Босго давахын зовлон

Хотын төв хүмүүсийн мэддэгээр Фантамын урд талын замаар алхаж яваад гарцаар гарах гэж буй тэргэнцэртэй эмэгтэйтэй таарав.

Ногоон гэрэл асаж гэрлэн дохионы дуу түгшүүртэй гэгч нь хангинав. Хүмүүс бүгд л яарч, тэвдэн ногоон гэрлийн хугацаатай уралдан хурдан гэгч нь алхана. Тэр эмэгтэй ч бас тэргэнцрээ аль болох хурдан гэгч нь түрж байгаа харагдав. Гэвч замын талд ирэхэд хүмүүс бужигналдаж гэрлэн дохионы хугацаа дуусахад гуравхан секунд үлдлээ. Тэр яаж ч бодсон амжихгүй нь гэсэн бодлоор түүнийг би түрж гарцаар гаргаж өгөхөөр очив. Тэр эмэгтэй “Баярлалаа хүмүүс бужигналдаад гар чилээд балрах дөхлөө шүү” гэж хэлээд цаашаа явлаа.

Анзаардаггүй л болохоос энэ нийгэмд тэгш эрхээ эдэлж чадахгүй байгаа мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Цөөхөн хэсэг нь ажлын байраар хангагдана. Харин үлдсэн нь цоожтой хаалганы цаана үлдсэн хэвээрээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад таатай л байвал бүгдэд ээлтэй нийгэм болдог гэх ойлголт бий. Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. 

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн Д.Гэрэл

Гэрлэн дохио дуутай байх нь хараагүйчүүдэд бус анхаарал нь сарнисан нэгэнд, автобус налуу шаттай нь байх нь тэргэнцэртэй иргэдэд л бус хүүхдийн тэрэгтэй зорчих аав ээжүүдэд, автобус буудал зарлагчтай байх нь хараагүй нэгэнд бус цонх цантсан буудлаа харах боломжгүй үед жирийн иргэнд ч хэрэгтэй л байдаг. Ээлтэй нийгмийн төлөө би өөрийн чадах бүхнээ хийх болно.

 

Энэ эрхийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын гээд бүхий л эрхийг эдлэх эрхтэй. Гэтэл манай улсад энэ нь хангалттай хэмжээнд хангагдаж чадахгүй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд Монгол Улсад 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Үүнээс 34.8 мянга нь нийслэлд амьдардаг гэх тоо бий.

Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар олон хууль тогтоомж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн. Гэвч одоог хүртэл энэ олон хууль, төслүүд хангалттай хэмжээнд хэрэгжээгүй байна. Хангагдаагүй гэдэг нь нийгмийн дүр зураглалаас тод товруун харагдана.

ЖАЙКА-гийн ХБИ-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ахлах зөвлөх Чиба Хисао 

Төслийн хүрээнд бид суурь судалгаа хийсэн. Энэ судалгаагаар хамгийн том асуудал нь аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө гэдэг үр дүн гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад аж ахуйн нэгжүүдийн ойлголт маш сул байдаг нь хамгийн том бэрхшээл болдог. Ихэнх ажил олгогч чадваргүй, сул дорой, эрүүл мэндийн асуудалтай гэж үзэн ажилд авах дургүй байдаг. 

Энгийн жишээ дурдахад ихэнх орон сууцны цахилгаан шат хоёр давхарт зогсдоггүй, төрийн үйлчилгээг авах зам бартаа ихтэй. Банк санхүүгийн байгууллагад  дохионы хэлмэрч байдаггүй. Мөн улсын эмнэлгийн хувьд тэргэнцэртэй иргэдийг явуулах тусгай зам цөөхөн, ариун цэврийн өрөөний асуудал шийдэгдээгүй. Мөн тусгай шаттай газрууд нь эвдрэл гэмтэлтэй, хэт огцом өндөр энгийн хүн хүртэл унаж бэртэх хэмжээнд хийгдсэн байдаг.

