Тоглоомын түүх эргэсэн нь
Харвардад тэнцэхийн тулд таны хүүхдэд ямар тоглоом хэрэгтэй вэ?
Бид хүүхдүүдийнхээ тархи оюуныг хөгжүүлж, суралцах идэвхийг нь нэмэгдүүлэх гэж тоо томшгүй олон тоглоомыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн судалгаагүйгээр худалдаж авсаар өрөөг нь дүүргэсэн гэдэгтэй санал зөрөх хүн ховор болов уу. Эмх цэгцгүй олон тоглоомыг нэг тийш нь болгох цаг иржээ.
The Guardian сонины сэтгүүлч Алекс Бласдел том хүүгээ бага сургуульд орохтой зэрэгцээд өрөөг нь цэвэрлэхдээ хүү нь амьгүй бөгөөд хэрэгцээгүй олон эд зүйлтэй зууралдаж хүүхэд насныхаа ихэнх цаг хугацааг дэмий шахуу өнгөрөөснийг ойлгосон тухай өгүүлжээ. Хүүхдийн өрөөнөөс олдсон эд зүйлсийн дунд үсэг нүдлүүлэх гэж авсан 13 төрлийн пазл, зохион бүтээх, төсөөлөн бодох чадвар суулгах соронзон хавтангийн хоёр багц, хэдэн арван баримал, чүдэнзний хайрцгийн хэмжээтэй машинууд байх аж. Мөн хөгжмийн чадварыг нь хөгжүүлэх гэж төгөлдөр хуурын даралттай модон тоглоом, хэнгэрэг, урлагийн мэдрэмжийг нь дээшлүүлэх гэж хуруугаар буддаг хэрэгсэл хүртэл авчээ.
Америкт дундаж орлоготой гэр бүлүүд жилд дунджаар 600 ам.долларыг хүүхдийн тоглоомд зарцуулдаг. Тэгвэл Их Британид 10 настай хүүхэдтэй айлд дунджаар 6500 фунт стерлингийн үнэ өртөг бүхий 240 орчим тоглоом бий.
Дэлхийн түүхэнд тохиосон томоохон дайн сөргөлдөөний дараа нийгмийн байдал өөрчлөгдөхөд хүүхдийн тоглоом “бүүм” болон дэлгэрдэг нь жам гэлтэй. Өнгөрсөн хоёр зуун жилийн хугацаанд эцэг, эхчүүдээс гадна сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл судлаачид хүүхэд хэрхэн тоглож өсөх нь насанд хүрээд ямар хүн болж төлөвшихөд нь нөлөөлдөг хэмээн төсөөлж ирсэн. Тиймээс хүүхдээ ирээдүйд боловсролтой нэгэн болгохын тулд унших, бичих, тоо бодох зэрэг чадварыг суулгах боловсролд чиглэсэн тоглоомуудад анхаарлаа хандуулдаг байв. ХХ зууны дундуур мэдрэл судлалын шинжлэх ухаанд эргэлт гарснаар хүүхдийн тархийг хөгжүүлэх, сайн хүн болгож төлөвшүүлэх эрэлтийн хүрээнд тоглоомын зах зээл өргөжин тэлжээ. Дээрх хэрэгцээ шаардлага тав болон түүнээс доош настай хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд “илүү дарамт” мэдрүүлж, Baby Einstein, Baby Genius, Fat Brain зэрэг тоглоомын брэндүүдийг зах зээлд ноёлоход түлхэц болжээ.
2020 оны байдлаар дэлхий дахинд 65 тэрбум ам.долларын боловсролд зориулсан тоглоом үйлдвэрлэгджээ.
