэдий тооны боловсон хүчин дутагдалтай байна вэ гэсэн тооцоог гаргасан. Энэ дутагдалтай боловсон хүчнийг нөхөхийн тулд Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа баталсан. Сүхбаатар аймагт ирж ажиллаж амьдарч сурах гэж байгаа иргэдэд орон байрны хөнгөлөлт, сургалтын төлбөрийг даах болон бусад хэлбэрүүдээр дэмжин ажиллана. Нийгмийн баталгааны хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж эхэлнэ.

Сүхбаатар аймагт нүүж очиж буй иргэдэд Улаанбаатар хотод амьдарч байсан орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж бодож байгаа. Энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг шийдсэн 960 айлын орон сууцны цогц хорооллын ажил эхэлж байна.

Энэ жил манай аймагт улсын хэмжээний томоохон төслүүдийн ажил эхэлнэ. Жишээлбэл, Дорноговь-Хөөт-Бичигтийн төмөр замын ажил, газрын тосны хоолойн ажил, Бичигтийн боомтыг өргөтгөх төсөл, Бичигтийн боомтод нүүрс ачиж буулгах талбайн ажлууд эхэлж байна. Энэ томоохон төслүүд эхэлснээр Сүхбаатар аймагт олон тооны ажлын байрууд бий болж байна. Жишээлбэл, төмөр замын ажил эхэлснээр зөвхөн энэ бүтээн байгуулалтад 800 хүн ажлын байраар хангагдана.  

Сэлэнгэ аймаг: Аймгуудад тарьц суулгац нийлүүлэх аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана

Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг дөрвөн зорилго зорилтыг тавин ажиллаж байна. Нэгдүгээрт, Сэлэнгэ аймаг газар тариалангийн улсын хэрэгцээний 50 орчим хувь, төмс хүнсний ногооны 30 хувь орчим хувийг хангаж байна. Эдгээрийг 60 хувь хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Хоёрдугаарт, Алтанбулагийн чөлөөт бүс Сүхбаатар боомтыг түшиглэж тээвэр логистикийн бүсийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Учир нь манай аймгийн нутаг дэвсгэр дээр өрнө дорныг холбосон автозам болон төмөр зам манай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдгөөрөө давуу талтай.

Гуравдугаарт, Үндэсний тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд манай аймаг тарьц суулгагч аймаг болсон. Тиймээс үүнийг ногоон зах зээл, ногоон эдийн засаг гэж харж байна. Тиймээс аймгуудад тарьц суулгац нийлүүлэх аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана.

Дөрөвдүгээрт, Сэлэнгэ аймаг хилийн бүсийн аймаг. Тиймээс хил дамнасан аялал жуулчлалд акцент өгч ажиллах нь чухал байна. Сэлэнгэ аймаг нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хоттой ойрхон байршилтай. Тиймээс эдийн засгийн боломж байна гэж харж байгаа. Тиймээс аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бүрэн боломж байна гэж харж байгаа. Дараагийн нэг томоохон зорилт нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 50 МВт-ын дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх гэж байна. Тиймээс инженер техникийн ажилтнуудыг одооноос бэлтгэж байна.

Төв аймаг: Манай аймгийн 26 сум төвлөрсөн халаалтын системтэй болж байгаа

Төв аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ

Хөдөө амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин хотод амьдарч байгаа хүмүүсийнхтэй адил эн тэнцүү байж хотоос хөдөө рүү чиглэсэн урсгал нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс манай аймгийн 26 сум төвлөрсөн халаалтын системтэй болж байгаа. Сум орон нутгийг улсын чанартай замтай засмал замаар холбох ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Манай Төв аймаг ХАА-ын гол бүс нутаг, нийслэл Улаанбаатар хотыг ХАА-ын бүтээгдэхүүнээр хангадаг аймаг. Тийм учраас хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж, ХАА-н үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөөг боловсруулаад байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг аймагтаа татах ажлыг хийж байна. ОХУ-ын хөрөнгө оруулалтаар гахайн аж ахуйн цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Энэ үйлдвэрийг дагаж 400 ажлын байр бий болно. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Лүн суманд мах боловсруулах үйлдвэр байгуулагдсан. Энэхүү үйлдвэр нь 300 ажлын байрыг бий болгоод байна. Хөдөө рүү хүмүүсийг татахад ажлын байр маш чухал. Тиймээс бид эдгээр ажлын байрыг бий болгоод байна. Амьдрах таатай орчинг бүрдүүлэхийн тулд орон сууцыг бэлтгэх ёстой. Аймгийн төвд 1000 айлын орон сууцны хороолол барьж эхэлсэн. Хоёр дахь ээлжийн 2000 айлын орон сууцны хорооллын барилгажилт, дэд бүтцийн ажлыг хийж байна. Гурав дахь ээлжийн 1500 орон сууцны төслийг эхлүүлээд явж байна. Аймагтаа төрийн албан хаагчийн орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Увс аймаг: 2023 онд 370 орчим айлын орон сууц ашиглалтад орно

