Араб маягийн ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ

Ердөө хагас зууны хугацаанд элсэн цөлөөс газрын тосны эзэнт гүрэн болтлоо дэвжиж хөлжсөн Саудын Арабын байгалийн баялагаас илүүтэй хааны гэр бүлийн нууцлаг амьдрал олны анхаарлыг татдаг.

Эдүгээ 86 нас сүүдэр зооглоод буй хаан Салман бин Абдул-Азиз өнгөрсөн зун угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманыг Ерөнхий сайдаар томилж, ураг удмынхаа өнө удаан засаглах эрхийг дахин баталгаажуулав. Ханхүү 2017 онд угсаа залгамжлагчаар нэрлэгдсэн цагаас Шадар сайд,Батлан хамгаалахын сайд нэртэй ч угтаа хэмжээгүй эрхт эзэн сууж улсаа шууд захирч эхэлсэн билээ. Исламын хатуу дэг жаягт салхи оруулж газрын тосноос хэт хамааралтай Арабын эдийн засгийг солонгоруулах шинэчлэл эхлүүлсэн ханхүүгийн нэр хүнд жилээс жилд өсөж буй ч ойр төрлүүдийнхээ дунд цусан зам татуулан эрх мэдлийн оргилд мацах бараан түүх нь зузаарсаар.

Ирээдүйн хааны ирт савраас дутааж Европт дүрвэсэн хааны гэр бүлийн нэгэн гишүүн “Түүнийг эсэргүүцэж зүрхэлсэн хэн бүхний толгойд эрт орой хэзээ нэгэн цагт сэлэмний үзүүр хүрнэ. Арабын ирээдүй айдас, дарангуйлал дор мөхөж байна” хэмээн өгүүлжээ. 

Хүний эрхийн хоёр ч байгууллагын бэлтгэсэн тайланд өгүүлснээр 2015- 2022 оны хооронд Саудын Арабт жилд дунджаар 129 цаазаар авах ял гүйцэтгэсэн аж. Энэ нь 2010- 2014 онтой харьцуулахад даруй 80 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд нэг өдрийн дотор 81 хүн цаазлуулсаны дотор гадаадын дэмжлэгтэйгээр террорист бүлэглэл байгуулсан хэрэгт буруутгагдсан шийт шашинтнуудын зэрэгцээ ханхүүгийн ойрын дайсан, тэрс үзэлтэн нэр зүүсэн үеэлүүд нь ч бий. 

 Сүүдэрт үлдсэн угсаа залгамжлагч

Том ах Абдаллагаа үе залган 2015 онд хаан ширээнд суусан Салман бин Абдул-Азиз эхэндээ үеэл Мохаммед бин Найефыг албан ёсны угсаа залгамжлагчаар зарлаж байв. Ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн сайдын албыг хавсран гүйцэтгэдэг Найеф 2017 оны зургаадугаар сарын 20-ны шөнө өөрийнхөө шууд захиргаанд ажилладаг хүчний байгууллагынханд баривчлагдан гэрийн хорионд оров. Маргааш нь хаан өөрийн долоо дахь хүү Мохаммед бин Салманыг угсаа залгамжлагчаар томилсон шийдвэрийг Хааны итгэлт зөвлөлийн 34 гишүүний 31 нь дэмжлээ. Үүнээс 14 хоногийн өмнө хөрш Катарт хориг тавих асуудлаас болж хааны гэр бүлийн далд зөрчил ил гарч ирсэн юм. Найеф хэдийгээр хуучинсаг үзэлтэй ч Катарын асуудал дээр дипломат арга барилыг илүүд үзсэн бол Мохаммед бин Салман шууд зэр зэвсэг агсахыг санал болгожээ.

