Намуудын дансыг шилэн болгоод өгөөч

Улс төрийн намын тухай хуулиар үйл ажиллагаа, санхүү нь ил байх ёстой намууд төр барингаа цаашид намын санхүүжилтийг ил тод болгох уу гэж ард түмнээсээ асуугаад сууж байна.

Үнэндээ Монгол Улсын авлигын суурь шалтгаан энд байхад намын санхүүжилтийг ил тод, хяналттай, нээлттэй мэдээлдэг тогтолцоог тэд хуульчлаагүй өдий хүрлээ. Саяхан болж өндөрлөсөн Зөвлөлдөх санал асуулгаар нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээний тулгамдсан асуудлуудыг ярилцахад улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох тухай сэдэв хүчтэй хөндөгдөв. Араас нь Засгийн газраас улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгох хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдэгдлээ. Сүүлийн үед хамгийн идэвхтэй яригдаж байгаа энэ сэдэв УИХ-ын хаврын чуулганаар анхаарал татсан том хэлэлцүүлэг нь болно.

Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр дэвшил гарахгүй

Зөвлөлдөх санал асуулга дууслаа. Олон асуудал хөндөгдсөн. Үүний нэг нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь зөв үү гэсэн асуулт. Авлигын индексээр байр ухрахад нөлөөлсөн гол шалтгаан бол улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтийн ил тод биш байдал. Санхүүгийн дэмжлэг үзүүлж, тогтмол хандив өргөж намын “суганд” очдог. Тэнд бизнесээ хамгаалдаг. Албан тушаалд очоод тендерүүдийг хамдаг, тогтмол санхүүжилт өгч байгаад тойрог авдаг, сонгуульд нэр дэвшигч болон намд нь мөнгө өгч байгаад сонгуулийн дараа дарга болдог тогтолцоог ил болгох тухай бишгүй ярилаа. Улстөрчид нь өөрсдөө намын санхүүжилтийг ил болго гэж нүүрэн дээрээ ярих боловч нүднээс далд нуух сонирхолтой. Үндсэндээ намуудын санхүүжилт ил тод бус байгаа нь авлига, албан тушаалын наймаа, шударга бус үйлдлийг өөгшүүлэх хөрс, суурь болдог. Шударга ёс ноёрхсон хөгжил дэвшилтэй нийгмийг бүтээе гэвэл намын санхүүжилтийг ард түмнээсээ асуулгүйгээр ил тод болгох ёстой юм.

Намын санхүүжилтийг ил тод болгож, хянаж, мэдээлдэг зохицуулалт алга

Намууд хаанаас, хэнээс санхүүжиж, тэрийгээ юунд, хэрхэн зарцуулж байгаа нь ард олны нүдэнд ил байдаг болчихвол хэн хэдэн төгрөгөөр хэнийг санхүүжүүлдгийг бүгд мэдээд авна гэсэн үг. Харин тэр ил болгосон тайланг нь аудит хийж, нарийн шалгаж мэдээлэх зохицуулалт алга. Намууд хандивлагчдаа нөмөртөө авч явдаг. Улстөрч болгодог, бизнесийг нь хамгаалдаг, төрийн худалдан авалтаас авч өгдөг. Тэд нар нь даргын шат өгссөөр улс төрд ороод залгамж халаагаа яг өөрийнхөө явсан замаар бойжуулдаг. Улс төрийн намын тухай хуулиар намууд үйл ажиллагаагаа ил тод зарчмаар явуулах ёстой. Нам өмч хөрөнгөтэй байх эрхтэй. Гэхдээ түүнийх нь үнэлгээ, урсгал зардал бас л ил тод байх ёстой. Гишүүний татвар, гишүүн талархан дэмжигч иргэн хуулийн этгээдээс өгсөн хандив, төрөөс үзүүлэх дэмжлэг, өмчлөлийн эд хөрөнгийг худалдах түрээслэх орголо, намын хөрөнгийг банкинд хадгалсны хүүгийн орлогыг хуулиар зөвшөөрсөн. Энэ хүрээнд намууд санхүүжилтээ олдог. Харин үүнийг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд тусгагдсан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, намын орлогыг өөр зүйлд зарцуулах, гишүүдэд ногдол ашиг болгон хуваарилахыг хориглосон заалттай.

