ӨӨРӨӨС ЭХЭЛЬЕ: Музей үзэх соёлд суралцахуй

Соёлын яамнаас “Музейн нээлттэй өдөр”-үүдийг зохион байгуулж гуравдугаар сарын 1-5-нд улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Энэ нь музей үзэх соёлыг дэлгэрүүлж, залуу үеийнхэнд түүх, уламжлал, өв соёлоо таньж мэдэх боломж олгох давуу талтай болохыг албаныхан мэдээлээд буй. 

Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр л гэхэд 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан байна. Харин тус арга хэмжээний хоёр дахь өдөр буюу өчигдөр үүнээс ч олон хүн музей үзсэн нь лавтай. Учир нь зөвхөн өндөр настан, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд л үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой гэж байсан "Чингис хаан" музей бүх иргэнд үнэгүй үйлчлэхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор иргэд тус музейг үзэхээр урт дараалал үүсгээд амжсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Соёлын яам соёлд суралцъя

Иргэд өөрсдөө хийгээд үр хүүхдэдээ соёл, түүхээ таниулахын тулд музей үзүүлэхээр эрмэлзэж буй нь сайн хэрэг.  Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагааг гэнэт ийн зохион байгуулах нь музейн ажилчдад ачаалал үүсгэх, үзмэрүүдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөг зэрэг олон эрсдэлт үр дагавартай. Түүнчлэн музейг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэний улмаас авто замын ачаалал эрс нэмэгдлээ. 

Эдгээр хүндрэлийг тооцоолж, зохицуулалт хийх боломж бодлого тодорхойлж буй яаманд байсныг энд дурдах нь зүй. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулж, иргэдэд долоо хоногийн турш бүх музейг үнэгүй үзэх боломж олгож байв. Гэвч тооцоо, судалгаагүй ийм арга хэмжээ зохион байгуулсны улмаас музейн ачаалал таазандаа тулж, нэг дор хэт олон хүн цугларсны балгаар үзмэр тайлбарлах, бүтээлүүдээ таниулах ажил хойш тавигдаж, үзэгчид ч ая тухтай үйлчлүүлэх боломж хязгаарлагдсан юм.

Тухайн үед энэ талаар музейн ажилчид өгүүлж байсан бөгөөд дараа энэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа эдгээр хүндрэлийг анхаарахыг сануулж байсан юм. Тухайлбал, Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Иймэрхүү үйл ажиллагаа гэнэт хийснээр музейд ажиллаж буй боловсон хүчний тоо цөөн учир хүн хүчний тоо дутсан хүндрэлүүд гарсан. Дээр үеийн картны барааны үед бий болдог байсан урт дараалал, шахцалдаан шиг л зүйл болсон. Мөн манай үзэгчдийн соёл маш тааруу байгаа нь харагдлаа” гэж хэвлэлд өгсөн мэдээлэлдээ өгүүлж байв. 

Харин  Монголын Үндэсний музейн Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяр “Музейн ажиллах ачаалал давсан. Үзэгчдийн хувьд ч мөн ая тухтай үйлчлүүлэх бололцоог хангах боломжгүй болсон. Насны ангиллаар өдөр өдөрт нь хуваасан бол илүү замбараатай байх байсан болов уу. Ирэх жилүүдэд илүү сайжруулна гэж найдаж байна" гэж мэдээлж байв. 

