Ээж ээ, би амьдармаар байна!

Одоогоос сар орчмын өмнө Ховд аймагт 15 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарч олон нийтийг цочирдуулав. Тэрээр толгойдоо гэмтэл авч, шархаа даалгүй амь тавьсан юм.

Энэ хэргийн дараа түүний ээж, нагац эгч, үеэл нар нь хэвлэлд ярилцлага өгч, “Үе тэнгийн гурван охин нь зодож, ийм байдалд хүрсэн” гэж мэдээлж байв. Энэ талаар охины ээж “Охин маань хүүхэд толгой руу цохичихлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би эмчээр боолгочихгүй юу гэж хэлсэн. Боолгочихсон байсан. Толгой нь өвдөж байна уу гэхээр “Үгүй” л гээд байсан. Тухайн үед эгчийндээ байсан юм. Хоёрдугаар сарын 27-ны өдөр хүүхдийн чинь бие муу байна гэж манай дүү хэлэхээр нь байгаа айлд нь очсон. Охины царай нэлээд цонхигор байсан. Үг ч хэлж чадахгүй болчихсон. 103-ын эмч миний охиныг ирж үзчихээд ханиад хүрчихсэн юм биш үү, эм өг л дөө гэсэн. Тэр шөнө нь бөөлжиж хоносон. Маргааш нь гэнэт “Ээжээ миний толгой өвдөөд байна” гэхээр нь 103 дээр очтол сувилагч нь “Зүгээр хүүхэд дахиад ирчих юмаа” гээд төвөгшөөсөн. Бөөн юм болж эмнэлэгт оруулаад хэвтүүлтэл намайг гэр рүүгээ яваад хувцсыг нь авчир, гэмтлийн тасагт хэвтүүлнэ гэсэн. Буцаад иртэл миний охинд баахан юм залгачихсан, нас барсан гэдгийг хэлсэн” гэж өгүүлсэн юм.

Гэтэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, охиныг үе тэнгийнх нь охид бус нагац эгч нь зодсоны улмаас тархи нь бяцарч, нас барсан болох нь тогтоогдсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлсний дараа ээжийг нь худал мэдээлэл түгээсэн, хүүхдээ хайхарч, хайрласангүй гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөсөн юм. Эдгээр шүүмжлэлд ээж нь “Манай охин хоёрдугаар сургуулийн ойролцоо дөрвөн охин намайг зодчихлоо гэж хэлсэн. Би өөрийн ах, дүү нартайгаа хуйвалдаагүй. Сонссон юмаа л хэлсэн. Хэлсэн үгэндээ харамсаж байна. Тухайн үед миний сэтгэл санаа хүнд байсан” гэх хариу хэлж, биеэ хоохойлов.

 Үрээ алдсан эхийн сэтгэл дээр дэвслэх гэсэнгүй. Гэхдээ хүүхэд нь толгойдоо хүнд гэмтэл авчихсан, үхэл, амьдралтай тэмцэж байхад учрыг нь олж, хужрыг нь тунгааж, эмнүүлж, эрүүлжүүлэхийг эрмэлзээгүйг нь гайхмаар. “Толгойгоо боолгочихгүй юу, өвдөж байна уу” гэх “жижүүрийн” үгсээр аргацааж, “Байсан айл руу нь явуулчихсан, тухайн үед тусдаа байсан” гэж зэргээр асуудлыг өөрөөсөө холдуулж буйг нь ойлгоход бэрх. Хүүхдийнх нь аминд хэн хүрснийг нэхэж, гадарлаагүйгээ “Би сонссоноо л хэлсэн. Ах дүүстэйгээ хуйвалдаагүй” хэмээн өмгөөлж буй нь ч гайхаш бармаар.

Хэрэв ээж нь илүү сонор байж, үрээ анхаарч, хайрласан бол хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй байх байсан. Өртлөө, өвдлөө гэхэд хажууд нь байж, эмнүүлж, анхаарсан бол, эмнэлгийн байгууллагад шаардлага тавьсан бол охин өнөөдөр амьд байж болох байсан гэж бодохоор хэтэрхий харуусмаар.