Гэхдээ 18 нас хүрээгүй хүүхэд, төрийн өмчийн байгууллага, шашны газрууд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд, дампуурсан болон банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон хуультай. Ийм хуулийн зохицуулалтууд бол байгаа. Гэхдээ санхүүжилтийг ил тод болгох, ил тод болгосон мэдээллийг баталгаажуулан хянасан байх, олон нийтэд нээлттэй мэдээлэх тогтолцоо алга байна. Намууд төсвөөс ч мөнгө авдаг. Парламентын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ. Мөн УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Гэхдээ энэ санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулах зохицуулалттай юм. Бас эдгээр мөнгөний дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож болохоор заажээ.

Улс төрийн намын дотоод санхүүжилт бие даасан байдалд нь хамгийн их нөлөөлдөг

2020 оны парламентын сонгуулийг аваад үзвэл 606 хүн нэр дэвшсэнээс 469 нь л хуулийн дагуу санхүүгийн тайлангаа СЕХ-нд өгсөн байдаг. Энэ сонгуульд оролцоод тайлангаа өгсөн нам, эвсэл, нэр дэвгигчид 75 тэрбум төгрөг цуглуулж 77 орчим тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Энэ нь 2016 оны сонгуулиас шууд хоёр дахин өссөн дүн бөгөөд цаашид ч нэмэгдэхээр байна. Одоо парламентад байгаа намуудын ил харагдахаар байрлуулсан мэдээг нь үзье гэвэл ХҮН намын вэб сайт засвартай байгаа бол АН-ын сайтад санхүүжилт гэсэн цэс ч алга. Хайх хэсэг дээр бичихэд ч мэдээлэл алга. Харин эрх баригч МАН-ын сайтад намынх нь Удирдах зөвлөлийн ажлын албаны 2022 оны III улирлын мөнгөн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээ байна. Тэр улирлынх нь мэдээг харж сонирхуулахад гишүүний хураамж, Удирдах зөвлөлийн хураамж, Бага хурлын гишүүний хураамж, УИХ-ын суудлын дэмжлэг, гишүүд дэмжигчдийн хандив, түрээсийн орлого гээд 2.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Харин аймаг, дүүргийн санхүүжилт цалин, татвар шимтгэл төлөлт, үйл ажиллагааны зардалд 2.7 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Улс төрийн намын тухай хуулиар “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглодог. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл үүнийг хянадаг, алдаа байгаа бол засуулдаг, олон нийтэд тогтмол мэдээлдэг тогтолцоо алга. Үүнийг л ашиглаж хандиваар дамжуулан ашиг сонирхлууд төрд шургалсаар ирсэн. Үүнийг ил тод болгохгүйгээр төр нь ч цэвэршихгүй, улс төр бизнесийн хутгалдаан нь ч зааглагдахгүй. Эцэстээ нам нь томоохон хандивлагчдын эрх ашигт үйлчлэгч болон хувирч санхүүгийн хувьд бие даасан байдлаа алдаж эхэлдэг байна. 

Нам санхүүжилтээ шийдвэрлэсэн байдлаас улс төрийн амьдрал, тогтолцоо, эдийн засаг хамаардаг

Улс орнууд улс төрийн намын санхүүжилт, улс төрийн үйл ажиллагааны орлого зарлагыг нээлттэй ил байлгах тал дээр ихээхэн анхаарч байна. УИХ-ын Тамгын газраас хийсэн судалгаанд “Өнөө үед эдийн засгийн хямралыг арилгах, нам дахь авлигын сүлжээг саармагжуулах үйл явц намуудын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс ихээхэн хамаарч байгаа” гэж онцолжээ. Ихэнх ардчилсан орнуудад улс төрийн намууд өөрсдийн санхүүжилтийг хувийн болон төрийн эх үүсвэрээс авдаг.