Түүнчлэн хүмүүсийн өдөр болгон зорчдог нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай шат хүртэл байдаггүй гээд дурдаад байвал маш олон жишээ бий. Гэтэл тэдний хувьд бусад шиг хүссэн газартаа зорчиж, сурч боловсрох хэрэгцээ маш их. Тэдний өдөр тутмын амьдралд нөлөөлж буй жижиг том гэхгүй саад болж буй зүйлийн энгийн нэгэн жишээг авч үзье. 

Тэргэнцэртэй иргэдийг бусдын туслалцаа авахад хүргэдэг зүйл бол үүдний босго. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутамдаа олон босго давах шаардлагатай болдог. 

Тэд гэрээсээ гараад л орцны үүдний босго, эмнэлгийн үүдний босго, сургуулийн босго, төрийн байгууллагын гээд олон босготой тааралдана. Цаашлаад хөгжих, эмчлүүлэх, суралцахад хүртэл энэхүү өндөр босго саад болно. Монгол хүн уг нь босгон дээр гишгэхийг эрт дээр үеэс цээрлэж ирсэн. Гэтэл тэргэнцэртэй иргэдийн хувьд бол заавал босгон дээр дугуйгаараа гишгэж байж орж гарна. Ингэхдээ хүний туслалцаа авна. Ийнхүү бусдаас шалтгаалах шалтгаан гарч ирж бэрхшээл тулгарч буй учир хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд саадгүй эрх тэгш оролцож чадахгүй байгаа юм. 

Пара туялзуур сэлэмний тамирчин Б.Даваасүрэн 

Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай орчин, хүртээмж тун хомс. Өглөө гэрээсээ гарахаас эхлээд төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүртэл хүнд суртал, тусгай орчноос үүдэлтэй асуудал их гардаг. Хүн харахад налуу зам хийчихсэн юм шиг харагддаг ч тэр нь стандартын бус байх нь элбэг. Түүгээр нь ганцаараа байтугай хажуудаа хүнтэй байсан ч дотогш ороход хүндрэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хүртээмжтэй орчныг сайжруулах шаардлага байсаар байхад түүнд ач холбогдол өгч, сэтгэлээсээ хандах хүн цөөхөн. 

Хэн хэндээ ээлтэй 

Энэ мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд тэгш боломжоор хангагдахгүй байгаа нь тэднийг нийгмээс тусгаарлаж цоожтой хаалганы цаана үлдээх шалтгаан болж буй. Эцэст нь бид аливаа зүйлийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэдгээр нь ялгаж салгах бус бүх нийтээрээ саадгүй хэрэглэж болох байдлаар нь хийж өгөх сэтгэл хэрэгтэй байгаа юм. Үүнийг олон улсад Universal Design буюу Түгээмэл загвар гэж нэрийддэг. Хөгжилтэй орнууд ATM, нийтийн тээвэр, дэлгүүр, зам зэрэг гээд бүгдэд ээлтэй саадгүй байдлаар загварчилж хийж өгсөн байдаг. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад хүний адил нийгэмд адил тэгш оролцох боломж бүрдэж буй хэрэг. Тэдний эрхийг хангахад бүх шатанд, бүх салбарын, хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал хэвээр.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ардын нэр зүүж хулгай луйвар хийдэг улс төрчид нүдэн балай хэвээрээ

    0 0 Хариу бичих
  2. Хараагүй хүмүүсийн зам нь өвөл хараатай хүнийг хүртэл халтартуулж алангаа алдсан байдгийг энэ мулгуу дарга мэргэжилтэн нэртэй мануухайнууд мэддэг үү

    0 0 Хариу бичих
  3. Ярих ёстой асуудлыг ярьжээ

    0 0 Хариу бичих
  4. 100 айлын гүүрэн гарцны тэргэнцэртэй хүний шатыг харсан уу эрүүл хүн ч унаж үхэхээр эгц хаха дэндүү доромжилж байгаан шүү

    0 0 Хариу бичих
  5. УБ-т тэргэнцэртэй битгий хэл энгийн хүмүүс тухтай явахад төвөгтэй шүү дээ

    0 0 Хариу бичих
  6. Bidnii medhgvi jijkn garts hen negnii huwid mash tom sorilt bolj bn shuudee zow obtsg bn

    0 0 Хариу бичих