Гэвч таван жилийн дараа энэ үйл ажиллагааг дахин зохион байгуулахдаа дээрх хүндрэлийг мөн л тооцоолсонгүй. Сүүлийн хоёр өдөр музейг зорих хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь болон музейн гадна дугаарлаж буй залуусын урт цуваа үүнийг илтгэж байна. Түүнчлэн иргэд музейн үзмэрт хүрэх, гэмтээх, музей дотор ууж, идэх зүйлс авч орох зүй бус үйлдэл гаргах тохиолдол элбэг байгаа аж. Энэ талаар "Чингис хаан" музейн Аюулгүй байдал үйлчилгээний хэлтсийн дарга Б.Адьяахүү "Монгол Улсын хамгийн хосгүй, сайхан зүйлсийг  үзэсгэлэн болгож тавьдаг. Гэтэл өчигдөр музей үзэгч нэг шил хагалсан. Тус шилийг БНСУ-аас захиалч авчирсан. Их үнэтэй. Мөн хана туурга баллах сохлох зэрэг үйлдлийг хүмүүс өдөр бүхэн гаргадаг. Зажиллаж байсан бохио хүртэл энд, тэнд наачихдаг. Уг нь манайх 10 хүүхэд тутамд нэг асран хамгаалагч дагах дотоод журамтай. Гэтэл нэг ангийн 20 хүүхэд багштайгаа хүрээд ирдэг" гэв. 

TIP: Музей цаг нөхцөөх газар биш

Музей гэдэг бусад үзвэр, үйлчилгээний байгууллагаас тэс өөр. Тэнд соёлын өв, улсын түүхэн, дурсгалт эд өлгийн зүйл хадгалагдаж байдаг. Түүнчлэн үзмэр бүхэн нь давтагдашгүй, орлуулшгүй үнэ цэн, утга учиртай. Тиймээс музей нь тухайн үзэгчээс зайлшгүй соёл, ухамсар шаардана. Аягатай ундаа, амттан шимттэн идэнгээ эсвэл зураг, бичлэг хийж, цахим орчинд цацах зорилгоор музей үзнэ гэдэг яав ч зүйд нийцэхгүй. Үүнийг музейн ажилчид, урлаг судлаач, мэргэжилтнүүд ч хэлдэг. 

“Чингис хаан” музей нээлтээ хийгээд удаагүй байхад тус музейн ажилтан олон нийтэд хандаж, музей үзэх соёлд суралцахыг уриалж байв. Улмаар музей үзэхдээ юу анхаарах тухай зөвлөгөөг цахим хуудсаараа дамжуулан хүргүүлснийг уншигчдадаа танилцуулья.

Музей кино театр биш

Музейн үзмэрийн танхимд уух шингэн, идэх зүйлсийг дэлхийн бүх улсад адил хориглодог. Учир нь хоол хүнсний бүх төрлийн үлдэгдлээс болж элдэв хорхой шавьж үүрлэх боломжтой. Үзмэрийн хорго, эд өлгийн зүйлсийг хоол хүнсээс тусгаарладаг гол шалтгаан энэ. Музей бол кино театр биш.

Музей гудамж талбай биш

Овор ихтэй үзмэрүүд бусдын гарт өртсөөр унаж хүн гэмтэх, эвдэрч муудах аюултай. Тиймээс үзмэрт битгий хүрээрэй. Музей бол гудамж талбай биш.

Музей хоолны газар биш

Үзүүллэгийн танхимд ороогүй хэр нь хоолны газар, цайны газар, ус, ундаа нэхдэг. Нэг давхраас тасалбар авахдаа энэ бүхнийгээ зохицуулж орж ирэх нь зүй. Музей бол гуанз биш.

Музей фото студи биш

Танхимд зураг дарах бичлэг хийхийг хориглодог. Соёлын хосгүй үнэт өвүүд, Монгол улсынхаа эрдэнэсийн сан болсон үнэт үзмэрийн зураг дарах гэж улайрах нь учир дутагдалтай. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Юм үзэхээрээ л юм идэж уух ёстой гэдгээ больчихвол

    0 0 Хариу бичих
  2. музей ч яамай байнаа, эхлээд гарцаар дүрмийн дагуу гарахыг сурах нь чухал байна, машин жолоодож яваа нь ч гэсэн явган зорчигчдыг хүндэлж сурмаар бна

    0 0 Хариу бичих
    • Музей ч бас чухал шүү!

      0 0