Тухайлбал Израилийн улс төрийн намууд санхүүжилтийнхээ дийлэнхийг улсаас дэмжлэг авах байдлаар санхүүждэг бол АНУын улс төрийн намууд их төлөв хувийн секторын эх үүсвэрээс санхүүждэг. Франц, Герман, Малави, Мексик, Намиби, Португал зэрэг улс орнуудад улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлдэг. Гэхдээ бүгд өөрийн гэсэн хязгаартай. Германд улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхдээ тодорхой хувь тогтоодог. Энэ нь тухайн улс төрийн намуудыг хувийн хандивлагчдаас авсан санхүүгийн дэмжлэгийн өмнө хариуцлага хүлээж, тайлагнахыг баталгаажуулдаг гэдгээр онцлогтой. Энэтхэгийн хувьд, хувиараа аль нэг улс төрийн намд хандив өгөх тохиолдолд тухайн хандивын хэмжээний хязгаарыг тогтоосон байдаг төдийгүй тухайн хандивлагчид ямар нэгэн албан тушаал олгох, амлалт өгөх явдлыг шууд хориглодог. Өмнөд Африкт улс төрийн намуудад шууд хандив өгөх асуудалд төдийлөн анхаарал хандуулдаггүй, харин тусгай санд хандив татан төвлөрүүлэхийг зорьдог байна. Австрали, Канад, Герман, Энэтхэг, Израиль, Швед, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Зимбабве, АНУ, Өмнөд Африк зэрэг улс оронд нэр үл мэдэгдэх хандивлагчдаас ирүүлсэн хандиваар улс төрийн намууд санхүүжихийг хатуу хориглодог. Канад тухайн улс төрийн намуудад 80 ам.доллараас дээш хандив өгсөн бүх хүмүүс, дэмжигчдэд санхүүгийн нээлттэй тайланг гаргаж өгөх үүрэгтэй, Германд сонгуулийн хандивын босгыг ойролцоогоор 11000 ам.доллараар тогтоосон бол, Израильд хандив өгсөн бүх хүнд хандивын зарцуулалтын тайланг танилцуулах үүргийг намууд хүлээдэг. Харин Өмнөд Солонгос, Шинэ Зеланд зэрэг орнууд улс төрийн намын сонгуулийн үйл ажиллагаанд зориулан хандивласан хандив, мөнгөний зарцуулалтыг хараат бус бүлгүүдийн дэмжлэгтэйгээр хязгаартайгаар зарцуулж түүнийгээ тайлагнадаг. Австрали, Герман, Энэтхэг, Израиль, Шинэ Зеланд, АНУ зэрэг орнууд зарцуулалтын санхүүгийн нээлттэй тайланг нийтэд түгээдэг. Харин Канадын хувьд олон нийтийн өмнө танилцуулахын зэрэгцээ бие даасан хөндлөнгийн байгууллагуудаар хянуулж, хөндлөнгийн тайлан бичүүлэх зэрэг хосолмол аргыг хэрэглэдэг байна.

Ерөнхийдөө улс орнууд улс төрийн намуудын санхүүжилт, улс төрийн үйл ажиллагааны зардал хандивын мэдээллийг ил тод болгох чиглэлд ихээхэн ахиц гаргаж байна. Монгол Улсын хувьд парламентад суудалтай намууд төрөөс мөнгө авдаг. Дээр нь гишүүдийн хандив, татвар нэмэгдэнэ. Мөн нам өөрийн хөрөнгөөрөө орлого олж байна. Хамгийн гол нь ямар хүн, байгууллага мөнгө өгдөг, юунд зарцуулдаг талаар нээлттэй мэдээлэл үгүй. 

Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэх явдал нь улс төр бохирдох гол үндсэн болсон. Тийм л учраас маш яаралтай улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох хуулийн зохицуулалтыг баталж хэрэгжүүлэх нь чухал болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)