Тамхи татдаг бол цагаасаа өмнө цэвэрших эрсдэлтэй

Ерөнхийдөө нэг жилийн хугацаанд өндгөвч өндгөн эс боловсруулаагүй буюу сарын тэмдэг огт ирээгүй бол энэ нь таны нөхөн үржлийн үе дууссан гэдгийг илтгэнэ. Маш товчхондоо бид үүнийг “цэвэршилт” гэж нэрлэдэг. Ихэнх тохиолдолд цэвэршилт нь 50 орчим насны эмэгтэйчүүдэд явагддаг ба бие физиологийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байх тохиолдол ч бий. Харин 40-44 насанд цэвэршиж эхэлбэл үүнийг “цагаасаа өмнө цэвэрших” гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон гормоны системд өөрчлөлт орох нь цэвэршилт юм.

Биологийн энэ ойлголтыг хялбараар тайлбарлавал нас ахих тусам эмэгтэй хүний бие организмд хувьсал явагдах нь багасаж, өндгөн эсний хангамжид хүртэл насжилт явагддаг. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүний гормоны түвшин дээш, доош хэлбэлзэж, сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг. Улмаар эстроген болон прогестерон гормонууд хангалттай хэмжээнд ялгарахаа больсноор сарын тэмдэг бүрмөсөн зогсдог байна. Энэ нь жам ёсны буюу хэвийн үзэгдэл юм. Харин зарим тохиолдолд туяа болон химийн эмчилгээ, өндгөвчний мэс засал хийлгэсний дараа цагаасаа өмнө цэвэрших тохиолдол гардаг.

Цэвэршиж буйн дохио

Сарын тэмдэг тогтворгүй болно

Цэвэршилтийн хамгийн эхний шинж тэмдэг бол сарын тэмдгийн тогтворгүй байдал. Хэт их эсвэл багаар ирж, сарын тэмдгийн мөчлөгийн хугацаа урт эсвэл богино хугацаанд үргэлжилнэ. Заримдаа хэд хэдэн сараар ирэхгүй алгасах тохиолдол ч бий.

Халуун оргих мэдрэмж төрнө

Энэ нь цэвэршиж буй эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог шинж тэмдэг бөгөөд нүүр болон биеийн хэсгүүдэд огцом халуун оргих мэдрэмж төрдөг. Биеийн тодорхой хэсгүүдэд гэнэт халуун оргихоос гадна нүүр улайж, биеийн халуун нэмэгдэж, хөлрөх нь бий. Мөн зүрхний цохилт түргэсэн, биеийн дулаан алдагдаж, даарах тохиолдол ч байдаг.

Нойргүйдэх/Толгой өвдөх

Биед гарах өөрчлөлттэй холбоотойгоор ихэнх эмэгтэйчүүд нойргүйддэг байна. Цэвэршилтийн үед гормоны хэмжээ хэлбэлзсэнээс болж толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Анхаарал төвлөрөхгүй байх

Нөгөө талаас эстрогений нэг хэлбэр болох эстрадиол гэх гормон тархины үйл ажиллагаа тодорхой байдлаар нөлөөлдөг. Уг гормоны түвшин буурснаар мартамхай болох, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Түүнчлэн үтрээний хуурайшилт ч явагддаг. Дээрх шинэ тэмдгүүд эмэгтэйчүүдийн бие физиологийн онцлогоос шалтгаалж хүчтэй эсвэл сул байдлаар илэрдэг байна.

Тамхи татдаг эсвэл цагаасаа өмнө сарын тэмдэг нь ирсэн, хүүхэд огт төрүүлээгүй эмэгтэйчүүд цагаасаа өмнө цэвэрших эрсдэлтэй. Энэ нь Их Британи, Австрали, Япон болон Скандинавын орнуудын эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар батлагдсан үр дүн юм.

Квинслендийн их сургуулийн профессор Гита Мишра “Нөхөн үржихүйн чадварт удамшил, сэтгэл санааны хямрал, нийгмийн орчин, амьдралын хэв маяг зэрэг тодорхой байдлаар нөлөөлдөг” хэмээжээ.

Цэвэршилт явагдаж эхэлсний дараа хорт хавдар, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг тул тогтмол үзлэгт хамрагдах нь чухал.

Эрүүл хооллох

Ханасан өөх тосны агууламж багатай, загас, жимс, ногоо, эслэг өндөртэй үр тариа зэрэг зүрх судсанд сайнаар нөлөөлөх эрүүл хоол хүнс хэрэглэж занших хэрэгтэй. Мөн кальци, D аминдэмээр баялаг, тослог багатай сүүн бүтээгдэхүүн таны ясны бат бөх байдлыг дэмжинэ.

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хийснээр та биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадна. Мөн дасгал хөдөлгөөн нь зүрх судас ба ясанд сайнаар нөлөөлөхөөс гадна, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.

Кофеин, архи, тамхи болон стрессээ багасгах

Дээрх зүйлс цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бүр ч дордуулдаг байна. Тиймээс та эдгээр зуршлуудаа зогсоосноор сайн унтаж амарч, гэнэт халуун оргих мэдрэмжийг багасган, ирээдүйд тохиолдож болох эрүүл мэндийн эрсдэлүүдээс сэргийлэх юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)