Энэ хэргийн дуулиан намжаагүй байтал нас барсан хүүхдээ бүртгүүлэхгүйгээр 10 гаруй жил хүүхдийн мөнгийг нь авсан хэргийг нэгэн аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч олон нийтэд мэдээлсэн юм. Тодруулбал, өвчний улмаас нас барсан охиноо улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20 000 төгрөг, 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оны зургаадугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100 000 төгрөг гээд нийт 4 400 000 төгрөгийг хууль бусаар авсан байгаа юм. Харамсалтайгаар амиа алдсан хүүхдийнхээ улсаас олгодог мөнгийг авахын тулд нас барсан болохыг нь бүртгүүлээгүй эцэг, эхийн сэтгэлийн мөн л эрүүл ухаанаар ойлгоход бэрх. Орчлонд байхгүй болчихсон хүүхдийнхээ улсаас олгодог мөнгийг 10 илүү жил авах ухамсар тээж төрүүлсэн, тэтгэж өсгөсөн эцэг, эхээс нь гарна гэдэг байж боломжгүй санагдана. Бурхан болсон хүний ясыг өндөлзүүлэхгүй гэх монгол хүний уужуу сэтгэлийг тэднээс нэхэх нь үгийн гарз биз. 

 Уг нь хүүхдийн эрхийг хамгаалах, хангах хамгийн анхдагч субъект нь ээж байх учиртай. Ер нь төрүүлсэн үрээ хамгаалах, хайрлах нь эмэгтэй хүний тэр бүү хэл эмэгчин адгуус, амьтдын ч байгалийн зөн. Гэтэл энэ нийгэмд хүүхдийн эрхийг зөрчдөг хамгийн анхны бодьгал нь ээж болж хувирчээ. Хүүхдийг төрүүлсэн ээжээс нь хамгаалах нь төрийн үүрэг болчихлоо. 

Бодит түүх 1

2015 онд ээждээ хаягдсан, хоёр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу асрах төвд очсон байдаг. Ээжид нь хуулийн байгууллагаас хоёр жил хорих ял оноосон байна. Тухайн эмэгтэй хоригдож байх хугацаандаа нэг хүүхэд төрүүлжээ. Хүүхдийг нь анхны охиных нь амьдарч байсан асрах төвд хүргүүлсэн байна. Гэвч тэрээр хорихоос гарсныхаа дараа дахин хоёр хүүхэд төрүүлж, асрамжийн газар хүргүүлсэн байдаг. Ийн дөрвөн хүүхдийн хувь заяаг асрах төвд даатгаад, өөрөө ээжийн үүрэг, хариуцлагаас мултарсан байгаа юм.

Төрүүлсэн үрээ асрамжийн төв, асрах хүн бараадуулж орхичихоод өөрсдөө хувийн жаргал хөөдөг бүхэл бүтэн хүн сүрэг бий болчихжээ. Ялангуяа, яг ийм байдлаар амьдардаг ээжүүд, эмэгтэйчүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь хараах, халаглах багадахаар ээдрээтэй, эмгэнэлтэй үзэгдэл юм. Эх байх үүргээ биелүүлэхгүй юм бол эх байхгүй байх эрхээ эдлэх боломж Монголд одоохондоо бий.

Аав, ээжээсээ асрах төв рүү

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 31 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд нийт 976 хүүхэд өсөж, торниж буй. Тэдгээрийн 50 орчим хувь нь буюу 443 хүүхэд эцэг, эхтэй гэх судалгаа гарчээ. Харин 303 нь хагас өнчин, 204 нь бүтэн өнчин, мөн олдмол 24 хүүхэд амьдарч байна. Түүнчлэн асрах төвд ирж буй эцэг, эхтэй хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа харамсалтай статистик бий. Энэ нь эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа умартаж буйн тод илрэл гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. 

“Өнөр бүл” төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг

Хүүхдээ хаях асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Манай нийт хүүхдийн 70 орчим хувь нь эцэг, эхтэй. Ээж, аавууд нь гэр оронгүй, архины хамааралтай болсон, өөр хүнтэй гэр бүл зохиосноос болоод хүүхдээ орхидог, нуудаг. Хоёр талд амьдрал зохиочихсон, хүүхэдтэйгээ уулзахгүй гэдэг. Бүр хөдөлмөрийн чадвартай, амьдрал нь боломжтой ч хүүхдээ хайхардаггүй хүн олон бий. Нэг жишээ ярья. Хоёр хүүхдээ асрамжид өгсөн хосууд амьдралаа дээшлүүлж, жижиг дунд бизнес эрхэлсэн байдаг. Одоо гурван өрөө байр, машинтай болчихсон хэр нь хүүхдээ асрамжаас авдаггүй. Хаа нэг чөлөөгөөр авахаараа “бид архидаад байна” гээд буцаагаад хүргэчихдэг.