Барууны эцэг, эхчүүдийн дийлэнх нь хүүхдүүдээ дэлхийн хамгийн шилдэг сургууль Харвардад тэнцүүлэх тоглоом хүсдэг. Хөгжлийн сэтгэл судлаач Алисон Гопник “Хэрэв сургуульд ороход нь бэлтгэх тоглоом байвал эцэг, эхчүүд үүнийг хамгийн шилдэг нь гэж боддог. Үнэн хэрэгтээ бодит байдал эсрэгээрээ гэдгийг хөгжингүй шинжлэх ухаан бидэнд хэлэх боллоо” хэмээжээ. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Фишер Прайс” компани зургаагаас доош насны хүүхдүүдэд зориулсан тоглоомоор дэлхийн зах зээлд тэргүүлдэг. Тус компанийн хамгийн алдартай тоглоом болох өнгө өнгийн цагариг бүхий Rock-a-Stack гэхэд л 1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл зах зээлд тасралтгүй худалдаалж байгаа билээ. Тэгвэл 2010 оны сүүлээр тэд “Линкималс” тоглоомын цуглуулга гаргажээ. Уг загварыг гаргахдаа үсэг, тоо, солонгын өнгүүдийг хүүхдүүдэд заах зориулалтаар өхөөрдөм хөхтөн амьтдын дүр төрхийг ашигласан нь боловсролд суурилсан тоглоом тухайн цаг үед зах зээлд эрэлттэй байсныг харуулна. Хачин жигтэй амьтад, ой мод трэнд болж эхэлсэн бөгөөд эцэг, эхчүүдэд бар, заан зэрэг энгийн амьтдын дүрстэй жирийн тоглоомууд уйтгартай санагдах болсон гэдгийг “Фишер Прайс”-ын загвар зохион бүтээгч Дом Губитоси анзаарчээ. Хүүхдүүд бага сургуульд ороод худалдан авах сонголтоо өөрөө хийж эхэлдэг боловч цэцэрлэгийн насны хүүхдүүдэд эцэг, эхчүүд нь өөрсдийн сонголтоор тоглоом авч өгдөг. Тэр дундаа Линкималсын тусгай эрхийг нь эзэмшдэг дуугардаг, ярьдаг, дуулдаг тоглоомууд эцэг, эхчүүд төдийгүй хүүхдүүдийн сонирхлыг ихээр татах болсон байна. 125 төрлийн дуу хөгжим, үг хэллэг агуулсан, шидэт цагаан толгойн үсэг бүхий микрочиптэй силикон тоглоомууд хүүхдийг суралцахад бэлдэх ид шидтэй гэдэгт итгэх боллоо.
Тоглоомын тухай эртний түүхийг сөхвөл МЭӨ 10,000-20,000 жилийн тэртээ хүүхдүүдийн хамгийн түгээмэл тоглоом нь саваан хүүхэлдэй, жижиг модон жад байсныг нотлох баримт буй. Түүнчлэн Нью-Йоркийн Метрополитан урлагийн музейд МЭӨ тавдугаар зууны үед хамаарагдах Стикс голыг гаталж үхэгсдийн ертөнц рүү явж байгаа хүү нэг гараараа ээжийгээ зуурч, нөгөө гартаа тоглоомон тэрэг барьж буйг дүрсэлсэн зурагтай дашмаг байдаг аж. Энэ нь бидний орчин цагийнх гэж боддог тоглоом ч хүн төрөлхтний түүхэнд бүх цаг үеийг туулан оршсоор ирснийг илтгэнэ.
Орчин цагийн хуванцар болоод цахилгаан тоглоом шүтэгчид ирэх 30 жилийн хугацаанд тэдгээр тоглоомуудаар дамжин хүүхдийн тархины хөгжил дээд түвшиндээ хүрнэ гэж итгэдэг. Тэгвэл Харвардын хүүхдийн сэтгэл мэдрэлийн эмч 1996 онд өгсөн ярилцлагадаа тоглоом хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа үйл явцыг судлахад хоёр, гурав, дөрвөн настай хүүхдүүдийн тархины бүтэц нэг их өөрчлөгдөөгүй тухай дурджээ. Өөрөөр хэлбэл, тоглоом ашиглаж хүүхдийн тархийг эрт хөгжүүлэх оролдлого эргэлзээтэй гэж үзсэн хэрэг. 1980-аад оны дунд үед түүхэн дэх хамгийн шилдэг тоглоом судлаач гэж хүндлэгдэж байсан Брайн Саттон Смит тоглоом болон амжилт хоорондоо холбоотой эсэхийг нотлох маш бага баримт байдгийг хэлжээ. Бүрэн дүүрэн нотолгоо үгүй байхад л бид тоглоом хүүхдийн ирээдүйн амжилттай холбоотой гэдэгт итгэсээр ирсэн гэсэн үг.
