Монгол Улс энэ оны эхний хоёр сард нийт 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар болсон бол импорт 1.2 тэрбум ам.доллар байгаа юм. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 55.2%-аар, экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 90.1 хувиар, импорт 160.5 сая ам.доллароор буюу 15.5 хувиар тус тус өссөн байна. Харин хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая ам.доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая ам.доллароор буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт болсон аж. Харин хоёрдугаар сард 655.6 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор буюу 68.2 хувиар өсжээ.