Хуулийн хэрэгжилт “ТЭГ”

Манай улс эцэг, эх байх үүргээ ухамсарлаагүй, биелүүлээгүй болон хүүхдийнхээ эрхийг зөрчсөн хүмүүсийн ээж, аав байх эрхийг нь хязгаарладаг, хасдаг эрх зүйн зохицуулалттай. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан тохиолдолд эцэг эх байх эрхийг нь зургаан сар хүртэлх хугацаагаар шүүх хязгаарлана гэж тусгасан байдаг.

Харин тус хуулийн 30 дугаар зүйлд эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, удаа дараа хэрцгий  харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заасан байдаг. 

Хэдий хуульд ийн нарийвчлан тусгасан ч хэрэгжилт учир дутагдалтай байна. Томчуудын үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа эсэхийг болон хүүхдийг эрсдэлт нөхцөлд амьдарч буй үгүйг хуулийн байгууллага бус аймаг, дүүргийн хамтарсан баг үнэлж, эцэг, эх байх эрхийг нь шүүх бус Засаг дарга нар хязгаарлаж буй. Тэд хүүхдүүдийг эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг оновчтой үнэлж чаддаггүй бөгөөд ээж, аавтай нь ажиллах бус хүүхдийг нь аль нэг асрамж, халамжийн төв рүү шилжүүлэх тухай л шийдвэр гаргадаг байна. 

Хариуцлагагүй ээж, аавыг халамжилсаар дадав

Улсын хэмжээнд 976 хүүхэд асран халамжлуулж байгаагийн 964 нь Засаг даргын захирамжаар асрах төвүүдэд ирсэн байдаг. Үүнийг хүүхдүүдийг эрсдэлт нөхцөл байдлаас холдуулж, төр хамгаалалтдаа авч байгаа хэрэг гэж харж болохоор. Гэхдээ эцэг, эх байх эрхийг түдгэлзүүлэхтэй зэрэг тэд хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаас ч мултарчихдаг. Учир нь хамтарсан баг болон Засаг даргын шийдвэрээр эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох, торгууль, шийтгэл оногдуулах боломж байдаггүй. 

Уг нь хамтарсан баг үнэлгээгээ гаргаад шүүхэд хандаж, Засаг дарга нэхэмжлэл гаргах учиртай. Улмаар шүүх тухайн хүмүүсийн эцэг, эх байх эрхийг хасах, хязгаарлах, хүүхдэд холбогдох зардлыг гаргуулах шийдвэр гаргах ёстой аж. Гэтэл энэ процесс алдагдчихсан. Эцэг, эхэд ямар ч хариуцлага тооцохгүйгээр үүргийг нь эрхтэй нь хамт түдгэлзүүлээд, хүүхдийг нь асрах төвд шилжүүлснээр асуудал өндөрлөж байна. Үүний уршгаар эцэг, эхчүүд ямар нэг хариуцлага хүлээж, төлбөр төлөхгүйгээр хүүхдүүдээ улсын мөнгөөр өсгүүлэх явдал гаарч байгааг салбарынхан өгүүлдэг.

Гээгдсэн үрс 

Хүүхдээ асрамжийн газар эсвэл асрах, хайхрах хүн бараадуулж үлдээдэг нэг хэсгээс гадна орц хонгил, олон нийтийн газар орхиод оддог ээжүүд ч цөөнгүй бий.  Жилд дунджаар 3-20 орчим хүүхэд төрүүлсэн эхдээ “гологдон”, хаягдаж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан тоо, мэдээллээс харж болохоор байна. Төрөөд удаагүй нярайгаа сүлжээ дэлгүүрийн хогийн саванд үлдээсэн, эмнэлгээс гараад төд удаагүй, эв эрүүл хүүхдээ тэсгим өвлийн хүйтэнд, зам дээр орхисон, төрүүлсэн үрээ орцонд үлдээгээд буцсан зэрэг зүрх шимшрүүлэм олон жишээг энд өгүүлж болохоор. 

