Үндэстний ТОЙМ сэтгүүлээс онцлох ЕСӨН СЭДЭВ

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 550 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна. Энэ удаагийн дугаараас онцлох сэдвийг танилцуулъя.

НЭГ.  Гээгдсэн үрс

Хүүхдээ асрамжийн газар эсвэл асрах, хайхрах хүн бараадуулж үлдээдэг нэг хэсгээс гадна орц хонгил, олон нийтийн газар орхиод оддог ээжүүд ч цөөнгүй бий. Жилд дунджаар 3-20 орчим хүүхэд төрүүлсэн эхдээ “гологдон”, хаягдаж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан тоо, мэдээллээс харж болохоор байна. Төрөөд удаагүй нярайгаа сүлжээ дэлгүүрийн хогийн саванд үлдээсэн, эмнэлгээс гараад төд удаагүй, эв эрүүл хүүхдээ тэсгим өвлийн хүйтэнд, зам дээр орхисон, төрүүлсэн үрээ орцонд үлдээгээд буцсан зэрэг зүрх шимшрүүлэм олон жишээг энд өгүүлж болохоор. Түүнчлэн хүүхдээ хаясан, хаяхаар завдсан эмэгтэйчүүд ихэвчлэн 25-35 насных байдаг нь бүр ч хачирхалтай. Хариуцлага хүлээх насанд хүрчихсэн хэр нь өөрөөс унасан амийг таслахыг завдана гэдэг шалтгаан нь юу ч байлаа зөвтгөж боломгүй үйлдэл юм. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн ээжүүдийг буруутгах нь өрөөсгөл. Эцгийн хариуцлагыг ч давхар хөндөх нь зүй. Түүнчлэн энэ нь манай улсад хэрэгжиж буй бодлого ч алдаатай байгаагийн тод илрэл юм.

О.Даваасүрэн " Ээж ээ, би амьдармаар байна!"

ХОЁР. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр дэвшил гарахгүй

Зөвлөлдөх санал асуулга дууслаа. Олон асуудал хөндөгдсөн. Үүний нэг нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь зөв үү гэсэн асуулт. Авлигын индексээр байр ухрахад нөлөөлсөн гол шалтгаан бол улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтийн ил тод биш байдал. Санхүүгийн дэмжлэг үзүүлж, тогтмол хандив өргөж намын “суганд” очдог. Тэнд бизнесээ хамгаалдаг. Албан тушаалд очоод тендерүүдийг хамдаг, тогтмол санхүүжилт өгч байгаад тойрог авдаг, сонгуульд нэр дэвшигч болон намд нь мөнгө өгч байгаад сонгуулийн дараа дарга болдог тогтолцоог ил болгох тухай бишгүй ярилаа. Улстөрчид нь өөрсдөө намын санхүүжилтийг ил болго гэж нүүрэн дээрээ ярих боловч нүднээс далд нуух сонирхолтой. Үндсэндээ намуудын санхүүжилт ил тод бус байгаа нь авлига, албан тушаалын наймаа, шударга бус үйлдлийг өөгшүүлэх хөрс, суурь болдог. Шударга ёс ноёрхсон хөгжил дэвшилтэй нийгмийг бүтээе гэвэл намын санхүүжилтийг ард түмнээсээ асуулгүйгээр ил тод болгох ёстой юм.

С.Эрдэнэбаяр "Намуудын дансыг шилэн болгоод өгөөч"

ГУРАВ. Боловсрол чухал уу, хүний эрх чухал уу?

ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд мэдлэг, боловсролын ямар нэгэн шаардлага байхгүй. Харин энэ байдлыг өөрчлөхөөр УИХ-ын гишүүн Б.Бейсен Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Түүний боловсруулсан төсөл хоёр заалттай юм байна.

28.3.3. Нэр дэвшигч нь дээд боловсрол эзэмшсэн байх;

28.3.4. Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн уг үүргээ биелүүлсэн байх. 

Энэ төслийг УИХ-аар хэлэлцэх үед “Хүнийг боловсролоор нь гадуурхаж болохгүй, хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн шүүмжлэл гарах нь гарцаагүй. УИХ-д, бүр Ерөнхийлөгчийн сонгуульд ч дээд боловсролгүй хүн нэр дэвшин сонгогдсон түүхтэй. Боловсролгүй байх нь хүний эрх ч гэлээ өөрөөсөө гадна бусдыг төрд төлөөлж буй хүмүүс боловсролтой байх ёстой. Товчхондоо иргэдээс илүү давуу эрх эдлэх гэж буй хүмүүс эрх мэдэлтэйгээ дүйцэхүйц шаардлагыг хангасан байх учиртай. 

С.Шийлэгтөмөр" ИТХ-ын төлөөлөгч дээд боловсролгүй байх эрхтэй юу?"