Ордны харуулуудад баривчлагдсан тэр шөнө Найефыг огцрох бичигт гарын үсэг зурж, шинэ угсаа залгамжлагчид үнэнч байхаа тангараглах “татгалзахын аргагүй санал” тавьж олон цагаар өрөөнд хорьжээ. Найеф эхэндээ эрс татгалзсан ч ханхүүгийн шадар цэргүүд гэр бүлийн эмэгтэй гишүүдийг нь хүчирхийлнэ хэмээн сүрдүүлж цусны даралт болон чихрийн шижингийн эмийг нь хураан авлаа. Хордохоос айхдаа ус балгахаас ч татгалзсан угсаа залгамжлагч өглөө гэхэд бууж өгсөн юм. Тухайн үед Саудын Арабын телевизүүдийн дамжуулсан бичлэгт гарцаагүй байдалд орсон хунтайжийн нуруун дээрх угсаа залгамжлагчийн алтан эмжээрт нөмрөгийг хаан яаравчлан тайлж буй дүрсийг товчхон харуулжээ. Камер эргэхэд Найеф үеэл дүүгийнхээ өвдөгийг үнсэхээр доош бөхийнө. 

“Үнэнч байхаа тангараглах үед нуруунд минь буу тулгасан байсан” хэмээн Найеф ойрын зөвлөхдөө хожим өгүүлжээ. Гэхдээ ширээ шилжүүлснээр үлгэр төгссөнгүй. Ханхүү Мохаммед бин Салманы тушаалаар байгуулагдсан Авлигын эсрэг хороо Найеф болон түүний гэр бүл, ажил хэргийн хамтрагчдыг мансууруулах бодист донтон үндэсний ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан хэмээн мөрдөн шалгах боллоо. Таван сарын дараа төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр олон ханхүү, садан төрөл, төр, бизнесийн хэдэн зуун хүнийг баривчлан гэрийн хорионд оруулсан угсаа залгамжлагчийн “ан ав” өдгөө ч үргэлжилсээр. 

  2017 оны сүүлээр Найефын гэрийн хорионд байх нөхцөл суларсан ч хаант улсаас гарахыг хориглосон хэвээр байлаа. Он солигдохын өмнө Женев дэх HSBC банкан дахь өөрийн хадгаламжийг Саудын Арабын данс руу шилжүүлэхийг хүссэн ч Европ дахь түүний өмгөөлөгчид ханхүүг дарамт шахалтын дор захидал бичсэн хэмээн сэжиглэдэг. Түүний Европ болон АНУ дахь нийт хөрөнгийн хэмжээ тодорхойгүй ч ойролцоогоор 6 тэрбум ам.доллартай дүйнэ гэж үздэг. Хаан ширээнээс татгалзсанаар урамшуулал авч, хөрөнгөө зузаатгаж чадна хэмээн найдаж байсан Найефын хүсэл талаар болж гэрийн хорионоос ангижрахын тулд 17.8 тэрбум риал буюу 4.75 тэрбум долларын хөрөнгөө улсдаа “тушаажээ”. 2018-2019 онд харьцангуй эрх чөлөө эдэлсэн хунтайж өөрийн дуртай шонхрын ангаар хөөцөлдөж өнөр өтгөн хааны гэр бүлийн хурим, оршуулгын ёслол дээр үзэгдэх болов. Гэтэл 2020 оны гуравдугаар сард түүнийг Эр-Рияд хотын захад байрлах харшаас нь дахин баривчилж цагдан хорилоо. Түүнтэй нэг өдөр Саудын Арабын бас нэгэн дээд албан тушаалтан, хааны төрсөн дүү, хунтайж Ахмед бин Абдул Азизыг мөн баривчилсан юм. Саудын Арабын эрх баригчидтай ойр эх сурвалж хааны гэр бүлийн доторх сахилга батыг мөрдүүлэх үүднээс хоёр хунтайжийг “тусгаарлах” арга хэмжээ авсан хэмээдэг. Харин Европт төвтэй эх сурвалжийн нотолсноор зургаан сар гаруй ганцаар хоригдож эрүүдүүлсэн Найеф шагай нь бэртэн, маш ихээр жин хассаны дараа Ямама ордонд шилжүүлж гэр бүлийн зарим гишүүдээс бусад хүнтэй харилцах, ордны тиг горьтогоос гадуур явахыг хоригложээ. 2021 оны хавар Европ дахь банкирууд болон хуульч руугаа хөрөнгө шилжүүлэх шинэ хүсэлт явуулснаас хойш сураг алдарсан угсаа залгамжлагч асан одоо амьд эсэх нь тодорхойгүй. 