Хүүхдээ хаясан, хаяхаар завдсан эмэгтэйчүүд ихэвчлэн 25-35 насных байдаг нь бүр ч хачирхалтай. Хариуцлага хүлээх насанд хүрчихсэн хэр нь өөрөөс унасан амийг таслахыг завдана гэдэг шалтгаан нь юу ч байлаа зөвтгөж боломгүй үйлдэл юм. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн ээжүүдийг буруутгах нь өрөөсгөл. Эцгийн хариуцлагыг ч давхар хөндөх нь зүй. Түүнчлэн энэ нь манай улсад хэрэгжиж буй бодлого ч алдаатай байгаагийн тод илрэл юм. Манайд энэ төрлийн үйлдэлд хариуцлага тооцох, ялын тогтолцоотой. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн байдаг.

16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1.Хуулиар хүлээсэн, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох  боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жилийн хугацаанд хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Ийн ял шийтгэлийг нь тодорхой болгосон ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэн ч хаана ч хэрэгжүүлэхгүй байна. Түүнчлэн шийтгэлийн арга нь ч учир дутагдалтай. Хүүхдээ тэжээж чадахгүйгээс болоод, хаяхаар шийдсэн хүнийг мөнгөөр торгох, албадан ажил хийлгэж, ял эдлүүлнэ гэдэг оновчгүй юм. 

Хүүхэд хэрэгсэл биш 

Бодит түүх 3 

29 настай эмэгтэй 100 орчим иргэнээс 10 гаруй тэрбум төгрөг залилсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж буй. Тус хэргийг үйлдсэн эмэгтэй бага насны дөрвөн хүүхэдтэй. Хэрэг хянан шалгах хугацаанд түүнийг 461 дүгээр ангид хорих шийдвэр гарсан ч бага хүүхэд нь хөхүүл, тархины даралттай гэх үндэслэлээр тус шийдвэрийг цуцалсан байдаг. Гэтэл хэрэг шалгагдах хугацаанд дахин жирэмсэлсэн байгаа юм. Хүүхдүүдээ өөрөө өсгөдөггүй, нөхөргүй учир өндөр настай аав, ээжтэй нь амьдардаг. 

Хуулийн хариуцлагаас бултах зорилгоор өсгөхгүй ч өөрийгөө хамгаалахаар хүүхэд төрүүлдэг эцэг, эх үүгээр тогтохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасны дагуу жирэмсэн, хүнд өвчтэй, насанд хүрээгүй зэрэг этгээдийг цагдан хорихгүй байх заалттай. 

Тиймээс хууль зөрчсөн этгээдүүд жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй гэх үндэслэлээр хоригддоггүй бөгөөд хэрэг шалгагдах хугацаанд дахин, дахин жирэмсэлдэг байна. Тоо сөхвөл, сүүлийн 10 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 203 мянган хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Тэдгээрийн 13 мянга нь буюу 6.3 хувь нь залилах гэмт хэрэгт холбогджээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 5952 буюу 50 орчим хувь нь эмэгтэй. Залилан хийж буй эмэгтэйчүүдийн олонх нь 4-өөс дээш хүүхэдтэй байдаг аж. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэн

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасны дагуу жирэмсэн, хүнд өвчтэй, насанд хүрээгүй зэрэг этгээдийг цагдан хорихгүй байх заалттай. Тиймээс цагдаагийн байгууллага хуулийн дагуу л ажилладаг. Залилан хийсэн хүнийг жирэмсэн болж, хүүхэд төрүүлж болохгүй гэж жам ёсны эрхэнд нь халдаж болохгүй. Хууль хүний эрхийг хангахад чиглэдэг.

Гэмт хэрэг үйлдсэн ч бай, үгүй ч бай хүн учир хууль тэдний эрхийг хангахад чиглэдэг байж таарлаа. Тэгвэл ээжийгээ хорих ялаас “мулталсан” бяцхан үрийн эрхийг хэн хамгаалах вэ. Төрсөн ээждээ “гологдож” гээгдсэн нярайн амьдрах, амьд байх эрхийг хэн хангах вэ. Аав, ээжийн хайрыг мэдрэхгүй өндийж байгаа мянга мянган үрийн эрх ашгийг хаанах хариуцах юм? 

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Iim tur zasagtai baisnaas , ugui bol bur bhgui bolson barag odoogiin nohtsol baidald deer ch yum shig Buh yum hytadiin bodlogoor hiigeed Buh ard irgedee sohruuleh l sanaatai nowshiin uls boljeee

    0 0 Хариу бичих
  2. Эзэнгүй төрийн эмгэнэл

    0 0 Хариу бичих
  3. Yanadaa

    0 0 Хариу бичих