“Траума” буюу айдсын хүлээс
Хэдэн мянган жил үргэлжилж буй хүн төрөлхтний эволюцийн явцад айдас бидний хөгжил, хувьсалд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Гэвч айдас яаж хүн төрөлхтөнд бүр мянган жил үргэлжилсэн эволюцийн түвшинд хүртэл нөлөө үзүүлсэн бэ гэдэг нь сонирхолтой асуудал. Хүн айдас мэдрэх үед бие организм “тэмц, эсвэл зугт” гэсэн хариу урвал үзүүлдэг аж. Уг хариу үйлдэл нь бидний заримд нь амьдрахын төлөө тэмц гэж тусдаг бол харин бусдад нь зугтах дохио өгдөг байна. Гэвч удаан хугацаанд айдас дунд байх нь траума буюу сэтгэлийн гэмтэл үүсгэдэг нь судалгаагаар нотлогдсон. Хамгийн сонирхолтой нь, айдсаас үүдэлтэй траума хувь хүнд төдийгүй нийгэмд ч үүсдэг. Өөрөөр хэлбэл, нийгэмд нийтлэг айдас бий болж, улс орны хөгжилд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх нь бий.
Улс үндэстэн бүхэнд айдсаас үүдэлтэй, харилцан адилгүй сэтгэл зүйн гэмтэл үүссэн байдаг аж. Энэ нь урт хугацаанд үргэлжилсэн сөрөг үр дагавраас хамааралтай айдсаас шалтгаалсан байх нь элбэг. Түүнчлэн траумагаас хамаарч улс үндэстний хэв маяг, соёл, хүн хоорондын харилцаа, хүмүүсийн үзэл бодол зэрэг нь өөр, өөрөөр төлөвшсөн байх нь ч бий. Тухайлбал, БНСУ-ын иргэд бие биетэйгээ “Хоолоо идсэн үү” хэмээн мэнд мэддэг. Энэ нь их өлсгөлөнг даван гарсан үндэстний траумагаас үүдэлтэй юм. Тэдний хувьд, өлсөхгүй, өлсгөлөнг мэдрэхгүй байх нь амьдралын чухал мөн чанарт тооцогддог аж. Хэдий идэж, уух нь элбэг нийгэмд амьдарч байгаа ч эрт үеэс мэдэрсэн сэтгэл зүйн гэмтэл нь өнөө ч бүрэн илааршаагүй байгааг мэндчилэх ёсноос нь харж болохоор байна.
Монголчуудын траума юу вэ?
Монголчуудын хувьд, өрөнд баригдаж, өтөнд идэгдэхээс хамгийн их айдаг. Үүнийг эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн зүйр цэцэн үгүүд хүртэл гэрчилнэ. Тухайлбал, монгол хүмүүс “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй”, “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” зэргээс үр хүүхдээ сургаж, хүмүүжүүлж ирсэн ард түмэн. Энэ нь манжийн дарлалын үеийн айдсаас үүдэлтэй. Тодруулбал, 1636-1911 оны үед манжууд монголчуудыг их хэмжээний өрөнд оруулж, түүгээр нь далимдуулан эрх чөлөөг нь хязгаарлах бодлого хэрэгжүүлж байсныг түүх судлаачид өгүүлдэг. Түүхэн эх сурвалжид ч тэмдэглэсэн байдаг. Үүний улмаас монгол хүмүүс өр тавьж, манжийн дарлал, дарамтад орохгүйг чухалчилж иржээ. Үүнээс үүдэлтэй айдас өнөө ч арилаагүй хэвээр байгаа бөгөөд өр тавихгүй амьдрах нь монгол хүний хувьд нэн чухалд тооцогддог.
Харин сүүлийн жилүүдэд дээрх хандлага арай өөрчлөгдөх шинж байдал ажиглагдсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй судалгааг МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн судлаач, эрдэмтэд хийжээ.
Судалгааны дүнгээр, монголчуудын таваас илүү хувь нь архинд донтох эсвэл ойр дотнын хэн нэгнийг архины хамааралтай болохоос айдаг болох нь тогтоогдсон байна. Мөн судалгаанд оролцогчдын олонх нь ядуурал, өрөнд орохоос айдаг гэж хариулжээ.
Тэгэхээр монголчуудын эртнээс уламжлагдсан траума буюу сэтгэл зүйн гэмтэл өр байсан бол сүүлийн жилүүдэд энэ нь архи болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй болж өөрчлөгдөж байгааг судалгаанаас харж болохоор байна.
Гэвч угтаа ядуурал, өрөнд орох, архины хамааралтай болох зэрэг айдас нь нэг нэгэнтэйгээ салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, архинд орсноор ядууралд өртөх эрсдэлтэй. Ядууралд өртвөл өр тавих магадлал нэмэгдэнэ.
Эдгээрээс гадна, монголчууд үр хүүхдээ хангалттай боловсрол, мэдлэгтэй болж чадахгүй байх вий гэдгээс айж, шаналах хандлагатай байдаг. Энэ нь эцэг, эхчүүдийн хүссэн мэргэжлээрээ боловсрол эзэмшиж чадаагүй трауматай нь холбоотой байх магадлалтай юм. Улмаар өөрийнхөө хүслийг хүүхдээрээ биелүүлэх оролдлого хийх нь элбэг.
Айдас хэнийг ч ялгахгүй
Улс үндэстэн болгон өөр өөрийн гэсэн айдастай талаар өмнө өгүүлсэн. Өндөр хөгжилтэй орон, ядуу буурай орон гэдгээс үл шалтгаалан тэд ямар нэгэн айдастай болсон байдаг. Тэгвэл дэлхийн улс орнуудын иргэд юунаас айдаг талаарх сонирхолтой судалгааг олон улсын судлаачид хийжээ. Тодруулбал, АНУ-ын Gallup судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар хүмүүсийн хамгийн их айдас төрүүлдэг зүйлсийг жагсаасан байна.
- Террорист халдлага
- Дайн - Хүчирхийлэл
- Эрүүгийн хүчирхийлэл
- Алдаа гаргах - Үхэл
- Аалз буюу жижиг амьтан
- Ганцаараа үлдэх
- ДОХ
- Цөмийн дайн
- Ирээдүйд юу болохоос айх айдас
Эндээс дэлхийн ихэнх улс орны иргэд амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлээс болон дайн самуун, улс орон хоорондын зөрчилдөөн зэргээс айдаг болохыг харж болохоор байна.
Хувьсахуй...
Монголчуудын өр, зээлээс дайжих үзэл бүрэн арилж, бүтэн ангижирч чадах эсэх нь эргэлзээтэй. Нэг үеэ бодвол энэхүү үзэл бага зэрэг өөрчлөгдсөн байж болох ч бүр мөсөн арилах эсэх нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотой ойлголт юм. Өөрөөр хэлбэл, айдас, үзэл бодол нийгмийн өнгө төрхөөс шалтгаалж өөрчлөгдөх, багасах боломж бий.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 23 өдрийн өмнө
Арга ядсан үед зээл ав
0 0 Хариу бичихHaramsahguie 24 өдрийн өмнө
Aigad baival biylne. Aih hereggui. Aidsaa davbal Az jargaltai bolno. Gehed aij yvbal ami nd olziite.
1 0 Хариу бичих