ДӨРӨВ. 2.3 секундийн дотор танаас тасрах хурдан хүлэг

Автомашин үйлдвэрлэгчдийн нэн тэргүүний зорилго нь зорчигчийн тав дух, аюулгүй байдал, загвар дизайнаас гадна богино хугацаанд өндөр хурд авч чадах автомашин үйлдвэрлэх явдал юм. Тэр ч утгаараа өндөр хурд авч чаддаг автомашиныг цөөн тоогоор үйлдвэрлэж дуудлага худалдаагаар худалдаалдаг байна. Тэгвэл Bugatti автомашин үйлдвэрлэгч нь 100 км/цагийн хурдыг ердөө 2.3 секундэд авч чаддаг цахилгаан хөдөлгүүртэй Chiron Profilee загварын машинаа дуудлага худалдаагаар худалдаалсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр үнэ болох 10.7 сая ам.долларын үнээр зарагдсан байна. Зохион бүтээгчид тус автомашиныг 4.5-6 сая ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан бөгөөд төсөөллийг хэт дахин давж чадсан томоохон үзүүлэлт болжээ.

Ж.Лувсан-Ёндон "Даяаршиж буй технологи"

ТАВ. Шинэ эмгэг

Төрөл бүрийн төхөөрөмжөөр, ялангуяа чихэвчээр дуу, хөгжим хэт чанга, хэт удаан сонсох нь сонсголын мэдрэлийн хүлээн авах чадварыг сулруулж, дүлийрэх шалтгаан болдог. Хэт чанга дууны долгион дотор мэдрэлийн эсүүдийн үслэг эсийг гэмтээж, ингэж гэмтсэн эсүүд эргэж сэргэхгүйгээр мууддаг. Сонсголын чадвараа хэр хэмжээнд алдаж вэ гэдгийг цаг хугацаа аяндаа харуулдаг гэж хэлж болохоор. Одоохондоо анзаарахгүй байж болох ч, нас ахих тусам байдал улам бүр дордоно. Эрүүл мэндийн байгууллагаас зургаан сар тутамд нэг удаа сонсголоо шалгуулж байхыг зөвлөдөг нь ийм л учиртай. Ерөнхийдөө хүний сонсголын эрхтэн 16-20000 Гц-ийн давтамжтай дуу чимээ хүлээн авч сонсох чадвартай. Харин децибел гэх нэгжээр дууны болон сонсох мэдрэмжийн хоорондын хамаарлыг тооцоолдог. Нэг цагийн турш 85 децибел хэмжээтэй дуу чимээ сонсвол сонсголын эрхтэн гэмтдэг талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Харин мэргэжилтнүүд чихэвч зүүж хэрэглэхдээ дууны децибелийг 30-аас ихгүй байхыг зөвлөдөг юм.

Б.Нямцэрэн "Анираар амиа золихуй"

ЗУРГАА. Ухамсарт хэрэглээ

Уншигч та хэн нэгэн, хаа нэгтээ вино уугаад тасарч гэнэ гэж урьд өмнө огт дуулаагүй л болов уу. Ерөөс энэ нь дарс хэрэглэгчид амт, үнэр, авах таашаал, мэдрэмжийг нь чухалчилдагтай холбоотой. Дээхэн үед бол дарсыг дээд зэрэглэлийн ховор эд гэж үзээд, дээдчүүл л хүртдэг ундаа гэлцдэг байлаа. Харин одоо бол өөр. Аливаа арга хэмжээг дарсгүйгээр төсөөлөхөө больж. Амт чанар сайтай дарс шимэнгээ ажил хэрэг зөвлөлддөг бизнес эрхлэгчид ч олширлоо. Учир нь тэд чанартай дарсаар ажлын хамтрагчаа дайлах нь чухал шийдвэр гаргалтад нөлөөтэй гэж үздэг. Тэр бүү хэл айлын хөргөгчинд аль эсвэл гэрийнх нь хаа нэгтээ энэ зүйл хадгалагдаж байгаа харагддаг. Гэхдээ харагдсаных нь зоргоор хөнтөрч орхих хүн барагтаа бол үгүй.

Б.Нямцэрэн "Дарс таашаах соёл"

ДОЛОО. Тэргүүн хунгууд 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 2023 оны хоёрдугаар сарын 13, 14-нд “Хунт нуур” балетыг анх удаа 32 хунтайгаар толилуулж түүхийн хуудаснаа нэгэн тод мөр үлдээлээ. 60 жилийн түүхтэй энэхүү театр 2023 онд үзэгчдэдээ барьсан анхны бэлэг нь энэхүү бүтээл байсан юм. Өмнөх “Хунт нуур”-уудад тэргүүн хар, цагаан хунд нэг л хүн гоцолдог байсан бол энэ удаад хар, цагаан хунд өөр, өөр хүмүүс гоцолсон гэдгээрээ онцлог. Тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал гоцолсон бол, Ротбардын охин хар хунд Б.Хулан гоцоллоо. Тэдний хувьд өнгөрсөн онд шинээр мэндэлсэн хунгууд. Тодруулбал, ХХ зууны манлай балетчин, ардын жүжигчин Ю.Оюуны мэндэлсний 70 насны ойд зориулан тавьсан “Хунт нуур”-т хамтдаа мэндэлсэн юм. Тэргүүн хунгуудтай ярилцлаа.