Увс аймгийн Засаг даргын орлогч: Ж.Александр

Увс аймаг Улаанбаатар хотоос хэдийгээр алслагдсан аймаг ч гэсэн автозамаар холбогдсон. ОХУ-тай 400, 500 орчим км замаар холбогдсон. Хоёр боомттой. Бидний хувьд боомтын хөгжлийг нэгдүгээрт тавьж байгаа. Энэ бол бидний хөгжлийн суурь гэж үзэж байна. Увс, Хяргас, Үүрэг нуурыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Чацаргана тариалалтаар Монгол Улсдаа тэргүүлдэг. Тиймээс чацарганад түшиглэсэн томоохон үйлдвэр байгуулахаар тоног төхөөрөмжөө авахаар болоод байна. Алслагдсан аймаг хэдий ч дэд бүтцээ сайн шийдсэн. Өнгөрсөн 2022 онд 260 орчим айлын орон сууц ашиглалтад орсон байгаа. 2023 онд 370 орчим айлын орон сууц ашиглалтад орно. Одоогоор 1350 орчим орон сууцны газар олголт хийсэн. Дэд бүтцийн асуудлыг Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн хангаад явж байгаа. Үүнээс гадна гэр хорооллын инженерийн шугам сүлжээг бүрэн шийдсэн. Одоогоор 400 орчим айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоод хашаандаа сайхан амьдрах нөхцөл бүрдсэн.

Ховд аймаг: Ховд аймаг эдийн засгийн боломжийг эрэлхийлж байгаа хүн болгонд нээлттэй

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа

Ховд аймгаас гуравхан цаг яваад ОХУ руу очих боломжтой. БНХАУ руу таван цаг яваад очих боломжтой. Казакстан улстай хиллэнэ. Бид харах өнцгөө жаахан өөрчилвөл боломжууд харагдах байх. Ховд аймагт очоогүй бол та заавал очиж үзээрэй. Соёл, эрүүл мэндийн үйлчилгээ, байр сууцын хувьд ямар вэ гэдгийг очиж харж мэдэх боломжтой болов уу гэж бодож байна. Ховд аймаг эдийн засгийн боломжийг эрэлхийлж байгаа хүн болгонд нээлттэй гэдгийг хэлмээр байна.

Хөвсгөл аймаг: Нарийн мэргэжлийн эмч, багш, инженер техникийн ажилтнууд Хөвсгөл аймгийг зориод очих юм бол олон төрлийн хөнгөлөлт үзүүлнэ

Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч М.Хуягбаатар

Шаардлагатай боловсон хүчин болох нарийн мэргэжлийн эмч, багш нар, өндөр технологи хэрэгжүүлэх инженер гэх мэт хүмүүс Хөвсгөл аймагт очиж ажиллах юм бол ипотекийн зээл, орон сууцанд орох урьдчилгаанд хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжинэ.

Хөвсгөл аймгийн хувьд Монгол Улсын хамгийн олон хүн амтай аймаг. Тиймээс энэ нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу иргэдийг татах давуу тал гэж үзэж байгаа. Гэр бүлээрээ хөдөөг зориход хоёр зүйл маш чухал. Нэгдүгээрт чанартай боловсролын систем хэрэгтэй. Улаанбаатарт олгож байгаагаас дутахгүй боловсрол авахыг эцэг эхчүүд хүсэж байгаа. Нөгөөх нь чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний асуудал байгаа. Тиймээс би энэ асуудлууд зөв шийдлүүдийг гаргахаар ажиллаж байна. Шаардлагатай боловсон хүчнүүд болох нарийн мэргэжлийн эмч нар, чадварлаг багш нар, өндөр технологи хэрэгжүүлэх инженер техникийн ажилтнууд Хөвсгөл аймгийг зориод очих юм бол Ипотекийн зээл болон орон сууцны зээлний урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлье, тухайн байгууллагууд нь хөнгөлье гэсэн бодлого бариад явж байгаа. Үнэхээр энэ хүмүүс зориод ирэх юм бол орон сууц барих газраар тусалж дэмжих, багш эмч нар хэрвээ ирвэл баригдаж багш, эмч нарын хотхонуудад хөнгөлөлттэй үнээр оруулах боломж бий.

Хэнтий аймаг:  Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниудад манай аймаг нээлттэй

Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав

Хэнтий аймгийн хувьд түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласны хувьд сүүлийн 5-6 жилийн турш баригдсан цогцолборууд маань ашиглалтад орж байна. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниудад манай аймаг нээлттэй. Цогцолборуудыг даган жуулчдыг татах аятай таатай нөхцөл бүрдүүлсэн баазуудыг бариасай гэж хүсэж байгаа. Тэгж байж бид зуны болон өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой. Манай аймгийн хувьд 18 сумаа дэд бүтцэд холбож, төвлөрсөн халаалтын системд холбосон. Үүнээс гадна долоон сум маань цэвэрлэх байгууламжид холбогдсон. “Зөгийн-Үүр” хөтөлбөр хэрэгжүүлж 3, 4 курсын оюутнуудын төлбөрийг төлж, орон нутагтаа ажиллах боломжийг нээлттэй болгож өгч байгаа. Оюутнууд төгсөж ирээд орон нутагтаа 2-3 жил ажилласнаар суурьшаад үлдэх боломж нь байна гэж харж байгаа. Ипотекийн зээлийг орон нутагт бага хүүтэй олгохоор болсонтой холбогдуулан томоохон орон сууцны хорооллуудыг барихаар төлөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)