1990-ээд оны сүүлээр Америкт боловсролд суурилсан тоглоомын зах зээл огцом өсөлтийг харуулжээ. Боловсролд түшиглэсэн тоглоом хүүхдүүдэд хэрхэн тоолох, үсэг нүдлэх, өнгө нэрлэхийг зааж болох ч сургууль бол тэдний хувьд том чиглүүлэгч тул сургуулийн өмнөх насны хүүхдүүд дүүргэхээ хүлээж буй хоосон савнаас ялгаагүй гэж үздэг. Боловсролд зориулсан гэж нэрлээд байгаа тэдгээр тоглоомуудын бас нэг дутагдал нь хүүхдэд өөрөө юмыг хийх, сэтгэн бодох тал дээр тийм ч их зүйл сургадаггүй. Олон мэдээлэл агуулсан ч үр дүнгүй боловсролд зориулсан тоглоомуудаас илүү хүүхдүүд дэлхий ертөнцийн биширмээр нарийн төвөгтэй байдлыг судалж болно шүү дээ. Хүүхдүүд дотоод сэтгэлээ илэрхийлэхээс урьтаж танин мэдэж, ойлгоход цагаа зарцуулах нь үр дүнтэй байж болох юм.
Зүүн Коннектикут мужийн их сургуулийн бага насны хүүхдийн боловсролын төвийн 10 жилийн хугацаанд үргэлжилсэн судалгаа 2010 онд эхэлжээ. Тухайн үед тоглоомын талаарх оновчтой судалгаа тийм ч их байгаагүй юм. Тус төвийн захирал Жулиа Делапп хүүхдүүдийг 100 гаруй төрлийн тоглоомоор хэрхэн тоглохыг ажиглахад лего шиг олон хэсэгтэй болон чөлөөтэй сэтгэж өөрийн дураар тоглож болох сэтгэхүй хөгжүүлэх нээлттэй төрлийн тоглоомууд хамгийн сайн үр дүнг харуулжээ. Тэдгээр тоглоомуудаар тоглоход хүүхдүүд илүү бүтээлч болж, асуудал шийдвэрлэхэд оролцож, үе тэнгийнхэнтэйгээ харилцаж, хэл яриагаа хөгжүүлж байжээ. Тухайлбал энгийн модон кассын бүртгэлийн машинаар хүүхдүүд тоглохдоо юм худалдаж авах, зарахдаа илүү их харилцан яриа өрнүүлдэг бол хуванцар цахилгаан кассын бүртгэлийн машин дээр товчлуур дарах бүрт ямар нэг үг, дуу чимээ гарснаар хүүхдийг бусадтай харилцахаас илүү товчлуурыг ахин дахин дарахад анхаарлаа чиглүүлж байжээ. Уг судалгааны дүнд хүүхдэд зориулсан хамгийн шилдэг тоглоом бол саваа, хавтан, хүүхэлдэй, элс зэрэг сэтгэхүй хөгжүүлэх тоглоом болохыг зөвлөжээ. Хүүхдүүд дуугардаг товчлууртай цахилгаан тоглоомуудыг нэг хоёр удаа тоглоод уйдаж, удалгүй өөр зүйлд сатаардаг байна.
IDEO консалтинг компанид 15 жилийн турш ажилласан Власта Коморус Кинг хүүхэлдэйгээр тоглож байсан охины тухай нэгэн түүхийг өгүүлжээ. Охин хүүхэлдэйгээ гонсойх үед аргадахын тулд хүүхэлдэйдээ нохойн гөлөг өгсөн байна. Харин цахилгаан тоглоомоор тоглож байсан хүү бэрхшээл тулгарахад ээжээсээ шинэ баттерей нэхжээ.
The Guardian сонины сэтгүүлч Алекс Бласдел эцэст нь зургаан настай хүүгээ Харвардад тэнцүүлэхийн тулд сэтгэхүй хөгжүүлэх тоглоом нэг арга нь юм гэдгийг ойлгожээ. Сургуулиасаа ирээд хүү нь гэрийн даалгавраа хийснийхээ дараа гал тогоонд орж, өнгөрсөн зул сарын баяраар гэр бүлийн найзынх нь авчирсан бяцхан модон шоколад болон ванильтай мөхөөлдөсний лангуугаар тоглодог байна. Энэ үед хүүхэд анхаарлаа нухацтай төвлөрүүлж байгаа нь ажиглагджээ. “Тоглоомын түүх бол хүүхдэд өөрөө нурааж, өөрөө дахин барих чадварыг сургах түүх юм. Би энэ тоглоомыг чамд хөрөнгө оруулахаар өгье. Харин чи явж өөрийнхөө хүссэнээр тогло” гэж тоглоомын ертөнцийн номлогч Брайн Саттон Смит 2015 онд насан эцэслэхээсээ өмнө хэлсэн билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Ee 24 өдрийн өмнө
Bolovsrol iin togloom bh ni
1 0 Хариу бичих