Хаан угсаа залгаж, газрын тосны баялгийн түлхүүр атгах ирээдүй нь бөхсөн түүнтэй ойр шадарлаж явсан Саудын Арабын Тагнуулын газрын дарга асан Саад Альжабри өнгөрсөн жил өнөөгийн угсаа залгамжлагч Мохаммед бин Салманыг сэтгэцийн өвчтэй хэмээн зарлаж байв. 2017 оны ордны эргэлтийн өмнөхөн Канад руу зугтан гарч, хожим АНУ-д суурьшсан Саад Альжабригийн хэлснээр ханхүү төрийн эрхийг авахын төлөө төрсөн эцэг хаан Абдул-Азизыг ч хөнөөж чадна гэдгээ ил цагаан сайрхдаг нэгэн тул өрсөлдөгчид нь цусан төрөл байсан ч амьд тэсэж үлдэхгүй нь лавтай. 

Шинэ Арабын архитектор

Сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагыг захиалсан хийгээд Йемен улсад өдүүлсэн дайныг санаачлагч хэмээн цоллуулдаг байсан ханхүү Мохаммед бин Салман ийнхүү үнэмлэхүй эрх дархаа баталгаажуулж нэгэнт чадсан тул дотоод талаасаа түүний замд юу ч саад болохгүй. Тэр бүү хэл дарангуйлагчтай бизнес хийсэн нэр зүүх эрсдэлийг үл харгалзан Уолл Стритийн баячууд ханхүүд нэр тал олохоор хошуурах боллоо. Саудын Араб дахь хүний эрхийн зөрчилд шүүмжлэлтэй ханддаг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн зун Эр-Риядад айлчилж ханхүүтэй биечлэн уулзсан бол Владимир Путин түүнтэй “ОПЕК+” газрын тос олборлогчдын бүлгийн хүрээнд цаашид хамтрахаар найр тавих болсон. БНСУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд ар араасаа Арабт айлчлан дипломат түншлэлээ шат ахиулж буй нь дайн дажинтай, эрчим хүчний зах зээл бужигнаантай цаг үед нефтийн найдвартай эх үүсвэрээ түших гэсэн эрмэлзлэл. 

Эцэг хаанаа бодвол илүү ардчилсан үзэл бодолтой Мухаммед бин Салманд Арабын залуу үеийнхэн их итгэл найдвар тавьж буй.

Шашны дэг журам сахиулах албаны эрх үүргийг хязгаарлаж, язгууртан гэр бүлийнхээ төсвийг танаж, Saudi Aramco газрын тосны компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргаж чадсанаас илүүтэй араб эмэгтэйчүүдэд автомашин жолоодох эрх олгосон нь ханхүүгийн олон улс дахь нэр хүнд өсөхөд эерэгээр нөлөөлсөн билээ.

Ашигт малтмалаас хэт хараат эдийн засгийн бодлогоо шинэчилж, газрын тос олборлох, боловсруулах үйлдвэрлэлтэй ямар ч холбоогүй 80 гаруй төсөл хэрэгжүүлэхээр зарласан ханхүү өнгөрсөн хугацаанд гадаадын компаниудад 2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй. 2030 он гэхэд Улаан тэнгисийн эрэгт 500 тэрбум долларын өртөгөөр Neom нэртэй нэн орчин үеийн хот байгуулах архитектурын төслөө угсаа залгамжлагч өнгөрсөн зун танилцуулсан. Асар урт хэвтээ цамхаг гэж төсөөлж болохоор шинэ хот элсэн цөл дундуур 500 метр өндөр шилэн ханан дээр 170 км урт үргэлжилнэ. 200 метрийн өргөнтэй хотын дагууд нэг ч автозамгүй зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг өндөр хурдны галт тэргээр зорчиж, хотыг бүхэлд нь хиймэл оюун ухаанаар удирдах юм. 

Уран зөгнөлийн хот сүндэрлүүлэх түүний зураг төсөл биеллээ олох хүртэл Саудын Араб дундад эртний балар суртахуунтай шашны нөлөөнд бүрэн автсан хэт хуучинсаг нийгэм гэсэн дүр төрхөөсөө бүрэн ангижрах биз. 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Маш зөв явж бгам бн энэ хүн

    1 1 Хариу бичих
  2. манай даварсан хэдэн хулгайч гэр булииг гишгэх хучин хэзээ гарч ирэх юм болдоо!

    4 0 Хариу бичих