Б.Марал: Бүх хунгууд өөр өөрийн гэсэн онцлог, дүрх төрх, мэдрэмжүүдтэй бас давуу талтай байдаг. Миний хувьд бүгд маш гайхалтай чадварлаг хунгууд гэж боддог. Өөрөө биеэрээ мэдэрч үзээд тэр хүмүүсийг улам их биширсэн.

Б.Хулан: Гавьяат жүжигчин Б.Саруул эгч бол миний хамгийн дуртай бүжигчдийн нэг. Би түүний “Хунт нуур”-т маш их дуртай. Бас түүнээс үлгэр дууриалал их авдаг

О.Эрдэнэчимэг "32 хунтай “Хунт нуур”-ын тэргүүн цагаан, хар хун"

НАЙМ. Илчилсэн үнэн

Твиттерийн зохицуулалтын бодлогыг өөрчилж, хуулийн шаардлагаас давсан элдэв хязгаарлалтыг цуцлахаа амласан Илон Маск 2022 оны сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээтэй холбоотой зарим нууцыг задалсан нь улс төрийн хүрээнд төдийгүй сэтгүүлчдийн дунд маргаан тарилаа. Товчхондоо АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, Дотоод аюулгүй байдлын департмент зэрэг төрийн байгууллагууд ямар сэдэвт шүүлтүүр тавьж, хэнийг жиргээнээс хасахыг зааварлаж байсныг “Twitter Files” цувралаар дэлгэнэ. Ажиллагсдын талаас илүү хувь нь цомхотголд өртөж, хэрэглэгчийн хувийн нууцтай холбоотой элдэв баримтууд ил болох тусам Твиттерийн техникийн доголдол олширч, тэрслүү үгс хийгээд сэтгүүлчдийн хаягт шүүлтүүр тавих үзэгдэл хавтгайрлаа. Энэ бүгдээс харахад Илон Маскын эзэмшлийн үед жиргээнд үг, үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлэх зохицуулалт сайжрахгүй агаад Засгийн газар болон томоохон корпорациудад нийгмийн сүлжээнд хөндлөнгөөс нөлөөлөх нийтлэг асуудал арилахгүй нь бололтой. Үнэн хэрэгтээ сошиал медиа бол Америкийн эзэнт гүрний төсөл. TikTok-ыг эс тооцвол АНУ-ын үндэстэн дамнасан корпорацууд Орос болон эх газрын Хятадаас гаднах дэлхийн бүх томоохон нийгмийн сүлжээг эзэмшиж, бидний юу мэдэж, юуг мартахыг хянадаг билээ.

С.Лхагвасүрэн "ЧӨЛӨӨЛӨГДСӨН жиргээ"

ЕС. Ээлтэй ба халтай

Эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, тэгш оролцоо, аюулгүй байдлыг нь хангадаг хамгийн ээлтэй орнуудын жагсаалтыг Норвеги, Финланд, Исланд, Дани улсууд тэргүүлнэ. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүд нь хүндхэн нөхцөлд аж төрж, хүйсээр ялгаварладаг орнууд бол Афганистан, Сири, Йемен, Пакистан, Ирак, Өмнөд Судан.

Исламын шашны хатуу дэг жаягтай орнуудад эмэгтэйчүүдийн эрх хөсөр хаягдсан янзаараа. Сүүлийн жишээ дурдахад Иран улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 700 гаруй эмэгтэй сурагч сургууль дээрээ хийнд хордож бие нь муудсан хэрэг гарлаа. Исламын хатуу дүрэм мөрдөгддөг Кум хотод гарсан энэ хэргийг охидыг сургуульд сургахгүйн тулд шашны идэвхтнүүд санаатайгаар үйлдсэн гэж эцэг, эхчүүд үзэж буй. Сурч боловсрох эрх нь зөрчигдөхийн зэрэгцээ албадан гэрлэлтээс болж эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирч буй охидын асуудал ч бүдгэрч арилсангүй. Дэлхий даяар 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн 650 сая орчим охид, эмэгтэйчүүд бийг НҮБ-ын Хүн амын сан энэ сарын эхээр танилцууллаа.

Ж.Аззаяа " Эрхээ эрэлхийлсэн нэгэн зуун" 

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эцэг эх нь хүүхдээ тэжээж чадахгүй , хүсэхгүй бол авдаг асрамжын газартай болох хэрэгтэй юм бна!!! Цаана нь янз янзын шалтгаатай!!! Эрүү байцаалтгүйгээр хүлээн авдаг энэрэнгүй ниыгэм байгуулж бгаа баыхаа!!!

    0 0 Хариу бичих