-“Овоо шаар”-уудад хариуцлага тооцож чадах ёстой-
Төрийн өндөрлөгүүдийн хэлсэн үг биелэлээ олж, оффшорын хууль батлагдвал зарим эрхмүүд УИХ-д нэр дэвших жагсаалтаас хасагдана. Одоогоор УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын мэдэгдлээр бол УИХ-ын гишүүн С.Баярцогт сонгуульд нэр дэвшихээргүй болж байна.
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрөөс хөндийрч, оффшор дансаа шалгуулахыг зөвлөсөн нь олны талархлыг хүлээгээд буй. Дарханчуудын индэр дээрээс Ерөнхийлөгч энэ талаар тун ч зоримог хэлсэн.
Тэрээр "Миний зүгээс С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. "Чи сонгуульд нэр дэвших ээ болио. Чи хариуцлага хүлээх ёстой. Чиний өнөөдөр их хурлын гишүүн, сайд хийгээд явж байгаа чинь монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ монголын төр салж чаддаг байх ёстой" гэж хэлж байгаа шүү. Энэ бол миний байр суурь. Энэ хүний тухайд нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрсөн бол дахиж их хуралд нэр дэвших хэрэггүй гэж харж байгаа" хэмээсэн бичлэг нь олон нийтийн сүлжээнд бий.
Ерөнхийлөгчийн хувьд Монголын төр оффшор данстай хүмүүсээсээ ангижирч чаддаг байх ёстой гэх хатуу байр суурьтай байгаа бололтой. Харин УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын хувьд С.Баярцогтыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ“Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэлчихэв.
Мөн тэрээр “Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж эхлэнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч уриалж байна” хэмээгээд АН нэр дэвшүүлэхгүй МАН яах вэ гэх асуултыг дайсан жиргээг нийтэлжээ.
Үүний дараа иргэд З.Энхболдын үг хэрхэн биеллээ олохыг хүлээж байгаа тухай жиргэж эхэлсэн. Гэхдээ үнэн эсэхийг нь цаг хугацаа харуулна.
5.23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж эхлэнэ. Офшор бүсэд данстай хүнийг Ардчилсан Нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намуудыг уриалж байна. — Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) May 21, 2016
Хэрэв тэдний хэлсэн нь биеллээ олвол С.Баярцогтын улс төрийн карьер сонгуулиас өмнө дуусах бололтой.
Түүнчлэн Оффшорын хууль батлахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр оффшортой холбоотой хүмүүсийн нэрс тодорч эхлэх үед энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай улс хууль тогтоомжоо чангатгаж, хүмүүстэйгээ хариуцлага тооцохын тулд эхний ээлжинд төрийн албан хаагчид оффшор гэдэг эргийн гаднах үйлчилгээ авдаг байдлыг хориглох ёстой. Хууль батлахыг дэмжиж байгаа” хэмээн жиргэж, олон нийтээс энэ талаар санал авч эхэлсэн.
Эргийн гадна/offshore/ асуудалд Монгол улс онцгой анхаарах ёстой.Хуулийн зохицуулалт,хариуцлага,хяналт гээд.Санал байвал ийш: #offshoresanal — Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) May 11, 2016
Хэдийгээр төрийн өндөрлөгүүд ингэж мэдэгдсэн ч манай улсын хууль хяналтын байгууллагынхан ямар ч тайлбар хийхгүй, таг чиг байгаа нь хачирхалтай. Ямартай ч АТГ иргэний гомдлын дагуу нэрс нь илэрсэн 49 хүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.
-Оффшорын хууль батлагдвал зарим хүн улстөрөөс явна-
Гадны орнуудад оффшор данс нь илэрсэн улстөрчид эхнээсээ огцорч, дансаа шалгуулж байгаа гэх мэдээлэл гарч байхад манай улсын оффшортой холбогдсон улстөрчид бүгд “үгүй, андуурал” гэж мэдэгдсэн.
Сонгууль ойртож, үнэн мөнийг ус агаар шиг хүсч буй энэ үед олон нийт оффшорын асуудалд шийдэл хүссээр байна.
УИХ-ын хэд хэдэн гишүүн Оффшор дансны тухай хууль санаачлах талаар ярьж эхэлсэн. Г.Уянга гишүүн ямартай ч энэ асуудлыг цэгцлэх хуулийн гурван төсөл санаачилснаа мэдэгдээд буй.
Төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн 3 сарын хугацаанд гадаадад байгаа бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох ёстой.
Тэрээр хуулийн төсөлдөө төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах тухай тусгасан байна. Мөн оффшор данс, оффшор компаниуд ил тод байдлын тухай хуулийн төсөлдөө төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн 3 сарын хугацаанд гадаадад байгаа бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгож, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгажээ.
Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох аж.
Хэрэв гишүүдийн санаачилсан хууль УИХ-ын сонгуулиас өмнө батлагдвал зарим нэр дэвшихээр горилогчид улс төрөөс хөндийрч мэдэхээр байна. Тухайлбал, хувьдаа томоохон компанитай болон энэ асуудалд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь холбогдсон хүмүүсийн боломж хязгаарлагдаж мэднэ. Манай улсаас 49 хүний нэр давхардсан тоогоор илэрсэн. Энэ тухай бид өмнө нь нийтэлсэн. ЭНД дарж үзнэ үү.
Тусгайлсан хууль батлуулахгүй бол Авлигын эсрэг хуулиар эс бөгөөс татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцох механизм манайд бий.
Тэгвэл гадны улсуудад оффшор данстнуудтай хэрхэн тэмцэж, хуулийн ямар хариуцлага тооцож эхэлсэн тухай сайн жишээнээс эш татъя.
-Гадны орнууд оффшор данстнуудад хэдийнэ хариуцлага тооцоод эхэлжээ-
Зарим улс орон оффшор буюу нууц дансыг хууль бус гэж үзээд хуулиар хориглодог, Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулан оффшор дансанд хадгалах нь хориотой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд оффшор данстануудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн байна.
Исланд
Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассоны оффшор данс илэрсэн явдалд тус улсын иргэд ихээр дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлээд байна. Исланд улсын эдийн засаг хямралд орж, дампуурлаа зарласан энэ үед ерөнхий сайд нь оффшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцэж жагсаал хийснээр Ерөнхий сайдаа огцруулсан. Мөн оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориаг ажлаас нь чөлөөлжээ.
Орос
Оффшор данс түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь манай хойд хөрш болох ОХУ. Өнгөрсөн жил Оросын Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиараа хоригложээ.
Франц
Францын санхүүгийн хяналтын албанаас Панамын материалуудтай холбоотойгоор мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Францын Сангийн сайд асан Жером Каюзакын оффшор данс илрээд буй. Үүнтэй холбогдуулан оффшорын асуудалд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд татвараас зугтагчдыг шалгаж илрүүлэн зохих шийтгэлийг эдлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн.
Итали
Панамын материалууд алдагдсан тухай мэдээлэл дэлхий нийтэд анх цацагдсан өдрийн маргааш буюу энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Италийн Шүүхээс Санхүүгийн зохицуулах хороонд Панамын материалд холбогдсон тус улсын 800 иргэнийг шалгаж, байцаахыг үүрэгдсэн юм.
Австри
Австрийн Санхүүгийн зохицуулах хорооноос Панамын материалуудад холбогдсон тус улсын хоёр банкинд (Raiffeisenbank International (RBI), Hypo Vorarlberg) аудитын шалгалт оруулж мөнгө угаах хэрэгт холбогдсон эсэхийг шалгахаа мэдэгдээд байгаа юм.
Мөн АНУ, Канад, Энэтхэг, Украйн зэрэг улсын Засгийн газраас оффшор данстай нь илэрсэн иргэд, компаниуддаа хариуцлага тооцож, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгджээ. Япон болон БНХАУ-ын Засгийн газраас оффшор данстай улс төрчдийг нарийвчлан шалгаж эхэлсэн ба зарим албан тушаалтныг цагдан хориод байгаа аж.
Түүнчлэн Австри, Австрали, Энэтхэг, Бельги, Украин зэрэг улс оффшор данстай улстөрч, албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байна.
Оффшор бүс, оффшор данс нь хяналтаас гадна, нууц, далд байдагт оршдог. Нийгэм, эдийн засгийн харьцаа нь хоцронгуй хөгжилтэй, нийгэм, эдийн засгийн бүтэц, харьцаа нь төлөвшөөгүй манай улсын хувьд оффшор данс, оффшор компани гэдэг нь татвараас зайлсхийх төдий бус мөн хууль бусаар олсон байж болох орлогоо нуух хэрэгсэл нь болдог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэр ч утгаараа оффшор бүсэд байрлах их хэмжээний мөнгө нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгө байх магадлалтай гэж үзэж буй юм.
Тиймдээ ч сонгууль ойртсон энэ үед оффшор данстай эрхмүүд буюу нийтийн өгсөн нэршлээр “овоо шаар”-уудад хариуцлага тооцож, төрөөс холдуулах нь зүйтэй гэж олон нийт үзэж байна.
АН дэвшүүлэхгүй, МАН харин яах вэ? @MEnkhbold pic.twitter.com/e6Oyfq1xWb — Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) May 21, 2016